No menu items!
HomeХүмүүс10 баримт: "Яг түүн шиг" шоуны оролцогч, дуурийн дуучин Ө.Уянга

10 баримт: “Яг түүн шиг” шоуны оролцогч, дуурийн дуучин Ө.Уянга

-

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн зургаан дугаар үзэгчдэд хүрээд байна. Дугаар бүрийн үзүүлбэрээр өөрийн авьяас чадварыг батлан харуулж буй МУГЖ Ө.Уянгыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Баримт 1: Дуучин Ө.Уянга 1979 онд Хөвсгөл аймагт төржээ. 1995 онд арван жилийн дунд сургуулиа төгссөн. 1997-2002 онд СУИС-д дуурийн дуучин мэргэжлээр суралцсан бөгөөд 2003 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна. Театрын тайзнаа анх Төрийн соёрхолт Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Сорхогтан хатны дүрд тоглож байжээ. 

Баримт 2: 2005 онд Новосибирск рүү Глинкийн нэрэмжит консерватурт хоёр жил сурахаар явсан. Түүнийг амралтаараа ирэхэд “Классик Жем” хамтлагт дуулах санал ирж, хүлээн авснаар хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан. Хамтлагтаа дуулж, театртаа ажиллахын зэрэгцээ мөн Итали улсад суралцжээ.

Баримт 3: Нэгэн үе овоглож явсан “Классик Жем” хамтлаг нь 2004 онд байгуулагдаж байсан бөгөөд “Эх орон”, “Дурсамж” нэртэй хоёр цомог гаргаж байсан юм. Хамтлаг Ө.Уянгаас болж тарсан гэх яриа гарч байлаа. Харин энэ талаар тэрбээр, “Хамтлагийнхантайгаа хоёр гурван жилийн хугацаанд сайхан сайхан уран бүтээлүүдийг туурвисан.

Дуурийн дуучны хувьд хорин насны сүүл, гучаад нас бол ид сайхан тогтворжин сайхан дуулдаг үе. Нас маань ч болсон учраас уран бүтээлийнхээ шаардлагаар хамтлагаасаа гарсан. Мөнгө төгрөг, Энхтайвантай холбоотой, үсдэлцэж зодолдсон гээд энэ бүхэн ор үндэсгүй мэдээлэл гэдгийг би урьд нь телевиз радиогоор ч гэсэн хэлсэн. Уран бүтээлээс болж хааяа хоорондоо маргах асуудал бол бидэнд байсан” хэмээж байжээ.

Баримт 4: Багадаа уран гулгагч болно гэж мөрөөддөг байж. Энэ талаар “Би хүүхэд байхдаа сэргэлэн, сахилгагүй, эршүүд хүүхэд байсан. Эрт хэлд орчихсон, адтай охин байсан гэсэн. Том хүний дууг  хурдан сурчихдаг болохоор томчууд өхөөрдөөд намайг дуулуулж чихэр өгнө өө. Бидний багад оросын ганцхан суваг гардаг байсан. Гялтаганасан даашинзтай уран гулгалтын эгч нарыг хараад л би уран гулгагч болно гэж мөрөөддөг, ОРТ суваг үзсээр байгаад орос хэлд дуртай болчихсон,  орос хэлнийхээ багшид хайртай тийм хүүхэд байлаа” хэмээсэн байдаг.

Баримт 5: Тэрбээр “Уянга”, “Бахархал”, “Монгол”, “Grand Opera” “Эрхэмсэг”, “Зул сарын үдэш” зэрэг 10 гаруй тоглолт хийж үзэгч олонд хүргэсэн.

Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөл “Богем” дуурийн Мими, “Травиата” дуурийн  Виолетта, “Риголетто” дуурийн Жильда зэрэг дүрийг тайзнаа амилуулсан тэрбээр, “Дүрээс дүрийн хооронд өөрийнхөө бие, сэтгэлийг шилжүүлж, заримдаа шөнө хүртэл зүүдэлнэ шүү дээ, яг л галзуу хүн шиг” хэмээж байсан удаатай.

Баримт 6: Ө.Уянга Орос, Герман, Америкийн театруудаар дуулж явсан. 2015 онд Улаан-Үдэд “Тоска”-д гоцлон дуулж байхад “Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нийтлэл гарч байжээ. 2013 онд түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Гавьяат жүжигчин цол тэмдгээр урамшуулсан юм.

Баримт 7: Тэрбээр зөвхөн тайзны урлагт гэлтгүй дэлгэцийн урлагт хүч үзэж байв. UBS телевизийн бүтээл болох “Мамма Миа” мюзикл драмд тоглож байсан.

Баримт 8: Эрчүүдийн тухай “Сүүлийн үед эрчүүдээ болохгүй, бүтэхгүйгээр нь их дуудаж байна. Арай ч тэгж болохгүй ээ гэж дотогшоо өмөөрөх маягтай. Муу ч, сайн ч тэд чинь эр хүн шүү дээ. Дайн дажин болбол хөөрхий муу эрчүүд минь л явна. Хамгийн гол нь манай эрчүүд архи гэдэг хорыг л хэрэглэхээ больчих хэрэгтэй. Архинаас хол байвал амьдрал тэгшрээд л ирнэ дээ” хэмээн өөрийн бодлоо илэрхийлж байжээ.

Баримт 9: Тэрбээр мэргэжил нэгт дуучин Б.Баатархүү гэх залуутай гэр бүл болсон. Энэ талаар нэгэн ярилцлагадаа “Манай гэр бүлийн хүн дуучин мэргэжилтэй. Нэрт Ц.Пүрэвдорж гуайн шавь. Одоо Улаанбаатар чуулгын дэд даргаар ажиллаж байна. Гэр бүлээрээ дуулаад явахад хэцүү болохоор намайг дуулаад яв гээд өөрөө өөр ажил хийсэн. Гэхдээ урлагийн хүн учраас дуулахаа хаяагүй” гэжээ.

Баримт 10: “Яг түүн шиг” шоуны тайзнаа Cardi B, Faith Hill, Nightwish, Д.Болд, Dua Lipa, Tones and I гэх оддыг авч ирж, уран бүтээлээс нь толилуулсан билээ.

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд