ГССҮТ-ийн Насанд хүргэгчдийн гэмтэл согогийн II тасгийн их эмч С.Батсүхийн мөрний гэмтэл, эмчилгээний талаар өгсөн мэдээллийг сэргээн, сийрүүлэн хүргэж байна.
Мөрний гэмтлүүд ихэвчлэн ямар шалтгааны улмаас үүсэх вэ?
Мөр нь хүний том үеүдийн нэг бөгөөд түүний гэмтэл нь тохиолдлын хувьд өвдөгний гэмтлийн дараа ордог. Мөрний үе нь ихэвчлэн архаг шалтгааны болон спортын гэмтлийн улмаас үүсдэг.
Хүмүүс өдөр тутам өөрийн мэдэлгүйгээр мөрөө өргөх, эргүүлэх хөдөлгөөн хийдэг бөгөөд энэ нь амьдралын чанарт ихээхэн нөлөөлж байдаг. Түүнчлэн мөрний үеийн гэмтлийн мэс заслын эмчилгээг манай улс бүрэн шийдвэрлэх боломжтой болсон. Мөрний гэмтлийг хүйсээр нь аваад үзвэл эрэгтэй 60, эмэгтэй 40 хувийг эзэлж байна
Мөрний гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Гэмтлийн үед ямар эмчилгээ хийж байна вэ?
Спортоор хичээллэдэг бол зөв уналт, техникийг эзэмшсэн байх хэрэгтэй. Мөн мөрний хамгаалалтуудыг хэрэглэх нь зүйтэй. Мөрний гэмтлийн мэс заслууд ихэвчлэн дурангаар хийгдэж байгаа. Тухайлбал, мөрний холбоосуудыг сэргээх, шөрмөс, тогтворгүйдлийг бэхлэх хагалгааг хийж байна. Мөн хоёрдогчоор үеийг чөлөөлөх мэс засал хийж эхэлсэн.
Мөрний үеийн мэс заслын дараа нөхөн сэргээлт хамгийн чухал байдаг. Гэмтлийн мэс заслын эмчилгээ 60 хувийг эзэлдэг бол үлдсэн 40 хувийг хагалгааны дараах нөхөн сэргээлт эзэлнэ. Энэ хоёр эмчилгээний хавсарснаар 100 хувийн үр дүнд хүрдэг.
Мэс засал хийлгэчхээд нөхөн сэргээлтийг сайн хийлгэж чадахгүй бол хагалгаа үр дүнгүй болно гэсэн үг. ГССҮТ нь мөрний үеийн дурангийн мэс заслыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дэлхийн стандартын дагуу хийж байгаа.
Эх сурвалж: ГССҮТ