No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Азжаргал: Улаан хоолойн хорт хавдрыг үүсгэх үндсэн хүчин зүйл нь салстын гэмтэл...

Б.Азжаргал: Улаан хоолойн хорт хавдрыг үүсгэх үндсэн хүчин зүйл нь салстын гэмтэл юм

-

Хавдар судлалын үндэсний төвөөс иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг билээ. Тус эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын их эмч Б.Азжаргал “Улаан хоолойн хорт хавдар” сэдвийн хүрээнд дараах зөвлөгөөг өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Улаан хоолойн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн талаар яриагаа эхэлье?

– Улаан хоолой нь хоолыг дамжуулах үүрэгтэй, нимгэн ханатай, нарийн бүтэцтэй эрхтэн. Энэ эрхтэнг үүсгэж байгаа эд эсүүдийн хяналтгүй үйлчилгээг л улаан хоолойн хорт хавдар гээд байгаа юм. Улаан хоолойн хорт хавдрыг үүсгэх үндсэн хүчин зүйл нь салстын гэмтэл юм. Харин салстын гэмтэл нь хоол цайг хэт халуунаар нь залгих, ходоодны хүчил улаан хоолойруу байнгын сөргөж орсноос болж үүсдэг. Мөн тамхидалт нь улаан хоолойн гэлтгүй бүхий л хавдрыг үүсгэх үндсэн шалтгаан болдог. Түүнчлэн давсны хэрэглээ болон давсалсан, хуурсан, удаан хадгалсан бүтээгдэхүүн нь улаан хоолойн хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдог. Мэдээж архидалт, улаан хоолойн өөрийн суурь эмгэг, улаан хоолой салстын мөөгөнцрийн эмгэг гэх мэт олон хүчин зүйлээс хамаараад хорт хавдар үүснэ.

Ер нь хорт хавдар үүсэхэд сэргийлж болох, сэргийлэх боломжгүй хоёр хүчин зүйл нөлөөлж байдаг. Сэргийлж болох хүчин зүйлст дээр дурдсан зүйлс багтана. Харин сэргийлэх боломжгүй хүчин зүйлст удамшил, нас, хүйс зэрэг ордог.

– Улаан хоолойн хавдар нь хэдэн насны хүмүүст түлхүү тохиолдож байна вэ?

– Нийт хорт хавдрын тохиолдлыг харахад 40-өөс дээш насныхан байдаг. Тийм ч учраас эрт илрүүлэх шинжилгээнд 40-ээс дээш насныхныг хамруулдаг. Улаан хоолойн хорт хавдар нь 50-иас дээш насныханд маш элбэг тохиолддог.

Нэмж хэлэхэд бүс нутгийн хувьд ялгаатай байна. Тодруулбал, хүйтэн уур амьсгалтай бүс нутгуудад хоол цайг хэт халуунаар хэрэглэдгээс шалтгаалж энэ төрлийн хавдар их байдаг. Мөн Увс, Ховд зэрэг баруун аймгууд давсны хэрэглээ өндөртэй учраас улаан хоолойн хорт хавдрын тохиолдол өндөр.

– Улаан хоолойн хорт хавдрын шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

– Улаан хоолой нь өөрөө бүтцийн хувьд нарийн эрхтэн. Тийм учраас шинж тэмдэг нь харьцангуй эрт илэрдэг. Ходоод бол тийм биш. Багтаамж ихтэй учраас хавдар үүсээд удаан хугацааны дараа оношлогддог бол улаан хоолойд харьцангуй эрт шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, хоолойд юм торох, горойх, ирвэгнэх, өвчүүний араар өвдөх, эвгүй оргих шинж илэрнэ. Мөн шалтгаан нь тодорхойгүй жингийн алдагдалд ордог бөгөөд хоолны дуршил буурч, амнаас эвгүй үнэр гардаг. Ер нь бол өвдөх, горойх шинж тэмдэг элбэг тохиолддог.

Хавдрыг эрт оношлох боломж 100 хувь бий. Манай улсын 21 аймаг, есөн дүүрэгт дурангийн оношилгоо хөгжсөн. Аль ч тохиолдолд дурангаар оношлох боломжтой. Тиймээс 40-өөс дээш насны иргэн бүр жилдээ нэг удаа ходоод, улаан хоолойгоо дурандуулах нь хавдрын эрт илрүүлэгт ач холбогдолтой гэсэн үг

– Давсалсан бүтээгдэхүүн нь улаан хоолойн хавдарт нөлөөлдөг гэлээ. Хүмүүс амьдралын хэв маягаас шалтгаалаад хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх, гадуур хооллох нь ихэссэн. Энэ тухайд эмчийн хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

– Хүнсний аюулгүй байдал хоол боловсруулах эрхтэн системийн хувьд маш чухал. Хагас боловсруулсан, чанар аюулгүй байдлын хувьд шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүмүүс ихээр хэрэглэх болсон. Жишээлбэл, төрөл бүрийн кимчи, амтлагч байна. Эдгээр нь яалт ч үгүй хавдарт нөлөөлөх үндсэн хүчин зүйл болж байгаа юм. Ялангуяа элэгний хорт хавдарт зайлшгүй нөлөөлж байгаа. Учир нь элэг нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй шүү дээ. Улаан хоолой бол дамжуулах үүрэг гүйцэтгэдэг учраас механик гэмтэлд өртдөг. Түүнчлэн гадуур их хооллох нь хеликобатери дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Харин хеликобатери бол сөөргөөний үндсэн  шалтгаан юм.

Тухайлбал, БНСУ даршилсан бүтээгдэхүүн, кимчинээсээ болоод ходоодны хавдар нь өндөр байгаа гэдгээ мэддэг. Судалгаагаар дандаа батлагдаж байдаг. Гэхдээ  үндэснийх нь уламжлал учраас хаяж чаддаггүй. Харин монголчуудын хувьд энэ нь үндсэн соёл биш шүү дээ. Гэтэл үүнээс болоод хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байна гэдэг нь харамсалтай. Залуу үе хоолны сонголтоо зөв болгох л байх. Энэ бол ганц эмч нарын хийж чадах зүйл биш. Харин нийгэм, хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллага гэх мэт олон салбарын ажил гэж боддог.

– Манайд хийгдэж байгаа улаан хоолойн хавдрын эмчилгээ дэлхийн жишигтэй хэр ойр явж байна вэ?

– Монгол Улс оношилгоогоор дэлхийн жишигт нийцэж байна. Эрт илрүүлэг бол болоогүй. Харин зовиур илрээд ирж байгаа хүнд оношилгоог бүрэн хийж чадаж байгаа. Хавдрын үе шат, төрөл зүйлээс хамаараад мэс засал, хими, туяа, бай эмчилгээг ХСҮТ дээр хослуулан хэрэглэж байна л даа. Хорт хавдрын тухайд мэс засал дангаараа төгс эмчилгээ болохгүй. Бүх эмчилгээ хавсарч, зохицож удаан хугацааны турш хийгдэж байж үр дүнгээ өгдөг. Манай тасгийн хувьд мэс заслын эмчилгээний үр дүнг харуулсан судалгаа хийсэн. Үр дүнгийн хувьд дэлхийн дундажтай эн тэнцүү л явж байна. Мөн хүндрэл, нас баралтын хувьд дэлхийн түвшингээс бага байгаа. Тэгэхээр мэс заслын эмчилгээ бол үр дүнгээ өгч байна л гэж хардаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд