“Цалин мөнгөө цагт нь өгөхгүй байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж, тендер авдаггүй болтол явна”

Хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх зорилгоор 2022 оны тавдугаар сарын 25-нд чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. 

Энэ талаар Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв, Хөдөлмөрийн биржүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран мэдээлэл хийв.

“Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” ТББ-ын захирал Б.Ганзориг “Идэвхтэй ажил хайж байгаа хүний тоо буурсан. Өмнө нь идэвхтэй ажил хайгч 30 мянга гаруй иргэн  байсан бол одоо хөдөлмөрийн бирж дээр 13-14 мянган хүн ажил хайж байна.

Монгол Улсад ажил хийх сонирхолтой хүний тоо эрс багассан нь цалинтай холбоотой. Мөн цаг тухайн үедээ цалингаа өгдөггүй асуудал их байна. Иймд Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн зах зээлд реформ хийхийг зорьж байгаа юм. 

Барилгын салбараар жишээлж үзье. Тухайн барилгад захиалагч тал, туслан гүйцэтгэгч, зуучлагч, бригадын дарга гэж явсаар, дундаас нь хөлсийг бууруулсаар байгаад ажлаа хийж буй залууст хамгийн бага үнэлгээ очиж байгаа. Үүнийг залруулахын тулд “Монгол хүч 2050” төслийг эхлүүлж байна. 

Улсын хэмжээнд жилд 85 мянган иргэн бүтээн байгуулалтад оролцдог. Барилгын салбар 30 жил хаягдсан бөгөөд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлдөггүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн, осолд орсон бол хариуцах эзэн, эмчилгээний зардал даах зүйл ч алга. Тиймээс тавдугаар сарын 25-нд Хөдөлмөрийн зах зээлийн реформ хийх уулзалтыг зохион байгуулна. Сонирхсон хүмүүс бүртгүүлэн, мандат авч оролцохыг хүсье” гэлээ. 

Түүнчлэн тэрбээр “Компаниудын 20 хувь нь тодорхой үнэлэмжээр ажилчдаа цалинжуулдаг бол 80 хувь хогийн шаар болсон. Үүнд зөвхөн ажил олгогчдын буруу байгаад байгаа биш, залуус өөрсдөө хаана хандахаа мэдэхгүй, хэнээс ажил авч хийхээ мэдэхгүй төөрөгдөлд орсон байна. Иймд холбоо үүсгэн байгуулж, нэгдэх саналыг дэвшүүлж байна. Ажил олгодог дундын аппликэйшн хийж, ажил олгогчтойгоо шууд харилцдаг болцгооё.

Барилгын салбар цалин хөлсөө өгдөггүй гэдэг ойлголтоос болж, бүтээн байгуулалтад залуус оролцох сонирхолгүй болж байна. Салбарын ажилтнуудын 60 хувь нь 40-60 насны хүмүүс. 18-25 насныхан барилга дээр ажиллахаа больсон. Ажиллах гээд очихоор нь цалин хөлс өгөхгүй байгаагаас итгэл урмыг мохоож байгаа” гэлээ. 

Мөн тэрбээр компаниудыг цалингаа цаг тухайд нь өгдөг болохыг шаардаж, “Цалин мөнгөө цагт нь өгөхгүй байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж, тендер авдаггүй болтол явна” хэмээв.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!