No menu items!
HomeХүмүүс"Энэ хүүхнүүд үү"-ийн Дулмаа буюу Н.Мягмар

“Энэ хүүхнүүд үү”-ийн Дулмаа буюу Н.Мягмар

-

Ч.Лодойдамбын зохиолоор Р.Доржпаламын найруулсан “Энэ хүүхнүүд үү” уран сайхны кино 1963 онд дэлгэцнээ гарч байлаа. Үзэгчдийн шимтэн үзэх дуртай уран бүтээлүүдийн нэг болох тус киноны Дулмаагийн дүрээр овоглож, үзэгч олны сэтгэлд хоногшин үлдсэн Гавьяат жүжигчин Н.Мягмарыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Урлагт хөл тавьсан алдрайхан 15 нас

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа буюу жүжигчин Мягмарыг танихгүй хүн ховор биз ээ. Тэрбээр бага балчраасаа урлагийн амьдралд хөл тавьж монголын анхны дээд боловсролтой жүжигчдийн нэг болсноор олон, олон кино, жүжигт гол болон туслах дүр бүтээсэн юм.

Түүний эцэг, эх охиноо эмч болгоно гэдэг байв. Гэвч тэр урлагт хөтлөгдсөн. Алдарт жүжигчин Цагааны Цэгмид Багшийн дээд сургуульд хорин хүүхэдтэй жүжигчний анги нээхээр шал­гаруулалт явуулж байсан намар цаг. Улсын бодлогоор урлагийн авьяастнуудыг тодруулж байсан үе. Кларнет хөгжим үлээдэг, жижигхэн биетэй, сэргэлэн цовоо охин Н.Мягмар шалгаруулалтад тэнцэж, урлагийн гараагаа эхлүүлэв. Тэгэхэд тэр 15 настай байлаа.

Ийнхүү Их сургуулиа төгсөөд 19 настайдаа Хүүхэд, залуучуудын театрт орж, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Төд удалгүй дэлгэцнээ анхны дүрээ бүтээсэн нь өнөөх хагас зуун жил овоглосон Дулмаагийн дүр. Урлаг гэдэг хөлс, хүчээ урсган зүтгэж буй нэгнийг хэний ч санаанд оромгүй зүйлсээр үргэлж сорьж байдаг учиртай.

Тэрбээр, киноны зураг авалтын нэг хэсэг болох шинэ жилийн баяраар жүжигчин С.Мандах агсан буюу Дуламсүрэнгийн гэрт үнсэлцдэг хэсгийг авахад их ичсэн тухайгаа хожим дурссан байдаг.

Дулмаа бол нуруугаа давсан өтгөн хар гэзэгтэй бүсгүй гэдгийг үзэгч олон санаж байгаа байх. Н.Мягмар гуай тайзан дээр ихэвчлэн эрэгтэй хүүхдийн дүрд тоглодог байсан тул мэргэжлийн шаардлагаар намирсан хар гэзгээ тайруулж байжээ.

“Нүдний үзүүрт зэрвэлзсэн
Шаргын уудам говио хө
Хайрын уудамд бургилсан
Миний ээж минь суудаг юм хө…” хэмээн Дуламсүрэн, Дулмаа хоёр дуулдаг хэсэг кинонд гардаг.

Анх энэхүү дууг дуулж шалгуулсан ч гологдож байсан тухайгаа тэрбээр дурссан байдаг. Киноны тэрхүү хэсгийг дуучин Л.Цогзолмаа, н.Энхтүвшин, Ж.Нансалмаа нарын аль нэгээр нь дуулуулсан гэдэг.

Дүр хувиаарилахад дандаа л эрэгтэй хүүхдийн дүр оногддог

1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийг нуруундаа үүрэлцэж явсан уран бүтээлчдийн нэг болох тэрбээр тайзнаа голдуу эсрэг хүйстэн, хүү, амьтдын дүр бүтээсэн. Амьдралдаа ганц, хоёрхон удаа л охин хүүхдийн дүр бүтээсэн гэдэг.

Тайзнаа Н.Дугарсанжаа, С.Гэндэн нарын “Ялалтын жигүүр” жүжгийн Ханд, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Наташа, А.Линдгрений “Карлсон жаалхүү хоёр” жүжгийн Сванте Свантесон, А.Арбузовын “Таня” жүжгийн Таня зэрэг дотоод, гадаадын 60 гаруй жүжигт гол болон туслах дүрийг чадамгай бүтээжээ.

А.Гайдарын “Кибальчиш хүү” жүжгийн гол дүрд тоглосон бөгөөд энэ жүжгээрээ Германд болсон Олон улсын залуучуудын театрын их наадмаас мөнгөн медалийг авчирж байсан гавъяатай.

1980 онд түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, БНМАУ-ын Гавъяат жүжигчин хэмээх алдрыг олгосон юм.

“Сэгс цагаан богд”, “Бөмбөл Эрдэнэ”, “Гэргийн зүрхний бичлэг”, Иржи Марьяагийн “Эх” зэрэг найраглалуудыг амьдруулсан нь өдгөө Монголын радиогийн алтан фондод хадгалагдан үлдсэн нь бий.

Тэрбээр, “Бүхэл бүтэн театр устгачихаад, дараа нь УИХ-ын гишүүн болоод явчихаж байна. Энэ байж боломгүй зүйл. Бүхэл бүтэн нэг улсын хүүхэд залуучуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, олон сайхан сонгодог зохиолуудыг, амьд жүжигчдийг үгүй хийсэн. Бүхэл бүтэн жарныг элээсэн театрыг устгаад хаячихаж байгаа юм. Зүгээр ч нэг устгачихаагүй л байх л даа. Тодорхой хэжээний эдийн засгийн сонирхол байсан.

Хувьчлалаар аваад юмаа хийж чадахгүй бол буцаагаад авах ёстой. Тэгтэл тэр чигээр нь өгөөд явуулчихаж байгаа юм. Өнөөдөр тэр театрт ажиллаж байсан жүжигчид нь тэтгэвэрт гарч чадахгүй байна. Архив тэр чигээрээ байхгүй, уран бүтээлчид нь хар залуугаараа ямар болов? Бодох л ёстой асуудал. Манай театр тухайн үедээ драмын театраас эрэлт ихтэй байсан. Их харамсалтай. Одоо хэн ч хамаагүй “Би хүүхэд, залуучуудын театрт байсан” гэж ярьж явна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүүмжилж байсан удаатай.

Шавь нарын хамт

Н.Мягмар гуай 1987 оноос сурган хүмүүжүүлэх ажилд шамдсан. Соёлын яамны шийдвэрээр Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид тайзны ярианы багш, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн багш, зөвлөх багшаар ажилласан юм.

Түүний дэлгэцнээ амилуулсан дүрүүдийг дурьдвал

1963 он- “Энэ  хүүхнүүд үү”-ийн Дулмаа

1965 он- “Сэтгэлийн дуудлагаар”-ийн Дэнсмаа

1969 он- “Агуйн нууц”-ын Эх

1973 он- “Туяагийн бичээгүй захидал” киноны Туяа

1993 он- “Бор чоно” киноны Удган

“Их замын урсгал” киноны Сарнай

“Найз” киноны Хадам эх

2014 он- “Цахлай нисэх гэж төрдөг” ОАУСК.

2020 он- “Бэрүүд” олон ангит киноны Өндөр ээж

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд