Г.Ням-Од: Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг өндөр эрсдэлт хүчин зүйл нь хөхөнцөр вирус

Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Од умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдээлэл өгснийг сэргээн, сийрүүлэн хүргэж байна.

Умайн хүзүүний өмөн гэж юу вэ?

Умайн хүзүү нь үтрээнд байрладаг, ил харагддаг 3-4 см хэмжээтэй булчинлаг эрхтэн. Умайн хүзүү нь хучуур болон бортгон эдээс тогтдог бөгөөд эдгээр эдийн эмгэгшлийн хэвийн бус өсөлтгүй ургалтыг умайн хүзүүний өмөн гэж нэрлээд байгаа юм.

Үүнд нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ?

Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг өндөр эрсдэлт хүчин зүйл нь хөхөнцөр вирус. Хөхөнцөр вирусийг 120 орчим хэв шинжтэй хэмээн дэлхий дахин тодорхойлсон байдаг. Тэдгээрээс 40 орчим нь умайн хүзүүний өмөн үүсгэдэг гэж үздэг. Гэхдээ хөхөнцөр вирусээр халдварласан даруйд умайн хүзүүний өмөн үүсэхгүй, тодорхой үе шатуудыг дамждаг. Дунджаар 10 жилийн хугацаанд умайн хүзүүний өмөнгийн урьдал үеийг үүсгэдэг гэж үздэг. Умайн хүзүүний өмөнг урьдал үед нь оношилж чадвал эмчилгээг бүрэн төгс хийх боломжтой. Хэдий чинээ эрт оношилно төдий чинээгээр эмчлэгдэх магадлал нь ихэснэ гэсэн үг.

Хөхөнцөр вирусээс гадна бусад нөлөөлөх хүчин зүйлд юу багтдаг вэ?

  • Бэлгийн олон хавьтагчтай байх
  • Тав болон түүнээс дээш хүүхэд төрүүлэх
  • Таван жилээс дээш хугацаагаар жирэмснээс хамгаалах дааврын эм хэрэглэх
  • Эрт хүүхэд төрүүлэх буюу 16 наснаас өмнө
  • Эрт бэлгийн харьцаанд орох буюу 18 наснаас өмнө
  • Мөн тамхи татах нь умайн хүзүүний өмөн үүсгэх магадлалыг 1.7 дахин нэмэгдүүлдэг гэж үздэг.

Умайн хүзүүний өмөнгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хамгийн түрүүнд эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэй өвчний ямар ч шинж тэмдэггүй үед тодорхой хугацаанд шинжилгээ өгнө. Эрт илрүүлэгт Монгол Улсын хаана ч хийлгэх боломжтой умайн хүзүүний эсийн шинжилгээ ордог. Тиймээс зорилтот бүлгийн хүмүүс маань тухайн аймаг, сум, дүүргийн эмнэлгүүддээ хандах хэрэгтэй. Эсийн шинжилгээнээс гадна өндөр эрсдэлтэй гэж үздэг хүний хөхөнцөр вирусийг ч тодорхойлдог.

Мөн умайн хүзүүний өмөнгөөс сэргийлэх нэг арга бол вакцин юм. Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг анх 2013 онд манай улс хэрэглэж эхэлсэн.

Умайн эсийн шинжилгээ өгөхдөө юуг анхаарах вэ?

Хэд хэдэн зүйлийг анхаарна. Тухайлбал,

  • Сарын тэмдэг ирээгүй үед
  • Хоёр хоногийн өмнөөс үтрээнд угаалга хийхгүй, бэлгийн харьцаанд орохгүй, лаа цацлага хэрэглэхгүй
  • Үтрээнд ямар нэг эмгэг, ялгадасгүй байна.
spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!