Б.Батжаргал: Нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс арван наймыг цахим болгосон

0
339

ХНХЯ-ны нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалын өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Б.Батжаргал: Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжид заасны дагуу даатгуулагч иргэдэд дараах төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг олгож байна. 

Тэтгэмжийн даатгалын сангаас:

1. Богино хугацааны эрсдэлийг хаасан даатгал буюу хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж

2. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

3. Оршуулгын тэтгэмж

Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болон сургалтын төлбөрийг хуульд заасны дагуу олгож байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчдад тэтгэвэр олгодог. Хэрэв даатгуулагч нас барсан бол ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгоно. Мөн хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчийг сувилах, нөхөн сэргээх, буцаад ажлын байранд гарахад туслах зардлуудыг энэ сангаас олгож байна. Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчийг ажилгүй байх хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг уг сангаас олгодог зохицуулалттай.

Мөн тэтгэврийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэвэр олгож байгаа. Тодруулбал:

1. Тахир дутуугийн тэтгэвэр

2. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

3. Өндөр насны тэтгэврийг олгодог.

Нийгмийн даатгалын нийт үйлчилгээг дарааллаар нь тооцоод үзвэл 34 нэр, төрөл болж задардаг. Эдгээр үйлчилгээг 2020-2024 онд бүгдийг нь цахим болгох ажлыг үе шаттай хийж байна. 2022 оны байдлаар нийт 34 үйлчилгээнээс арван наймыг цахим болгосон. Эдгээрээс дурдвал,

Нэгдүгээрт, тэтгэврийн дэвтэр цахим болсон. Урьд нь тэтгэврийн дэвтрээ бариад банк ордог байсан бол одоо ингэх шаардлагагүй.

Хоёрдугаарт, нийгмийн даатгалын дэвтэр цахим болсон. Ингэснээр нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулсан ажлыг бүрэн халсан.

Гуравдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр өгсөн тохиолдолд нийгмийн даатгалын хэлтэст очиж дугаарлах шаардлагагүй болсон.

Дөрөвдүгээрт, эмнэлгийн хуудсыг цахим болгох ажлыг ХНХЯ болон ЭМЯ холбогдох байгууллагуудтай хамтран хийлээ. Эмнэлгийн хуудас буюу лист нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг авах үндсэн баримт болдог.

Даатгуулагч эмнэлгээс гарсан тохиолдолд холбогдох журмын дагуу эмч, эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудсыг цахимаар бичнэ. Хуудсыг ажил олгогч, сайн дурын даатгуулагч бол өөрөө хянаад хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагаруу цахимаар илгээнэ. Илгээхдээ нийгмийн даатгалын байгууллагын ndaatgal.mn гэсэн хаягаар нэвтэрч өөрийн хүсэлтээ илгээх бүрэн боломжтой. Мөн 2022 оны 4-р сарын 29-нөөс эхлээд e-mongolia цахим хуудсаар хүсэлтээ илгээх боломж бүрдсэн.