НҮҮР Хүмүүс Ард түмний Ариунаа буюу П.Цэвэлсүрэн

Ард түмний Ариунаа буюу П.Цэвэлсүрэн

0
173

Бид “Хүмүүс” буландаа үе үеийн эрхэм уран бүтээлчдийг онцолсоор ирсэн билээ. Энэ удаад “Ардын элч”-ийн Ариунаа хэмээх дүрээр ард олонд алдаршсан Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэнг онцолж, амьдрал, уран бүтээлийнх нь талаар өгүүлье.

“Ардын элч”-ийн Ариунаа, “Тунгалаг тамир”-ын Долгор хэмээх дүрүүдээр хэр чансаатай уран бүтээлч болохоо батлан харуулсан Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумд малчин ард Пүрэвийн отгон охин болон мэндэлжээ.

Сайхан монгол эмэгтэйн дүр төрхийг цогцлоосон гэгддэг тэрбээр олон эгчтэй байсан бөгөөд том ах П.Бавуу нь Сангийн яаманд нэр хүндтэй эдийн засагч байсан гэдэг.

1951 онд Улаанбаатарт Санхүүгийн техникум төгссөн бөгөөд 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг дүүргэсэн.

Тэр Москвад Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн мэргэжлийн дуурийн дуулаач. Олон ч дуурийн гол дүрийг амилуулсан нэгэн.

Тэрээр “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита зэрэг сод бүтээлүүдийг гайхалтай амилуулжээ. 

Эдгээр дүрүүдээс онцолбол Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүр нь хамгийн шилдэг тэргүүлэх дүрээр тодорч байв.

1934 онд анх Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байсан бол 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор “Учиртай гурван толгой” өөрийн гэсэн ая, үгтэй болж, Монголын театр урлагт их олон шинэчлэлийг дагуулсан түүхтэй билээ. Тус дуурьд Халхын сайхан Юндэн гэж алдарш­сан Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв, Ц.Дагва­намдал, Монголын сай­хан Нансалмаа гэхээр Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Д.Пүрэв­сүрэн А.Загдсүрэн, А.Бүтэд, Х.Уртнасан гээд л үе үеийн гайхамшигтай дуучи­д дуулж байлаа.

П.Цэвэлсүрэн гуай Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцан 1965 онд төгсч ирээд Дуурь бүжгийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байв.

Ард түмний хайртай Ариунаа

Түүний дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээс “Ардын элч”-ийн Ариунааг онцлохгүй байхын аргагүй. Учир нь энэ л дүр түүнийг үзэгчдийн сэтгэлд мөнхлөн үлдээсэн төдийгүй манай жүжигчдээс анх олон улсын кино наадмын өндөр шагналыг эх орондоо авч ирсэн юм.

1959 онд Москвагийн анхдугаар олон улсын кино наадам болсон. Энэ наадамд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино амжилттай оролцож тэрбээр Ариунаагийн дүрээрээ мөнгөн медаль хүртсэн билээ. Зөвлөлтийн кино найруулагч, жүжигчин Сергей Бондарчук “Хүний хувь заяа” киноны Андрей Соколовын дүрээрээ тус наадмын шилдгээр тодорч байв.

“Ардын элч”-ийн ерөнхий найруулагчаар төрийн шагналт Д.Жигжид, зураглаачаар О.Уртнасан, зураачаар Л.Махвал, хөгжмийн зохиолчоор төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж нар ажилласан. Аргагүй л алтан үеийнхний бүтээл. Тийм ч учраас монголчууд бидний шимтэн үзсээр ирсэн уран бүтээлүүдийн нэг болж чадсан.

Түүний урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, 1976 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнан урамшуулсан байдаг.

Дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээс дурьдвал:

   1959 он “Ардын элч” Ариунаа

   1970 он “Тунгалаг Тамр-1” Долгор

   1974 он “Уулзалт” Дэжид

   1985 он “Фронтод явах өргөдөл” Пэлжид

   1989 он “Алтан шонхор” Будан мэргэний хатанд тоглосон байна.

Түүний дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээс онцлохгүй байхын аргагүй бас нэгэн дүр бол “Тунгалаг тамир” киноны Долгорын дүр билээ. Эрдэнэ гаднаас орж ирээд “Энэ үнэн үү” гэж асуухад “Үнээн” гэж ганцхан үгээр хариулдаг хэсэг киног үзсэн хэн бүхний санаанд ургаж буй гэдэгт итгэлтэй байна.

Тэрбээр 1982 оноос Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, дараа нь 1990 оноос Соёл, урлагийн дээд сургуулийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан билээ. Түүний олон шавь нь өдгөө бүтээлээ туурвисаар яваа.

Гарын шавь нарынх нь нэг болох МУГЖ Ч.Туул багшийнхаа талаар “Цэвэлсүрэн багш их даруу төлөв зантай, тогтуун, дөлгөөн хүн. Миний багш дуучин байгаад зогсохгүй дэлгэцнээ маш сайхан дүрүүдийг бүтээсэн. 30-аад жил дуурийн багшаар ажилласан. Багшийнхаа дөлгөөн зан чанараар ихэд бахархаж явдаг даа. Хүнлэг чанар нь миний сэтгэлд мөнхөд үлдсэн…” хэмээн дурссан байдаг.

“Миний ээж их зөөлөн зантай”

 П.Цэвэлсүрэн гуай нэрт зохиолч Чойжилын Чимид гуайн гэргий билээ. Дөрвөн сайхан охин төрүүлж өсгөсөн.

“Аргалын утаа боргилсон 
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог…” хэмээх Чимид гуайн “Би Монгол хүн” шүлгийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.  

Тэдний гэрээр Х.Зандраабайды, Д.Батбаяр, С.Эрдэнэ, Л.Хуушаан, Х.Уртнасан гуай, В.Сүрэнхорлоо зэрэг сэхээтнүүд зочилдог байв.

Бага охин Минжин нь урлагийн сургуульд суралцаж найруулагч болсон. Тэрбээр ээжийнхээ талаар “”Уулзалт” гэж киног санаж байна уу. Лхасүрэн гуайн хүүхдийн хойд ээж болж тоглодог шүү дээ. Тэр киног үзэхээр миний ээж яг энэ дээ гэж бодогддог юм. Миний ээж их зөөлөн зантай. Амттай хоол хийдэг.  Намайг өвдөхөөр хуушуур хайрч, том том хэрчсэн байцааны салат хийгээд гарт атгуулдаг байлаа” хэмээн дурссан байдаг.

error: Content is protected !!