“Сармагчны цэцэг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно”

0
294

Сармагчны цэцэг өвчний талаар холбогдох байгууллагуудын өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Эрүүл мэндийн яам: Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар, вирусээр, бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. “Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй” гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

/2022.05.21/

Халдварт өвчин судлалын үндэсний төв: Манай бүсийн 3 улсад бүртгэгдсэн

Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлсэн бөгөөд 2022 оны 5-р сарын 13-нд анх бүртгэгдэж, одоо ДЭМБ-ын гишүүн 10 улсад тархаад байна.

Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн 3 улсад бүртгэгдсэн.

2022 оны 5-р сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байна.

Зөвлөмж:

ДЭМБ-ын зөвлөмжөөр сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар, вирусээр бохирлогдсон эд зүйлсээр бусдад халдвар тархах эрсдэлтэй тул гарын ариун цэврийг сайтар сахих, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг тогтмол хэрэглэхийг зөвлөжээ.

/2022.05.22/

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв: Цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин.

Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх аргууд:

  • Зэрлэг амьтанд хүрэх, зэрлэг амьтны мах, бусад эрхтнийг түүхийгээр идэхийг хориглох
  • Мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож идэх
  • Гараа тогтмол угаах, халдвартай хүний эд зүйлсийг хуваалцахаас зайлсхийх
  • Эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөж байна.

/2022.05.23/

Эрүүл мэндийн яам: Сармагчны цэцэг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно

Сармагчны цэцэг өвчний үед дараах шинж тэмдэг илэрч байгаа аж. Тодруулбал

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Тунгалгийн булчирхай томрох
  • Арьсаар тууралт гарах

Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Уг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно.

/2022.05.23/