“Түрүү булчирхайн өвчлөлийг насны ангиллаар ялгадаг”

0
216

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн их эмч, Анагаах ухааны магистр П.Мягмарсүрэн зөвлөж байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 10-аар бага байгаа юм. Энэ нь халдварт, халвдарт бус, хавдрын өвчлөл гэсэн эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой. Эрэгтэйчүүдийн өвчлөл дунд зүрх судасны өвчлөл тэргүүлэх байр суурийг эзэлж байна.  Үүнд даралт ихсэлт, цус харвалтууд багтана. Мөн хавдар, чихрийн шижин, хоол боловсруулах тогтолцооны, амьсгалын замын тогтолцооны эмгэгүүд зонхилон тохиолддог.

Зүрх судасны өвчлөл, хавдар, үйлдвэрийн осол, амиа хорлолт нь эрэгтэйчүүдийн нас баралтын голлох шалтгаанууд болж байна гэсэн статистик бий.

Бүхий л эрхтэн тогтолцооны эмгэгт нөлөөлж байгаа хэд хэдэн гол шалтгаан бий. Тодруулбал, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт, архи, тамхины хэрэглээ юм.

Эдгээр нөлөөлөх хүчин зүйлс нь зөвхөн эрчүүдэд байдаг эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн ул суурь болдог.

Түрүү булчирхайн үрэвсэл ба хоргүй хавдар

Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний хамгийн том төлөөлөл болох түрүү булчирхай нь угаасаа байдаг эрхтэн. Ард иргэдийн дунд түрүү булчирхайтай болчихлоо гэдэг буруу ойлголт бий. Түрүү булчирхайн өвчлөлийг насны ангиллаар ялгадаг. 55, 60 -аас дээш насанд тохиолдож байгаа эмгэг бол түрүү булчирхайн хоргүй хавдар.

Харин түүнээс доош насанд тохиолдож байгаа нь түрүү булчирхайн үрэвсэл бөгөөд нянгийн болон бусад гадны шалтгааны улмаас эдийн түвшинд үрэвсэл явагддаг.

Хамгийн түгээмэл шалтгаан нь бэлгийн замаар дамжих халдварууд, стресс, уур бухимдал, биеийн дарлаа сулрах, бусад эрхтний архаг үрэвсэл юм.

Илрэх гол шинж тэмдэг нь:

-Шээх үйл ажиллагаа алдагдах буюу ойр ойрхон шээх, шээхдээ дүлэх, шөнө шээх, дутуу шээсэн мэт санагдах,

-Өвдөлтийн хам шинж буюу төмсөг, цавь, давсгаар өвдөх,

-Бэлгийн үйл ажиллагааны хямрал

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

55-аас дээш насанд түрүү булчирхайн хоргүй хавдар тохиолддог нь нас ахих тусам цусанд дахь бэлгийн дааврын харьцаа алдагдаснаас улбаатай. Энэ үед түрүү булчирхайн хэмжээ томорсноор шээх үйл ажиллагаанд саад үүсч, зовиур илэрнэ.

Илрэх шинж тэмдэг:

-Ойр ойрхон шээх, дүлж шээх, дутуу шээх, зарим хүнд тохиолдолд шээс хаагдах шинж илэрдэг.

Хэрхэн оношлох вэ?

 Шинж тэмдэг илэрч байна гэж үзвэл хэд хэдэн шинжилгээ өгөх ёстой. Үүнд:

-Хэт авиан шинжилгээ буюу ЭХО

-Шээсний ерөнхий шинжилгээ болон шээсэнд нян ургуулах шинжилгээ  

-Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх шинжилгээ

-40-өөс дээш насныханд түрүү булчирхайн хавдрыг илрүүлэх өвөрмөц маркер гэсэн үндсэн хэд хэдэн шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай.

-Түрүү булчирхайн үрэвсэл бүрэн эдгэрэх үү?

-Эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрнэ. Харин үрэвсэл үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг ариглаж чадахгүй, дэглэмээ барьж чадахгүй бол дахих магадлал өндөр.

-Бэлгийн замаар дамжих халдварыг дутуу эмчилсэн тохиолдолд түрүү булчирхайд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Бэлгийн замаар дамжих халдварыг эмчлээгүй, дутуу эмчилсэн, олон дахин халдвар авах нь түрүү булчирхай, төмсөгний эмгэгүүд үүснэ. Эмчлэхгүй байснаар 60-аас дээш насанд тохиолддог түрүү булчирхайн хоргүй хавдар эрт үед тохиолдох эрсдэлтэй. Бэлгийн замаар дамжих халдвар нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үндсэн үйл ажиллагааг алдагдуулж, үргүйдэлд хүргэдэг. Тиймээс зайлшгүй бүрэн гүйцэт эмчлэх хэрэгтэй.

-Түрүү булчирхайн өвчлөлийг тоохгүй, эмчлүүлэхгүй явах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Түрүү булчирхайн хоргүй хавдрын үед шээс хаагдах, цусаар шээх, шээсний замын халдварт олон дахин өртөх, давсганд чулуу үүсэх, бөөрөнд усжилт үүсч, үйл ажиллагаа нь алдагдсанаар бөөрний дутагдалд орох эрсдэлтэй.

Харин залуучууд түрүү булчирхайн үрэвслийг тоохгүй удаан явснаар буглаа, үргүйдэл үүсэх, бэлгийн үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй. Цаашлаад салалт, гаж донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг бий болгож болзошгүй.

Төмсөгний эмгэгүүд

Төмсөг нь эрэгтэй хүний хамгийн чухал хос эрхтэн. Эр бэлгийн даавар ялгаруулснаар эрэгтэй хүн байх шинжийг бүрдүүлэх, үр боловсруулах гэсэн үндсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг.

Төмсөгний төрөлхийн эмгэг

Төмсөгний төрөлхийн эмгэг гэж бий. Энэ нь хуйхнагтаа буугаагүй буюу байх ёстой газартаа байхгүй төрөлхийн гаж хөгжил юм. Тиймээс эрэгтэй хүүхдүүдийг багаас нь анзаарч байх хэрэгтэй.

Ирээдүйд үргүйдэл болон хавдар үүсэхээс сэргийлж хүүхэд насанд нь эмчлэх ёстой байдаг.

Төмсөгний судасны өргөсөл

16-аас дээш насанд төмсөгний судасны өргөсөл тохиолддог. Уг  өвчлөл сүүлийн жилүүдэд цэрэг татлагын үзлэгээр их илэрч байна. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа эрэгтэйчүүдийг судлаад үзэхээр төмсөгний судасны өргөсөлтэй байдаг. Уг өвчнийг тодорхой заалтын дагуу мэс заслын аргаар эмчилнэ.

Төмсөгний үрэвсэл

Хүүхэд, залуус санаатай болон санамсаргүй байдлаар төмсгөө гэмтээх, бэлгийн замаар дамжих халдвараас шалтгаалан төмсөгний үрэвсэлтэй болох юм бол мөн нөхөн үржихүйн үйл ажиллагаа алдагддаг. Төмсөг үрэвссэн тохиолдолд эмийн эмчилгээ хийнэ. Харин эмчилгээ үр дүн өгөхгүй бол мэс засал хийж төмсгийг авдаг харамсалтай тохиолдлууд бий. Тиймээс залуучаад маань болгоомжтой байх, ямарваа нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж байх нь чухал.

Төмсөгний үрэвсэл нь архаг болон цомчог хэлбэрээр явагддаг. Цочмог байдлаар явагдаж байгаа тохиолдолд өвдөлт ихтэй учраас эмнэлэгт хандахаас өөр аргагүй нөхцөлд хүрнэ. Харин архаг хэлбэрийн хувьд шинж тэмдэг бага багаар ажиглагдана.

Үргүйдэл

Хосууд хамт амьдраад нэг жилийн хугацаанд ямар нэгэн жирэмснээс хамгаалах арга хэрэглэхгүй, бэлгийн харилцаа тогтвортой байгаа ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа бол үргүйдэл гэж үзнэ гэж тодорхойлсон байдаг. Хосууд хамтдаа эмчид үзүүлснээр эрэгтэй шалтгаантай байна уу, эмэгтэй шалтгаантай байна уу гэдгийг тодорхойлно. Мөн хавсарсан шалтгаанууд бий.

Эрэгтэйчүүдийн үргүйдэлд хүрэх түгээмэл шалтгаанууд:

-Бэлгийн замаар дамжих халдвар

-Төмсөгний гэмтэл

-Архи, тамхины хүчин зүйл

-Рентген туяа болон бусад хортой нөхцөлд ажиллах

Бүрэн гүйцэт судлагдаагүй, манай улсад оношлоход төвөгтэй байгаа нэг асуудал нь генетикийн эмгэгүүд юм.

Оношлох гол арга нь үрийн шингэний шинжилгээ. Шинжилгээгээр ямар хэлбэрийн үргүйдэл байгаагаас хамаараад эмчилгээ нь өөр өөр байна.

Бэлгийн сулрал

Сүүлийн жилүүдэд шодойн хөвчрөлийн алдагдал гэдэг нэр томьёонд шилжсэн. Энэ нь бэлгийн харилцааны үед шодой буюу эр бэлэг эрхтэн хангалттай хэмжээнд хөвчрөхгүй байх, удаан хадгалж чадахгүй байх, бэлгийн дур хүсэлгүй байх зэрэг хямралыг хэлнэ.

Шалтгаан:

-Таргалалт

-Хөдөлгөөний хомсдол

-Архи, тамхины хэрэглээ

-Бэлгийн замаар дамжих халдварууд

Эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээ 30 нас хүртэл өгсөж байгаад түүнээс хойш жил тутамд тодорхой хувиар багасч байдаг. Хангалттай хэмжээ, идэвхи нь бэлгийн дур хүсэл болоод хөвчрөх үйл ажиллагаанд маш чухал. Харин дээрх шалтгаан, эрсдэл хүчин зүйлсийн улмаас эр бэлгийн дааврын хэмжээ хурдацтай буурч, нөхөн үржихүйн үйл ажиллагаа алдагддаг.

“Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвтрүүлэг