“Ковидын дараа амьсгалын дасгалыг зөв техникээр, олон удаа хийснээр уушги хэвийн байдалдаа орно”

0
332

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сургалт гадаад харилцааны албаны дарга, Анагаах ухааны доктор, сэргээн засахын эмч Д.Цэнджав ковидын халдварын дараах сэргээн засах эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

Ковидын дараах сэргээн засах эмчилгээ, тусламж, үйлчилгээний асуудал эрдэмтэн судлаачдын анхаарын төвд байна.

Ковид-19 халдвар нь ихэнхдээ амьсгалын эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Тиймээс амьсгаадах, цээжээр хөндүүрлэх, цэртэй мэт ханиах шинжүүд илэрч байна. Мөн мэдрэлийн эрхтэн тогтолцоог гэмтээснээс мэдрэл сульдлын хам шинжүүд буюу ядрах, хөдлмөрийн чадвар буурах, бага зэрэг авчаалалд ядарч, сульдах, хөлрөх шинжүүд илэрнэ.

Залуучуудад зүрхний цохилт олшрох, үе, үе зүрхээр хатгуулах зовиурууд илрэх тохиолдол цөөнгүй байна.

Ковидын халдварыг цочмог, цочмогдуу болон архаг гэж ангилна. Цочмог, цочмогдуу үед цус бүлэгнэлтийн өөрчлөлтүүд их, ялангуяа, 55-аас дээш насныханд даамжрах хандлагатай.

Ковидын дараах нөхцөл байдлын өөрчлөлт архаг, суурь өвчтэй хүмүүст илүү тохиолдож байна.

Бусад эрхтэн тогтолцооны хавсарсан, суурь эмгэгийн хүндрэл нь халдвар авсны дараа ихсээд байгааг ковидын дараа л ийм хүндрэлүүд үүсч байгаа гээд эмнэлгийн байгууллагад хандахгүй, хүндэрсэн хойно нь хандаж, хугацаа алдаж байна. Тиймээс ковидын дараа л ийм шинжүүд илэрч байгаа гэсэн гэж бүгдийг нийтлэгээр битгий бодоорой. Ковидоос шалтгаалаагүй архаг хууч, хавсарсан эмгэгээ эмчлүүлэх хэрэгтэй.

Судалгаанаас харахад нийт халдвар авсан хүмүүсийн дийлэнхэд нь ковидын дараах нөхцөл байдал /урт хугацааны ковид/ тохиолдсон зүйл байхгүй. Ерөнхийдөө 30-40 хувьд нь л тохиолдож байгаа.

Ковидын халдварын дараах нөхцөл байдал гэлтгүйгээр хаврын улиралд байгалийн зохилдлогоор бадган арвидаж, дарлаа сулардаг тул ядарч сульддаг. Энэ үед залуус маань эрүүл нойрны дэглэмийг баримтлахгүй, унтах ёстой цагтаа унтахүй байна. Нойр бол юугаар ч солихгүй эм.

Ковидын дараах сэргээн засах эмчилгээнд эмийн, физик хүчин зүйлийг ашигласан, хөдөлгөөн эмчилгээ багтана. Амьсгалын дасгалыг зөв техникээр, олон удаа хийж байж л уушгины агааржилт муу, үрэвсэлд өртсөн хэсэгт агаарын солилцоо эрчимтэй явагдсанаар уушги хэвийн байдалдаа орно. Дөрвөн мөчний хөндлөн судалт булчингийн үйл ажиллагааг дэмжих дасгал хөдөлгөөн хийснээр уушги, амьсгалын болон зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагаа идэвхжинэ. Гэхдээ дасгал хийхдээ эрчмийг тохируулах нь чухал.

Халдварын хурц, хурцавтар үе шатанд сэргээн засах эмчилгээг эмчийн хяналтан дор хийх хэрэгтэй.

Эм, тариа хэрэглээд л өвчнийг нь шууд намдаачихдаг эмчилгээнд хүмүүс дуртай. Гэтэл сэргээн засах эмчилгээ нь өвчтөн төвтэй. Дасгал зааж өгнө, эмийг нь зөвлөж, үнэлж өгнө. Эмчийн зааврыг ёсчлон биелүүлснээр үр дүн гарна.

Зуны цагтаа хангалттай амарч, алжаалаа тайлах нь чухал. Байгальд гарах нь маш чухал нөлөөтэй. Мөн сувилалын газар, сэргээн засах төвүүд зэрэг мэргэжлийн байгууллагад хандах боломжтой юм.