No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Нойрыг дараа нь нөхнө гэсэн ойлголт байдаггүй

Эмч зөвлөж байна: Нойрыг дараа нь нөхнө гэсэн ойлголт байдаггүй

-

Нойргүйдлийн талаар мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөө, мэдээллийг нэгтгэн хүргэе.

В.Баярмаа: Сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх гол шинж нь нойргүйдэл

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа: Нойргүйдэх, шүдээ хавирах, хурхирах, нойрондоо босч явах зэрэг нь бүгд нойрны хямралын шинжүүд. Өдөр унтчихаад шөнө унтахгүй байх, хэт их унтах зэргээр нойрны хэмнэл алдагдах нь сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх чухал шинж тэмдэг.

Архаг ядаргаа нь айдас түгшүүр, гутрал, нойргүйдэл, ядрах, сульдах, толгой өвдөх зэрэг бие, сэтгэлийн шинжүүд хавсарсан байдлаар илэрдэг сэтгэлийн шалтгаант эмгэг юм. Эхлээд сэтгэлийн шинжүүд явж байснаа биеийн шинжүүд нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмжид хүртэл нөлөөлдөг.

Сэтгэл санааг эерэг байлгах олон аргууд бий. Бачуурч байгаа үед амьсгалын дасгал хийх нь арай уужуу бодох, тайвширсныхаа дараа зөв гарц гаргалгааг шийдэх боломжийг олгодог. Албаны эх сурвалжаас мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө, мэдээллийг аваач ээ, түүнийгээ хараад өнгөрөх биш өөр дээрээ хэрэгжүүлээч ээ гэдгийг зөвлөмөөр байна.

Н.Наранцэцэг: Шөнийн турш олон дахин сэрэх нь нойргүйдлийн шинж тэмдэг

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Н.Наранцэцэг: Сэтгэц, сэтгэл зүй, бие мах бодийн өвчин эмгэгүүд, нойрны эмгэг, архи болон сэтгэц идэвхт бодисын хамаарал, дэлгэцийн донтолт, утсаар их ярих зэрэг нь нойргүйдэлд хүргэдэг шалтгаанууд юм. Хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хүн амын дунд сэтгэл түгшилт, гутрал нилээн их гарах болсон. Үүнтэй зэрэгцээд ямар нэг зүйлд санаа зовсон үед сэтгэл зүйн гаралтай нойргүйдэл үүсч байна.

Мөн ходоодны сөөргөө, астма, уналт татал зэрэг бие махбодын өвчин нь тодорхой хэмжээгээр нойргүйдэл үүсэхэд нөлөөлдөг. Түүнчлэн нойрон дундаа явах, зүүдэндээ явах, нойронд хөлөө хөдөлгөх, гэнэт нойрны дайрлагад өртөх эмгэг гэж байдаг. Эдгээр нь хүнийг нойргүйдэлд хүргэж байдаг.

Өдөрт хоёр цагаас дээш хугацаагаар дэлгэц тасралтгүй ширтсэн тохиолдолд тархинд үүсэх мелатонины хэмжээ багасч, нойргүйдэл мөн үүсдэг.

Нойргүйдсэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Нойр хулжих
  • Хэт эрт сэрэх
  • Өнгөц нойрсох буюу зүүрмэглэх
  • Шөнийн турш олон дахин сэрэх
  • Унтсан ч амарсан шинж мэдрэгдэхгүй байх
  • Нойрон дунд амьсгал тасалдах
  • Өдрийн турш нойрмоглох
  • Гэнэтийн нойрны дайралтад өртөх /гэнэт суусан газраа унтах/
  • Харж дарж зүүдлэх
  • Зүүдэндээ ярих гэх мэт шинж илэрнэ.

Ж.Гантулга: Нойрыг дараа нь нөхнө гэсэн ойлголт байдаггүй

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга: Нойр бол хүнийг сэргээж, эрч хүчээр цэнэглэгч юм. Нойрыг дараа нь нөхнө гэсэн ойлголт байдаггүй.  Шөнийн нойрыг нэг л алдсан бол маш олон мэдрэлийн эсүүд гэмтэж, эргэж сэргэхгүй үхэж байдаг. Тиймээс сэргэлэн цовоо, дархлаатай, үр бүтээмж сайтай байя гэвэл сайтар унтаж амрах хэрэгтэй. Сайн унт гэдэг нь удаан унтаад бай гэсэн үг биш.

Бидний унтаж амрах цаг хугацаа нь хүн хүний онцлог байдлаас хамаарч харилцан адилгүй байж болох хэдий ч өдөрт дунджаар 7-9 цаг унтах хэрэгтэй. Ингэж хангалттай амарвал бидний эд эс, эрхтэн тогтолцоо бүрэн сэргэдэг болохыг нойр судлалын шинжлэх ухаанчид баталсан.

Нойр дутуу явах нь гүн нойрны дутагдалд оруулж сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Ингэснээр хүн уурлаж бухимдах, гуниглах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг байна. Тиймээс сүүлийн 20-иод жил нойрны ач холбогдлыг шинжлэх ухааны баталгаа нотолгоотойгоор тайлбарлаж байгаа. Хангалттай нойр нь тархинд хамгийн сайн нөлөө үзүүлдэг чухал “хоол, тэжээл”-ийн нэг юм. Тиймээс сайн унтаж амрахгүйгээр эрүүл саруул амьдрана гэж байдаггүй болохыг олон судалгаагаар баталсан. Нойрыг багасгахаас илүүтэй тогтмол цагт бүрэн гүйцэт амрах хэрэгтэй. Нойрны хямралд орсноор эрт нас барах, чихрийн шижин тусах, таргалалт болон зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. 

Л.Жавхлан: Нойргүйдэл нь дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг

СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан: Нойргүйдэл нь бидний дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдаж, шийдвэр гаргах чадвар, ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурдаг байна.

Ковидын үед нойргүйдэлд өртөхгүйн тулд юу анхаарах вэ?

Хэт их мэдээллээс зайлсхийх – Олон тооны мэдээллийг янз бүрийн баталгаагүй эх сурвалжаас авснаар айдас, түгшүүр нэмэгддэг. Энэ нь нойр болон бусад олон зүйлст нөлөөлдөг. Тиймээс тодорхой эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авдаг байх  хэрэгтэй.

Өдөр тутмын хуваарь гаргаж түүндээ тууштай байх – Удаан хугацаанд нэгэн хэвийн байдалд байх байх нь ажил амьдралын хэмнэлийг алдагдуулж, олон зүйлд сатаарах нөхцөл үүсгэдэг. Ингэснээр цагийн баримжаа алдагдаж, бүтээмж буурдаг.

Байгалийн гэрэлтүүлэгтэй байх – Байгалийн гэрэлтүүлэг нь бидний  өдрийн хэмнэлийг тааруулж байдаг. Тиймээс гэртээ байгалийн гэрэлтүүлгийг байнга оруулж байх шаардлагатай. Харин зохиомол гэрэлтүүлэг нь бие махбод, физиологийн хариу урвалыг алдагдахад хүргэдэг. 

Унтах таатай орчин бүрдүүл – Унтахаас өмнөх явцад мэдээллийн хэрэгсэл оролдохгүй, аль болох дэлгэцээс хол байх хэрэгтэй. Олон зүйлст сатаарах нь хэвийн унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч нойргүйдэл янз бүрийн байдлаар үргэлжилж болох учир шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж танин мэдэхүйн, зан үйлийн эмчилгээ хийлгэх боломжтой.

А.Уранчимэг: Нойргүйдэлтэй удвал сэтгэцийн өөрчлөлттэй болно

“Энэрэлт манал” уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн ерөнхий эмч А.Уранчимэг: Хэт удаан нойргүйдэлтэй явахаар сүүлдээ сэтгэцийн өөрчлөлттэй болно. Нойргүйдэлтэй удаан явахаар зүрх нь дэлсэнэ, дотор муухайрна. Дотор муухайрахаар дотрын эмчид үзүүлнэ, зүрхний эмчид үзүүлнэ гээд бүх шат дарааллаар явж явж сүүлдээ мэдрэлд үзүүлнэ. Мэдрэл зүгээр байна гэхээр сэтгэцийн эмнэлэг рүү явна. Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлээд ч үр дүнгээ өгөхгүй байна гэж ирдэг хүмүүс ч байгаа. Сүүлийн үед  утас их  үздэг өөрийгөө ядраадаг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, унтахаасаа өмнө муу мэдээ сонсдог, үзэж хардаг энэ бүхэн нөлөөлнө.

-Нойргүйдлээс гарахын тулд ямар арга хэрэглэвэл зүгээр вэ?

-Тайван бай, муу юмыг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг байж сур, стрессээс амархан гарж сур. Үе үе зүрхний хийний тан уух хэрэгтэй, юмыг дандаа эерэгээр харж сур, өөрийнхөө сэтгэхгүйг зөв удирд, цэвэр агаарт гараад алх, зөөлөн хүзүү толгойны дасгал хий. Би бүх эмчлүүлсэн хүмүүстээ зааж өгдөг. Зөвөлгөөг биелүүлдэг хүн байхад биелүүлдэггүй хүн зөндөө. Хичнээн сайн эмч, эм тан байгаад тэр хүнийг 50 хувь эмчилнэ. 50 хувь нь өөрөөс нь шалтгаална. Бүх хүнд ингэж хэлдэг. Тэр юу вэ гэхээр хоол унд, ажил амралтын дэглэмээ зохицуул, хийлгэж байгаа эмчилгээндээ сэтгэл хангалуун бай. Дараа нь эрт унтах хэрэгтэй.

О.Оюунболор: Шөнийн нойр эргээд бүрэн нөхөгдөнө гэж байхгүй

ТТАХНЭ-ийн мэдрэлийн тасгийн их эмч, дэслэгч О.Оюунболор: Нойргүйдлийг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч нойргүйдэл нь тухайн хүн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байхад бие дааж үүсдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн цочролын улмаас буюу ажлаасаа халагдах, төрлийн хүмүүсээсээ хагацах гэх мэт зүйлсээс болдог.

Харин хоёрдогч нойргүйдэл нь ямар нэг эрүүл мэндийн шалтгааны улмаас үүснэ. Тухайлбал архаг, суурь өвчин, хорт хавдар, үе мөчний өвчин, цусны даралт ихсэх, астма, харшил зэргээс үүдэж болно.

Бид шөнө унтаж байхдаа маргаашийнхаа эрч хүч, энергийг нөхөж авдаг. Гэтэл удаан хугацаанд нойргүйдэлтэй явснаас болж тайван бус, цочромтгой, идэвхгүй, анхааралгүй, сэтгэлийн хямралтай, стресст амархан өртөмтгий болдог. Ингээд сэтгэлийн зовиур нэмэгдсээр байгаад дотор эрхтэнд нөлөөлж, биеийн хямрал нэмэгддэг. Тухайлбал цусны даралт ихсэж, зүрхний цохилт өндөрсөж, анхаарал төвлөрөлт муудаж эхэлнэ.

АНУ, Европын орнууд, Монголд хийсэн сүүлийн үеийн судалгаануудаас харахад арван хүн тутмын 4-6 нь унтахаасаа өмнө гар утас, компютерийг хэрэглэдэг гэсэн байна. Мөн үүнийг нойронд хэрхэн нөлөөлж байгааг нь судлаад үзэхэд тэдгээр төхөөрөмжүүдээс ялгардаг цэнхэр гэрэл нь нойргүйдэлд нөлөөлдөг гэж үзжээ. Учир нь хүнийг унтаж амрахад ялгардаг мелатонин дааврыг тэр цэнхэр гэрэл бууруулдаг байна. Мелатонин даавар буурахаар нойрсох мэдрэмж нь багасаж, нойргүйдэл үүсдэг.

Бид өдрийн ажлын ачааллаа шөнөдөө унтаж тайлдаг. Энэ үед хүний дотор эрхтэн элэг, бөөр амарч, хортой бодисыг гадагшлуулах ёстой. Шөнийн нойр эргээд бүрэн нөхөгдөнө гэж байхгүй. Хүний бие хоргүйжих ёстой хугацаандаа хоргүйжиж, энергээ нөхөх ёстой байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд