“Ковидын дараах цус өтгөрлийн шинж тэмдгээс шалтгаалаад тархинд цус харвах тохиолдол олон байна”

Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Артерийн даралт ихсэлт нь манай хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний нэг юм. Тодруулбал, Монгол Улсын насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэгд нь артерийн даралт ихсэх өвчин тохиолддог гэсэн судалгаа байдаг.

Артерийн даралт ихсэлт нас баралтад хүргэж байгаа тэргүүлэх өвчнүүдийн нэг юм. Мөн харвалт болон зүрхний шигдээс нь шууд үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчнүүд учраас манай клиникийн эмнэлгүүдэд зүрх судас, харвалын нэгжүүд ажилладаг.

Ковидын дараах нөхцөл байдал, цусны өтгөрөлтийн шинж тэмдгээс шалтгаалан артерийн даралт ихсэх өвчин, тархинд цус харвах тохиолдол олон байна гэх мэдээлэл гарч байгаа.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны зүгээс энэ долоо хоногт эмч нар, иргэдэд коронавируст халдварын дараах цус өтгөрөл, зүрх судасны эмгэгийн үед ямар эмчилгээ, хяналт хийх талаар зөвлөмжийг хүргүүлнэ” гэв.

Мөн ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон. Үүний дотор 61-ээс дээш насны хүн амд 897 өвчлөлийн 49.7 хувьд нь даралт ихсэх өвчин оношлогдож байгаа бол 15 хувьд нь зүрхний архаг өвчин оношлогдож байна.

Зүрх судасны өвчин болон эрсдэлт хүчин зүйлээ мэдэхгүй явж байгаагийн улмаас өнөөдөр хэт халалт, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор харвалт нэмэгдэх магадлал өндөр байдаг. Тиймээс иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой” гэсэн юм.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!