“ЭТТ-н төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаас өрийг төлүүлэх шийдвэр гарсан”

Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлбөрийн асуудал Засгийн газарт хамаарах асуудал болоод байна.

Өчигдөр Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны хурал болсон. Энэ үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “Эрдэнэс Монгол” ХХК-ийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар эргэн төлүүлэх болсон талаар мэдээллээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 155.5 тэрбум төгрөг байгаа юм.

Тэрбээр, “Хөгжлийн банканд төлөгдөх ёстой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын өглөг бий. “Эрдэнэс Монгол” ХХК бага зэргийн төлөлт хийсэн, бүрэн төлөгдөж дуусаагүй. 2015 оны 449-р тогтоолын дагуу энэхүү дэд бүтцийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэнтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбумын үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны Улсын төсөвт тусгаж, эргүүлэн төлөх гэсэн заалт байдаг юм билээ. Энэ нь мөн хэрэгжээгүй учраас манай банканд чанаргүй зээл болж үлдчихээд байгаа юм.

2017 оны 42-р тогтоолоор энэхүү 239 км хүнд даацын авто замын хөрөнгийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд шилжүүлэн бүртгэсэн. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан” гэлээ.