Б.Мөнхтогоо: Баянхонгорын эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хүү маань саажилттай болсон

Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа, эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн олгойн хагалгаанд орсон хүүхэд саажилттай болсон талаар Баянхонгор аймгийн  иргэн Б.Мөнхтогоо, Б.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ “Биеийн хөгжил, эрүүл мэндэд нь ямар ч зовуурь байгаагүй хүүхэд эмч нарын хариуцлагагүй байдлын улмаас таталттай, саажилттай болсон. 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр гэдэс дотор нь өвдөж, улмаар сумынхаа эмнэлэгт үзүүлсэн байдаг. Олгой ургасан шинж тэмдэгтэй учраас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явах хэрэгтэй гэж сумын эмч нар хэлсэн. Ингээд 2019 оны тавдугаар сарын 10-нд аймагтаа олгой хагалгаанд орсон. Хагалгаанд ороод ухаангүй байсан шөнө аймгийн эмч нар ар гэрт нь мэдэгдэхгүйгээр нугаснаас нь ус авсан байгаа юм. Мөн маргааш өдөр нь хоёр дахь удаагаа нугаснаас ус авсан. 

Хамгийн гол нь мэдээгүйжүүлэлтийг нугасаар хийж, дараа нь унтуулгын тариаг судсаар хийсэн байгаа юм. Хоёр өөр бодисыг хавсарч тарьснаар тархины эд эсүүд гэмтсэн талаарх эмч нарын дүгнэлт ч гарсан. Гэтэл үүнийг менингококк халдвараар тархи нь гэмтсэн гэж бидэнд ойлгуулж ярьсан. Түүнчлэн ухаангүй байх хугацаанд тус нэгдсэн эмнэлгийн эмч нар сүрьеэ өвчин гэж бидэнд хэлсэн байдаг” гэсэн юм.

Хүүгийн аав Б.Мөнхтогоо “Үйлдлээ нуух зорилготойгоор өөр өвчин болгож сүрьеэгийнхээ тасаг руу явуулахаар шийдсэн байгаа юм. Хүүхдийн маань бие улам муудсан учраас аймагт 11 хоноод хотод ирсэн. Гэвч саажилт чангаралтай өдийг хүртэл явж байна” гэлээ. 

Тэд үргэлжлүүлэн ярихдаа “Хүүхдийн биеийн байдал маш хүнд, дөрвөн мөч нугас нурууны байнгын таталттай байгаа. Энэ хугацаанд хөдөө амьдардаг ар гэрийнх нь амьдрал ахуй бүрэн зогссон. Сургуульд байдаг хүүхэд нь сургуулиас гарч дүүгээ асарч байна. Ээж нь байнга тэвэрч өргөөд гурван жил явлаа. Энэ өвлөөс нурууны гэмтэлтэй болж эхэлсэн.

Хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн эмчилгээнээс үүдэн ийм сөрөг дагавар үүссэн гэдгийг олон эмч дүгнэсэн. 12 наснаас доош насны хүүхдэд ерөнхий унтуулга хийнэ гэдэг зөвлөмжтэй байхад аймгийн унтуулгын эмч П.Алтанзаяа хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийсэн байдаг. Мөн давхар унтуулга хийсэн учраас тархи нь маш хүнд өвдөх шалтгаан болсон” гэв

Мөн Баянхонгор аймгийн МХГ-ын улсын байцаагч н.Хонгорзулын гаргасан дүгнэлтээр, “Хүүхдийг хагалгаанд ороход олгойн өвчлөл мөн эсэхийг батлаагүй. Уг асуудал дээр эмч нар маш том алдаа гаргасан” гэж дүгнэжээ.

Тус хэргийн талаар хуулийн байгууллагад 2019 оны найман сарын 27-нд гомдол гаргасан байна. Улмаар хэрэг мөрдөх үйл ажиллагаа нээгдсэн.

Хэрэгт Баянхонгор аймгийн прокурор н.Дэлгэрмээ хяналт тавин ажилласан. Ямар нэг хариу гарахгүй удсан учир бид Н.Дэлгэрмаа прокурортой уулзахаар очсон. Тэгтэл өөдөөс “ Та нар баярлаж байна уу. Хүүхэд тань эмч нарын ачаар бие нь сайн болсон байна шүү дээ. Та бүхэн баярлаж байгаа биз дээ” гэсэн тайлбар өгсөн.

Ийнхүү хэрэг дээр маш олон хүний дүгнэлт гарч ЭМЯ-нд хүртэл гомдол хүргүүлсэн ч одоо болтол хэрэг шийдэгдээгүй. Харин ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлт дээр М.Эрхэмбаяр хүүг нас барсан гэж бүртгэжээ. Хэрэг шүүхэд шилжиж 2021 оны 12 сарын 28-нд хурал зарлагдсан байна. Ар гэр шүүх хуралд ирсэн. Гэвч холбогдогч н.Алтанзаяагийн тал нэмэлт өмгөөлөгч авах хүсэлт өгснөөр хурал хойшилсон.

Үүний дараа дахин дуудсан ч холбогдогч этгээд ковид туссан шалтгаанаар хойшилсон. Гуравдах удаагаа зарлагдсан шүүх хурлаас дахин цагдаагийн шалгах ажиллагаанд шилжүүлэхээр болсон” гэлээ.

Улмаар хэрэг хариуцах эзэнгүй гурван жил болоод байгаа аж. Энэ хугацаанд хүүгийн эмчилгээний төлбөрт холбогдогч талаас нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд онгоцоор зөөвөрлөхөөс эхлээд бүх зардлын ар гэр өөрөөс гаргажээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!