No menu items!
HomeОнцлох үйл явдалНДЕГ: Өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаас 45 хувиар бодож тогтооно

НДЕГ: Өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаас 45 хувиар бодож тогтооно

-

Нийгмийн даатгалын цахим гарын авлагаас өндөр насны тэтгэврийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР

Өндөр насны тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн баталгааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран тэтгэврийг бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоодог.

ӨНДӨР НАСНЫ БҮРЭН ТЭТГЭВЭР: Нийтдээ 21 жил+3сар* ба түүнээс дээш хугацаанд шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

2021 онд 21 жил шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60 настайдаа, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэр тогтоолгож болно. Цаашид энэ хугацаа жил бүр 3 сараар нэмэгдэж 2037 оноос эхлэн 25 жил болно.

ӨНДӨР НАСНЫ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР: 10-20 хүртэл жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч төрсөн ондоо- харгалзах насанд хүрсэн тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно. Тухайлбал 1961 онд төрсөн эрэгтэй 61 насанд хүрээд, 1966 онд төрсөн эмэгтэй 56 насанд хүрээд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлэхтэй холбоотой өөрчлөлт орж эрэгтэй даатгуулагчийн тэтгэврийн насыг 2027 он гэхэд, эмэгтэй даатгуулагчийн тэтгэврийн насыг 2037 он гэхэд 65 нас болгохоор баталсан. Үүний дагуу тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ насыг тухайн онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх хугацааг хангаагүй тохиолдолд баримтална.

Жишээ: 1962 онд төрсөн даатгуулагч (эрэгтэй) “А” нь нийтдээ 30 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол 2022 онд 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Хэрвээ даатгуулагч“А”-ийн шимтгэл төлсөн нийт хугацаа нь 18 жил  байсан бол тэрээр 61 нас 3 сар хүрээд өндөр насны тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгоно.

Нөгөө талаас тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлалыг мөн 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэрэв уг хугацааны болзлыг хангасан даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60 настайдаа, эмэгтэй 55 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Жишээ: 1961 онд төрсөн эрэгтэй даатгуулагч 2021 онд 60 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргавал 21 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байх шаардлагатай.

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар бодож тогтооно.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлдэг. Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоох шимтгэл төлж ажилласан хугацааны болзлыг хангаагүй боловч 10-аас дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн хувьд түүний шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг хувь тэнцүүлэн бодож олгодог.

Тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохдоо хуульд заасан шимтгэл төлөх хугацааг бүрэн хангасан нөхцөлд тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих хугацааны нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тогтоох тэтгэвэр

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлөөд хуульд заасан тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацааны болзлыг хангасан тохиолдолд ердийн нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчаас насны хувьд 5-10 жилийн өмнө өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжтой байдаг.

Олон хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэвэр

Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөсөн эх нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөд өөрөө хүсвэл 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг.

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцож тэтгэвэр тогтоодог бөгөөд энэхүү нэмэгдэл нь 2020 оноос хойш шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа бүх эхчүүдэд хамааралтай.

Тэтгэврийг нас харгалзахгүйгээр тогтоодог онцлог тохиолдол:

  • Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад нийтдээ 20-оос доошгүй жил дараах ажил мэргэжлээр ажилласан, эсхүл нийтдээ 25 жил үүнээс эдгээр ажил мэргэжлээр 15-аас доошгүй жил ажиллаж шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл.

– Гоцлол дуучин

– Гоцлол бүжигчин

– Агаарын болон хэрэглэлийн гимнастик

– Акробат

– Тэнцвэр

– Уран нугаралт

– Хүн жингийн үзүүлбэрийн жүжигчин

– Зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч

– Хөөмийчин

– Үлээвэр хөгжимчин

  • Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл,
  • Шүүгчээр 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шүүгч өөрөө хүсвэл,
  • 30 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд