Б.Алтантуяа: Харшлыг эмчлэх дөрвөн зарчим байдаг

СБД-ийн арьс харшлын эмч, клиникийн профессор Б.Алтантуяа харшлын талаар мэдээлэл өглөө.

Харшлын өвчний үед  ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Харшлын өвчний шинж тэмдгийг

  • Амьсгалын замын шинж тэмдэг
  • Арьсны шинж тэмдэг
  • Бусад гэж гурав хуваадаг.

Амьсгалын замын шинж тэмдэгт нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх шуугиантай амьсгалах зэрэг зовиур багтана.

Арьсны шинж тэмдгийн үед хэсэг газар загатнах, улайлттай тууралт гарах, бие загатнах, бэлцрүүт тууралт гарах атопийн дерматит илэрнэ.

Харин бусад шинж тэмдэг гэдэгт ямар нэг хоол хүнс хэрэглэсний дараа хэвлийгээр хүчтэй өвдөх, гүйлгэх зэрэг багтана.

Харшил эмчлэгддэг үү?

Харшил эмчлэгдэнэ. Харшлыг эмчлэх дөрвөн зарчим байдаг.

Нэгдүгээрт, Өвчтөний сургалт. Тухайн хүн  эмчид хандаад харшилтай эсэхээ мэдэж, яаж эмчлэх талаар зөвлөгөө авч, харшлын талаарх зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Харшил төрүүлэгчээс зайлсхийнэ. Юунд харшилтай вэ мэдээд оношлуулж, шалтгаанаас зайлсхийнэ. Харшлын шалтгааныг найдвартай аргаар тогтоолговол эмчилгээ хийхэд үр дүнтэй.

Гуравдугаарт, эмийн эмчилгээ хийнэ. Харшлын эсрэг төрөл бүрийн эмүүд байдаг бөгөөд сонголт сайтай байдаг. Мөн харшилтай хүний хүнд, хөнгөний байдал, өвчний зовиур, шинж тэмдэг, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас шалтгаалж эмч эмийн сонголтыг хийнэ.

Дөрөвдүгээрт, дархлаа эмчилгээг хийнэ. Харшил төрөгчид мэдрэгшсэн зүйлээр нь эмчилгээг хийгээд, хэт их идвэхжсэн үед нь дархлааны тогтолцоог тэнцвэржүүлдэг эмчилгээ юм. Өвөрмөц дархлаа эмчилгээг зөв, сайн хийвэл 10 гаруй жил харшлын зовиур, шаналгаа багатай байдаг.

Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Харшлын өвчнөөс сэргийлэх үндсэн гурван зарчим бий.

1. Харшил төрүүлэгч нөхцөл, хүчин зүйлийг бүрдүүлэхгүй байна.

2. Харшлын шинж тэмдэг илэрсэн бол сорилоо тавиулаад, харшил төрүүлэгчээс хол байна.

3. Харшлын шинж илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийхгүй. Хэрэв эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэхгүй бол харшил хүндрэх аюултай.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!