НДЕГ: Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоож болно

0
1518

Нийгмийн даатгалын цахим гарын авлагаас тэжээгчээ алдсаны тэтгэврийн талаар өгсөн мэдээллээс хүргэж байна.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж даатгуулагчийг нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нас барсан тэжээгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамааран түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоодог.

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ БҮРЭН ТЭТГЭВЭР:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 ба түүнээс дээш жил төлсөн бол
  • Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь шимтгэл төлсөн бол

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

  • Нийтдээ 5-аас доошгүй жил үүнээс 1 жил нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол

Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хэн хамаарах вэ?

  • Төрүүлсэн болон үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд;
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн  хүүхэд;
  • Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу болон 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
  • Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу  болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү
  • Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг (нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр)
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойд эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил;
  • Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойд эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил.

Тэтгэвэр бодох аргачлал

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох аргачлалаар буюу сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдэл тооцсон хэсгээс хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоог харгалзан дор дурдсан хувь хэмжээгээр бодно:

  • 3 ба түүнээс дээш гишүүтэй бол – 100 хувиар
  • 2 гишүүнтэй бол – 75 хувиар
  • 1 бол – 50 хувиар

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

  • Өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх)
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)
  • Нас барсны гэрчилгээ
  • Гэрлэлтийн баталгаа эсхүл шүүхийн шийдвэр
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Асран хамгаалагчаар тогтоосон Засаг даргын захирамж

Жич: Нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд дэлгэрэнгүйг лавлах бол нийгмийн даатгалын байгууллагад хандана уу.