Д.Ганбат: Өрийн асуудлаа шийдэхгүй бол газар нутгаа алдах вий

АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Улсын нийт гадаад өрийн хэмжээ 33,4 тэрбум болсон. Энэ бол түгшүүрийн байдалд хүрснийг илтгэж байна. 2023, 2024 онд манай улс 1,5 тэрбум ам.долларын өр төлөх хүлээлтийн байдалтай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн байр сууриа илэрхийлж, өрийн асуудлаа шийдэхгүй бол 2030 онд улс орноосоо хөөгдөх вий гэсэн. Бараг 2025, 2026 онд гэхэд л хөөгдөх дээрээ тулаад байна.

АН, болон АН-ын бүлэг татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.

2010 онд Тажикистан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувийг давж, өрөө төлөхөд хүндрэл үүссэний улмаас газар нутгийнхаа тодорхой хэсгийг БНХАУ-д шилжүүлсэн. Мөн 2017 онд Шри Ланка улс 1,3 тэрум ам долларын гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилгоор усан боомтоо 99 жилийн хугацаатайгаар БНХАУ-д хүлээлгэж өгсөн байна.

Өрийн хавханд орох дараагийн улсаар манай улс нэрлэгдээд байгаа. Өрийн асуудлаа шийдэхгүй бол магадгүй бид Өмнөговь аймаг ч юмуу, тодорхой өргөргөөс урагших нутгаасаа 50, 90 жилээр алдах эрсдэл уг орнуудын жишгээс харагдаж байна” гэлээ.