No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Харшлыг эмчлэх дөрвөн зарчим байдаг

Эмч зөвлөж байна: Харшлыг эмчлэх дөрвөн зарчим байдаг

-

Харшлын талаар мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Б.Алтантуяа: Харшлыг эмчлэх дөрвөн зарчим байдаг

СБД-ийн арьс харшлын эмч, клиникийн профессор Б.Алтантуяа: Харшил эмчлэгдэнэ. Харшлыг эмчлэх дөрвөн зарчим байдаг.

Нэгдүгээрт, Өвчтөний сургалт. Тухайн хүн  эмчид хандаад харшилтай эсэхээ мэдэж, яаж эмчлэх талаар зөвлөгөө авч, харшлын талаарх зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Харшил төрүүлэгчээс зайлсхийнэ. Юунд харшилтай вэ мэдээд оношлуулж, шалтгаанаас зайлсхийнэ. Харшлын шалтгааныг найдвартай аргаар тогтоолговол эмчилгээ хийхэд үр дүнтэй.

Гуравдугаарт, эмийн эмчилгээ хийнэ. Харшлын эсрэг төрөл бүрийн эмүүд байдаг бөгөөд сонголт сайтай байдаг. Мөн харшилтай хүний хүнд, хөнгөний байдал, өвчний зовиур, шинж тэмдэг, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас шалтгаалж эмч эмийн сонголтыг хийнэ.

Дөрөвдүгээрт, дархлаа эмчилгээг хийнэ. Харшил төрөгчид мэдрэгшсэн зүйлээр нь эмчилгээг хийгээд, хэт их идвэхжсэн үед нь дархлааны тогтолцоог тэнцвэржүүлдэг эмчилгээ юм. Өвөрмөц дархлаа эмчилгээг зөв, сайн хийвэл 10 гаруй жил харшлын зовиур, шаналгаа багатай байдаг.

Г.Ундрах: Харшил үүсгэдэг гол зүйл нь уураг болоод маш жижиг тоосонцрууд байдаг

ТТАХНЭ-ийн арьс, харшлын их эмч Г.Ундрах: Хүмүүс “юунаас харшлаад байгаа юм бол” гэж их асуудаг. Юунаас ч харшиж болно. Харшил үүсгэдэг гол зүйл нь уураг болоод маш жижиг тоосонцрууд байдаг. Энэ нь бидний арьс, салст , амьсгалын замаар биед орж, харшлыг өдөөдөг. Тухайлбал амьсгалын замын харшил гэж байна. Үүнийг ургамлын тоос, байшингийн хөгц гэх мэт зүйлүүд өдөөж байдаг.

Түүнээс гадна зарим хоол хүнс нь харшил үүсэхэд нөлөөлдөг. Жишээлбэл самар, тоор, алим,  лийр, киви, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, бяслаг, даршилсан бүтээгдэхүүн, шар айраг, дарс зэрэг юм. Учир нь эдгээр хүнсэнд гистамин гэдэг бодис маш их хэмжээгээр агуулагдаж байдаг. Тиймээс харшил төрүүлэх магадлал маш өндөр гэсэн үг. Хэрэв эдгээр хүнснээс харшилтай бол их хэмжээгээр хэрэглэсний дагаар бие дээгүүр тууралт гарах, амьсгал боогдох, уруул хавдах, нүд хавдах шинжүүд илэрнэ.

Шууд амьсгал боогдох, ухаан балартах юм бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Мөн бие дээр тууралт гарч болно. Энэ тууралт нь шумууланд хазуулчихсан юм шиг гүвдрүү үүсдэгээрээ онцлог. Мөн богино хугацаанд арилж болно.

Б.Лхамдарь: Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам, самар зэргийг хэрэглэж болохгүй

АӨСҮТ-ийн клиникийн III тасгийн эрхлэгч, арьс харшлын эмч АУ-ны магистр Б.Лхамдарь: Ер нь ургамлын харшилтай хүмүүс хэд хэдэн дэглэмүүдийг барих ёстой. Жишээлбэл, ургамлын тоос гөвдөг цаг гэж байдаг. Өглөөний 4-10 цаг, оройн 17-20 цагийн хооронд . Энэ үеэр цонх онгорхой байвал гэрт ургамлын тоос ихээр орох боломжтой. Мөн гаднаас гэртээ орж ирэхдээ бүх хувцсаа солиод хамар, амаа угаах ёстой. Өөрт наалдсан ургамлын тоосонцоруудыг цэвэрлэх ёстой гэсэн үг. Гэрийн орчинд агаар шүүгчийг ашиглаж болно.

Ургамлын харшилтай хүмүүс гэртээ цэцэг тарих, будаа, буурцагаар хийсэн дэр дэрлэх, ургамлын гаралтай эм ууж болохгүй. Эдгээрээс гадна зайлшгүй мэдэж байх ёстой зүйл нь ургамлын харшилтай хүмүүс зарим хоол хүнснээс давхар харшлах магадлал өндөр байдаг. Солбилцох урвалын дагуу ургамлын харшлын оргил үе дээрээ тухайн хоол хүнсийг хэрэглэсний улмаас хоолой боож бачуурах, бүх биеэр тархмал тууралт гарах, анафилаксын шок үүсэх зэрэг хүндрэлүүд гарах эрсдэлтэй. Тийм учраас ийм төрлийн харшилтай хүмүүс зарим хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Үүнд: наранцэцэгийн самар, зөгийн бал, жүрж, мандарин, тарвас, амтат гуай, айраг, гүүний саам, улаан лооль зэргээс харшлах магадлалтай. Эдгээр хүнсийг шарилжны харшилтай хүмүүс урьдчилан сэргийлээд зуны хугацаанд идэхгүй байх хэрэгтэй.

Эдгээрээс гадна ургамлын харшилтай гэхдээ яг ямар төрлийн ургамлын харшилтайгаа мэдээгүй тохиолдолд зуны хугацаанд жимс, түүхий ногоо, самар гэх мэт хүнсийг идэхгүй байх хэрэгтэй.

Б.Энхсайхан: Харшлын сорилыг есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тавиулах нь тохиромжтой

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс, харшлын их эмч Б.Энхсайхан: Харшлын сорилыг есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тавихад тохиромжтой байдаг. Эмч үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд бусад үед тавьж болно. Манай эмнэлэгт харшлын сорилыг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлөлттэйгөөр хийдэг. 

Манай эмнэлгийн хувьд хоёр төрлийн угтуулах эмчилгээ хийдэг. Нэгдүгээрт, шарилжны эсрэг цацлага эмчилгээ. Хамрын шүршлэг байдлаар бэлддэг бөгөөд зөвхөн шарилжны харишилтай хүмүүст зориулагдсан. Долдугаар сарын 15 хүртэл ямар нэгэн зовиур илэрдэггүй хүмүүст гурван сарын турш энэ эмчилгээг хийдэг.

Хоёрдугаарт, сийвэн буюу цус солих эмчилгээ. Энэ нь модлог зэрэг бүх төрлийн ургамлын харшилтай хүмүүст зориулагдсан.  Үүнийг 1, 2, 3-р сард хийх бөгөөд нэг сарын курс эмчилгээ хийгдэнэ. Хүмүүс хамар жаахан битүүрэх, нүд загатнах зовиурыг харшлын шинж тэмдэг биш байдлаар, хүндээр хүлээж авдаггүй. Харин шинж тэмдэг, зовиур нэлээд хүнд илэрсэн тохиолдолд л харшил илэрч байна гэж үзээд байдаг. Хөнгөн зэргийн шинж тэмдгийг тоолгүй өнгөрч болохгүй. Сорил тавиулж яг ямар төрлийн харшилтай болохоо тодруулах хэрэгтэй.

Ингэж тодруулснаар тохирох төрлийн угтуулах эмчилгээг хийнэ. Энэ жилийн хувьд угтуулах эмчилгээ хийх үе дууссан. Тиймээс дараа жилийн 1, 2, 3-р саруудад сорилоо тавиулаад угтуулах эмчилгээнд хамрагдах боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд