Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох заалтууд

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Ганхуяг, Г.Ганболд, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Г.Амартүвшин нар санаачилсан “Зөвшөөрлийн тухай хууль”-ийг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Хууль батлагдсанаар төрөөс олгодог 1600 орчим зөвшөөрлийг тав дахин багасгаж 360 болох юм.

Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас ард иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахаас бусад бүх үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй болно. Харин эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, байгаль экологитой холбоотой үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох хүсэлт илгээнэ.

Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулд тусгагдсан гол зохицуулалтуудын талаар мэдээллээ.

Хуульд дараах гол зохицуулалтуудыг тусгажээ

-Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй, хуулиар давхардуулан олгож буй, бүртгэлийн шинжтэй зэрэг 1,600 гаруй зөвшөөрлийн тоог цөөрүүлж 350 болголоо.

-Зөвшөөрөл олгох процессын харилцааг салбарын хуулиар нарийвчлан зохицуулаагүй тохиолдолд Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэхээр зохицуулсан.

-Зөвшөөрлийн жагсаалтад туссан зөвшөөрөл тус бүрийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр энгийн болон тусгай зөвшөөрөл гэж ангилсан. Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй тохиолдолд Энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно.

-Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно.

-Төрийн байгууллагын зүгээс иргэн, ААНБ-н зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө энэ тухай мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг болно.

-Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийг анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно.

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ ПРОЦЕССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТУУД:

-Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг болгох зохицуулалтуудыг тусгасан.

-Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног: Өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 30 хоног хүртэл хоног байна.

-Магадлан шалгах ажиллагаа 5 хоног /энгийн зөвшөөрөл/, 10 хоног /тусгай зөвшөөрөл/: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 10 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын 5 өдрөөр сунгана.

-ШИЙДВЭР ГАРГАХ 5 ХОНОГ: Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргана. Дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосон тооцно.

Зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө сунгуулах хүсэлтээ гаргана.

-БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ ШАЛГАХ 2 ХОНОГ: Хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгана. Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлнэ. Баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног хүртэл байна.

-МАГАДЛАН ШАЛГАХ ХУГАЦАА: Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын 5 өдрийн дотор, энгийн зөвшөөрлийг ажлын 3 өдрийн дотор магадлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын 3 өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын 2 өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ дээрх хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгасанд тооцно.

 

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!