Г.Мөнхзул: Төрөх үеийн өвдөлтийг намдаах дараах энгийн аргууд бий

Нийслэлийн Амгалан амаржих газраас цахим хуудсаараа дамжуулан эмч, мэргэжилтнүүдийн ээлжит зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Тус газрын Төрөх тасгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Мөнхзул “Төрөх үеийн өвдөлт намдаах энгийн аргууд” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна. 

Төрөх үеийн өвдөлтийг намдаах боломжтой юу?

Төрөлт нь ямар ч өвдөлтгүйгээр үргэлжлэх боломжгүй байдаг. Өвдөлтгүйгээр төрөх нь боломжгүй ч өөрсдөдөө тав тухтай нөхцөлийг бүрдүүлснээр өвдөлтийг багаар мэдрэх боломжтой. Бидний хэлдгээр умайн хүзүү 10  см нээгдээд, хүүхэд төрөх хүртэлх үед ээжүүд өвдөлт мэдэрдэг.

Анхан болон хожуу төрөлт, бие махбодын онцлогоос хамаарч үргэлжлэх хугацаа, өвдөлтийн хүч нь харилцан адилгүй байна. Мөн тухайн эмэгтэйн сэтгэлзүйн бэлтгэл нь хамгийн том хүчин зүйл болж байдаг. Төрөлтийн үеийн өвдөлт нь эмгэг өвдөлт биш эрүүл өвдөлт учраас эмэгтэйчүүд маань айж сандрах, түгших хэрэггүй. Харин сэтгэл зүйгээ бэлтгэж ирэх нь зүйтэй.

Төрөх үед өвдөлтийг намдаах ямар энгийн аргууд байдаг вэ?

Төрөх үед өвдөлтийг намдаах энгийн аргууд бий. Үүнд

Нэгдүгээрт, амьсгалын дасгалыг хийнэ. Энэ нь ээжид маш чухал нөлөөтэй. Амьсгалын дасгал гэдэг нь хүч тамир нөхөхөөс гадна хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмж өгдөг. Зөв амьсгал гэдэг нь хамраараа гүнзгий амьсгал авч, хамар эсвэл амаараа үлээж гаргах юм. Өвдөлт эхлэх үеийг амьсгал зохицуулалтаараа намдаах боломжтой.

Хоёрдугаарт, дөрвөн хөллөх арга гэж байдаг. Энэ нь умайн хүзүү хурдан нээгдэхэд тустайгаас гадна нуруугаар нь өвдөж буй ээжүүдэд эвтэйхэн байрлал болж өгдөг. Мөн нурууны өвдөлттэй байгаа бол намдааж өгөх болно.

Гуравдугаарт, бөмбөгөн дээр суух аргыг ашиглаарай. Умайн базлалтын үед бөмбөгөн дээр сууж, бага зэргийн үсрэлттэй хөдөлгөөн хийвэл өвдөлт намдана.

Дөрөвдүгээрт, зогсох аргыг зөвлөдөг. Зогсох үед татах хүчний нөлөөгөөр хүүхэд хурдан доошилж, өвдөлт нь богино хугацаанд үргэлжилдэг.

Тавдугаарт, хэвтэх хэрэгтэй. Тухайлбал, хоёр хажуу талаараа ээлжлэн хэвтэх нь нуруу болон давсаг хэсгийн өвдөлтийг намдаахад тустай байдаг. 

Зургаадугаарт, иллэг хийж массаж хэрэгтэй. Энэ нь өвдөлт намдаах маш үр дүнтэй арга юм. Өвдөлтийн үед гар, хөл, нуруугаараа иллэг хийлгэснээр өвдөлт намддаг. Манай Амгалан амаржих газарт төрөлтийн хамтрагч гэдэг мэргэжилтэн төрөх гэж буй, төрсөн  эхчүүдэд туслах үйлчилгээг үзүүлдэг.

Төрөх үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд төрнө, өвдөлт мэдэрнэ гэж сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэж ирэх хэрэгтэй. Ингэснээр төрсний дараах тамир тэнхээг маш сайн бэлтгэж буй хэрэг юм. 

Өвдөж эхлэхээс өмнө дээр дурдсан аргуудаас өөрт аль эвтэйхэн, тохиромжтойг сонгож, бэлтгэлээ хангаад ирэх нь зүйтэй.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!