“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатыг эхлүүлнэ

0
293

Өнөөдөр Вируст Гепатиттай Тэмцэх Дэлхийн Өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа “Манай улсын хувьд 2017-2020 онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлснийг бид бүхэн мэдэж байгаа. Энэ хөтөлбөр нь монгол хүнийг гепатит вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нас баралтад хүргэдэг шалтгааныг бууруулах зорилготой юм.

Дөрвөн жил хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн хүрээнд гепатитын В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны Монгол Улсын 1.2 сая орчим иргэнээс 7.8%-д гепатитын В, 9.3%-д С вирусийн халдвар илэрсэн. Элэгний вирусийг оношилсны дараа халдвар илэрсэн иргэдийг хяналтад авч, эмчлэх нь нэн чухал асуудал.

В, С вирусийн эсрэг эмийг ЭМД-ын хөнгөлөлтөд оруулж, 29,729 иргэнийг гепатитын С вирусийн эсрэг, 22,466 иргэнийг В вирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан амжилттай хөтөлбөр болсон.

Харамсалтай нь өнгөрсөн хоёр жил ковидын цар тахлын улмаас хөтөлбөрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, тухайн үед оношилгоо, эмчилгээнд орсон байсан иргэд тогтвортойгоор хяналтаа хийлгэх ажил саатсан бэрхшээл учирсан.

Гэсэн ч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж байна. Одоо эхлүүлэхээр бэлтгэгдэж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатны гол онцлог нь:

  • Өмнөх хөтөлбөрт хамрагдсан иргэдийн эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, тогтворжуулах, бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
  • Дельта вирусийн халдварын оношилгоог шинээр хийх
  • Дельта вирусийн халдвар оношлогдсон иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулах

Дэлхийн жишигт нийцэж буй чанартай сайн эмийн зохицуулалтыг хийх, орчин үеийн эмүүд өндөр өртөгтэй тул олон улсын байгууллагууд болон үйлдвэрлэгчидтэй хамтран иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хүргэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.