No menu items!
HomeЭрүүл мэнд"Нярайн шарлалт хүүхэд төрснөөс хойших хоёр дахь хоногоос илэрч, 7-14 хоногийн хугацаанд...

“Нярайн шарлалт хүүхэд төрснөөс хойших хоёр дахь хоногоос илэрч, 7-14 хоногийн хугацаанд дуусч байх ёстой”

-

ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг нярайн шарлалт ба анхаарах зүйлсийн талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

-Нярайн шарлалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхэд эхээс төрснөөс хойших 28 хүртэлх хоногийг нярай үе гэж нэрлэдэг. Энэ үед хүүхдийн арьс, салст шарлахыг нярайн шарлалт гэнэ. Шарлалт нь нярай хүүхдийн дасан зохицлын үе шат явагдаж буйг илтгэх хэвийн физиологийн процесс юм. Билирубин хэмээх нөсөөт бодисын улмаас нүдний салстууд, арьсанд нэлэнхүйдээ шарлалт илэрдэг бөгөөд гүйцэт болон дутуу нярайд харилцан адилгүй, ялгаатай эхэлнэ.

Нярайн шарлалт үүссэн хугацаа, хэзээ эхэлсэн байдал, цусан дахь билирубин бодисын хэмжээнээс хамаараад хүүхэд бүрт харилцан адилгүй илэрч болно. Гүйцэт болон гүйцэттэй ойролцоо дутуу нярай хүүхдүүдэд мэдэгдэхгүйгээр шарлалт явагдаж, хэвийн үргэжлэх тохиолдлууд бий.

Хэвийн шарлалт нь хүүхэд төрснөөс хойших хоёр дахь хоногийн төгсгөлөөс илэрч, 7-14 хоногийн хугацаанд дуусч байх ёстой. Ази хүний арьсны онцлогоос хамаараад зарим тохиолдолд 2-3 долоо хоног үргэлжлэх нь бий. Гэхдээ энэ нь 10 хувь орчимд тохиолддог.

Хүүхэд хөхөө хангалттай хөхөж байгаа, эхийн сүүний гарц хангалттай байгаа тохиолдолд шарлалт мэдэгдэхгүй байдлаар явагдаж, билирубин бодис хурдан биеэс ялгарна.

Эмгэг шарлалтын ангилалд багтах эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд шарлалт удаан үргэлжилдэг.

Эмгэг шарлалтын ангилалд багтах эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд шарлалт удаан хугацаанд явагдах нь бий.

Тухайлбал,

-Эх, нярайн цусны бүлгийн үл тохироо. Сөрөг бүлгийн цустай эхээс эерэг бүлгийн цустай хүүхэд төрсөн тохиолдолд цусны задралаас үүсч байгаа билирубины хэмжээ хэт өндөр байх магадлалтай

-Чихрийн шижинтэй эхээс төрсөн нярай

-Дутуу, хүнд бүтэлттэй төрсөн нярай

-Зарим өвчин, эмгэг зэрэг эрсдэлт хүчин зүйлс багтана. Энэ тохиолдолд хүүхдийн шарлалт удаашралттай явагддаг.

Хүүхэд хөхөө хангалттай хөхөж, зунгаг, шээсний гарц хэвийн, хоол боловсруулах зам хэвийн ажиллаж байвал билирубин бодис жамаараа биеэс гадагшилж, биед ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй.

-Нярайн шарлалт төрсний дараах хоёр хоногоос хойш илрэх үү?

– Зарим тохиолдолд төрсний дараах 24 цагийн дотор илрэх бөгөөд энэ нь эмгэг шарлалтад хамаарна. Физиологийн шарлалт нь төрсний дараах хоёр дахь хоногоос л эхэлнэ. Дөрөв дэх хоногоос эхэлвэл мөн л эмгэг шарлалт болно. Ямар нэгэн эмгэг, нөлөөлөх хүчин зүйлс байна гэж үздэг.

Билирубины түвшин цусанд өндөр болж, арьсан дээр шарлалт илүү тод илрэлттэй харагдах хугацаа нь 3-4 дэх хоног юм. Энэ үед хөхөө сайн хөхөж байгаа тохиолдолд билирубины хэмжээ буурна. Эрүүл нярайд 7 хоног, эрсдэлтэй нярайд 14 хоногийн дотор буурчихсан байна гэж үздэг. Физиологийн шарлалт 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилж байвал эрүүл мэндийн байгууллагад хандаж, нярайн эмчийн зөвлөгөөг авах ёстой.

-Шарлалтаас үүсэх эрсдэл гэж бий юу?

-Нярайн шарлалт ихэвчлэн хүндрэлгүй хэлбэрээр явагддаг. Билирубин бодисын түвшин хэт өндөр болсон, биеэс ялгарахгүй байгаа тохиолдолд мэдээж аюултай. Гэхдээ олны дунд яригдаад байгаа шиг нярайн шарлалт 200-аас ихсэж, тархи нь гэмтсэн гэдэг нь буруу ойлголт юм.

Онолын хувьд тархи хордлогын хүндрэл гардаг уу гэвэл гардаг. Цусны сийвэн дэх билирубины хэмжээ 450-аас дээш микро моль байгаа тохиолдолд эрсдэлтэй гэж үздэг. 500-510 микро моль, түүнээс дээшилвэл тархины эсийг гэмтээх магадлалтай.

Цөөн тохиолдолд тархийг гэмтээн тархины эмгэгшил, түүний хүндрэл цөмөн шарлалт үүсгэдэг. Тэгэхээр нярайн шарлалт бүр тархийг гэмтээдэг гэдэг нь буруу ойлголт шүү.

-Эцэг, эхчүүд юунд анхаарах вэ?

-Арьсны шарлалт биеийн аль хэсгийг хамарч байгааг ажиглаарай. Нүүр, хүзүү, цээжний урд хэсэгт шарлалттай бусад хэсэгт байхгүй бол харьцангуй эрсдэлгүй шарлалтууд явагдаж байна гэсэн үг.

Хүүхдийн гарын алга, хөлийн улын шарлалт тодорч байгаа эсэхийг ажиглаарай. Хүүхдийн гарыг алгыг өөрийн гарын алгатай харьцуулж, өдрийн гэрэлд харж болно.

Шарлалт илүү нэмэгдэх, зунгаг, шээсний гарц багасах, хөхөндөө муудах зэрэг шинжүүд ажиглагдаж байвал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

-Хэдэн цагийн давтамжтай хөхөө хөхүүлэх шаардлагатай вэ?

-Хөхний сүү бол юугаар ч орлуулашгүй чухал зүйл. Хүүхэд бүх шаардлагатай шим тэжээлээ, шингэний хэрэгцээгээ хөхний сүүнээс л авна. Нярай хүүхдэд өөр нэмэлт шингэн, сахарын уусмал өгөхийг зөвлөдөггүй. Аль болох олон удаагийн давтамжтай хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд хэвийн хөхөж байвал хүссэн үед нь хөхүүлээрэй. 2-3 цагийн давтамжтайгаар, ойрхон, ойрхон хөхүүлэх шаардлагатай гэж зөвлөдөг.

“Нэгдүгээрт Эрүүл мэнд” нэвтрүүлэг

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд