No menu items!
HomeЭрүүл мэнд"Өглөөний цай уугаагүйгээс болоод жин нэмэх асуудал үүсч болно"

“Өглөөний цай уугаагүйгээс болоод жин нэмэх асуудал үүсч болно”

-

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Х.Түвшинбаяр эрүүл, зөв хооллолтын талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

-Эрүүл зөв хооллолт хэмээх ойлголт юунаас эхлэх вэ?

-Хүн эрүүл зөв хооллохын тулд хэд хэдэн нөхцөл хангасан байх ёстой. Нэгдүгээрт, хүнсний хангамж. Хэрэгцээт шим тэжээлийг хангасан, эрүүл хүнсний бүтээгдэхүүн зах зээлд хангалттай нийлүүлэгдсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт, хүнсний эрүүл, аюулгүйн баталгаа. Гуравдугаарт, хүнсийг зохистойгоор хэрэглэх юм.

Зохистой хооллолт гэдэг нь нэгдүгээрт, хүний өдөр тутамдаа авах шим тэжээлийн бодис, хоёрдугаарт, илчлэг гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл тэнцвэрт хооллолтын тухай ойлголт. Хүмүүс зохистой хооллолт гэхээр ямар нэгэн бүтээгдэхүүний хэрэглээг хасах, нүүрс усыг хасах, дэглэм барих гэх зэргээр ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Өдөрт авах ёстой шимт бодисоо хэмжээ, харьцаагаар нь тооцож сурсны үндсэн дээр хоол хүнснийг хэрэглэх нь зохистой хооллолт юм.

Дэлхий дахинд хоол, тэжээлийн дутал, бичил шим тэжээлийн дутал, таргалалт гэсэн үндсэн гурван хоол тэжээлийн дарамт бий. Манай улсын хувьд авч үзвэл хоол тэжээлийн дутал буюу өсөлт, хоцролт, жин бага байх тухай асуудал харьцангуй бага. Харин асуудал болж байгаа зүйл нь бичил шим тэжээлийн дутал буюу далд өлсгөлөн, амин дэм, эрдэс бодисын дутагдал. Бидний идэж буй хоол хүнс тэжээллэг чанар багатай байна.

Мөн идэж буй хоол хүнс хэт их илчлэг байгаа учраас жин нэмэгдэж, улмаар халдварт бус өвчний тархалт нэмэгдэж байна.  

-Ямар шалтгааны улмаас бичил шим тэжээлийн дутал үүсээд байна вэ?

– Химийн элементийн үелэх системээс 80 гаруй элемент нь хүний биед шаардлагатай байдаг гэж үздэг. Органик болон органик бус эдгээр элементүүдийг өдөр тутамдаа авч байх шаардлагатай. Тиймээс төмөр, кальци, магни, А амин дэм, Д амин дэм биед ямар ач холбогдолтой талаарх мэдээлэл, мэдлэгийг олж авах ёстой юм. Ингэснээр тухайн шим тэжээлийн бодисоор баялаг хүнсийг хэрэглэх дадал бий болно.

Манай улс мал аж ахуйн орон хэрнээ иргэдийн сүү, цагаан идээний хэрэглээ маш хангалтгүй, хүн амын ердөө 30 орчим хувь нь зөвлөмж хэмжээ буюу өдөрт дөрвөн нэгжийг хэрэглэж байна. Хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэглээ 17 хувьтай буюу хангалтгүй байх жишээний. Эдгээр хүнсүүд нь бичил шим тэжээлээр хамгийн баялаг юм.

Хоол хүнснээс бүрэн авч чадахгүй амин дэм бол Д амин дэм бөгөөд үүнийг агуулсан байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн манай оронд ховор. Тиймээс заавал нэмэлтээр, урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. Амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ нас насны онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй. Тухайлбал, өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжилтөд хамгийн хэрэгцээтэй нь төмөр, кальци юм. Гаднаас авч байгаа кальцийн хэрэглээ бага байгаа нөхцөлд тухайн хүүхдийн өсөлт хөгжилт буурах жишээний.

-Илүүдэл жин, таргалалт мөн асуудал болж байна гэлээ?

-Хоол хүнснээс авч байгаа илчлэг, энгийн нүүрс ус, сахарын хэмжээг хянах нь чухал. Хамгийн анхан шатны зөвлөмж бол өдөрт авч байгаа тоо хэмжээг бууруулах юм. Долоо хоногт нэг удаа л амтлаг, чихарлэг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг.

Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа печень, жигнэмэг, үйлдвэрийн боов, боорцогны шошгыг харахад 100 граммд агуулагдаж байгаа илчлэг нь 450, 500, түүнээс дээш байдаг. Нэг кг боов, боорцог буюу 5000 кл бүхий хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нөхцөлд жин бага байх талаар ярих боломж хомс байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний шошгыг сайн харж байх хэрэгтэй. Аль болох шинээр бэлтгэсэн, эслэг ихээр агуулсан, үйлдвэрийн боловсруулалт бага орсон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх дадал хэвшлийг бий болгох нь чухал.

-Хүүхэд, залуус өглөөний цанйд чухал ач холбогдол өгдөггүй тал ажиглагддаг. Өглөөний цай зөв зохистой хооллоход хэл чухал вэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн 34 хувь нь өглөөний цайг тогтмол ууж хэвшээгүй, 2-3 хувь нь огт уудаггүй гэсэн судалгаа бий. Өглөөний цай төдийгүй өдрийн бүхий л хооллолт чухал. Өглөөний цай нь тухайн өдрийн эрч хүчийг авах эх үүсвэр бөгөөд заавал нүүрс ус, илчлэг ихтэй хүнс байх шаардлагагүй. Уураг, эрүүл өөх тостой, бүхий л хүнсний бүлгээс агуулсан байх бөгөөд ойролцоогоор 400-450 калори авах ёстой.

Өглөө хоол хүнс хэрэглээгүйгээс болоод жин нэмэх асуудал үүсч болно. Тухайн хүн өглөө хооллоогүй учраас өдөр хооллох хүртлээ кофе, хөнгөн зууш, чихэр, жигнэмэг зэрэг буруу хүнсийг сонгож хэрэглэдэг, өдрийн хоолондоо өндөр илчлэг, тос ихтэй, их хэмжээний хоол сонгодог зэргээс шалтгаалаад асуудлууд тулгарна.

Өглөөний цай уух ёстой гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гол нь дадал хэвшил болгох нь чухал.

Өдөрт авах ёстой илчлэгийн хамгийн зохистой хувиаарилалт нь өглөө, өдөр, орой, их үд, бага үд гэж тав хуваах юм. Нийт илчлэгийн 20-25 хувийг өглөө, орой, 35-40 хувийг өдөр, 10-15 хувийг их болон бага үдэд хэрэглэх нь зохимжтой. Их болон бага үдэд нэг аяга сүү, тараг, нэг ширхэг жимс идэхэд л хангалттай. Сүү, тараг цагаа идээ нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй зохимж муутай учраас өдрийн хоолоо идэхээс 2-3 цагийн өмнө хэрэглэвэл ашигтай бөгөөд ингэснээр авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадна. Их үдэд жимс жимсгэнэ хэрэглэвэл зохистой гэж үзнэ.

-Өдрийн хооллолтын үндсэн хэсэг нь ямар хүнснээс бүрдвэл зохистой вэ?

-Хамгийн зөв хэрэглээ бол хоол хүнсийг гэртээ бэлтгэж ирэх юм. Нийтийн хоолны газар нь удаан хугацаанд хэрэглэсэн ургамлын тосыг олон дахин халааж хэрэглэх, амтлагч их хэрэглэх зэрэг асуудалтай тул эрүүл бус сонголт болж байгаа юм.

Өдөрт уураглаг хүнс хэрэглэх шаардлагатай. Сүү, цагаан идээ нь бусад хүнстэй зохицол муутай учраас жимсний шүүс, жимсний салат, ногооны шүүс хэрэглэснээр махны шингэц, төмрийн шимэгдэлтэд илүү сайн нөлөөтэй. Цай, кофе хэрэглэх шаардлагатай бол хоолны өмнө эсвэл дараа 30 минутын зайтай хэрэглэхийг зөвлөж байна. Хоолтой зэрэг хэрэглэх нь шаардлагатай шимт бодисоо авахад саад учруулна.

Зарим хүмүүс үйлдвэрийн жүүс, ундаа хоолтойгоо хамт хэрэглэж харагддаг. Сахар ихтэй эдгээр бүтээгдэхүүн нь шаардлагатай шим тэжээлийн шимэгдэлтийг багасгадаг.

-Оройн хооллолтын хувьд зөв зохистой хооллолтын талаар юуг анхаарах вэ?

-Унтахаас 3-4 цагийн өмнө хооллох нь зөв. Ингэхдээ хүнд, шарсан хуурсан, уураглаг хүнс хэрэглэх нь зохимжгүй. Шөлтэй, хөнгөн маягийн, илчлэг багатай хүнс хэрэглэх нь зохимжтой. Орой хоол идэхгүй байх, хэт орой хооллох, өдөржингөө юм идэхгүй явж явж ирээд орой хэт их идэх зэргээс шалтгаалаад эрүүл мэндийн асуудлууд тулгардаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд