О.Наранцэцэг: Удаан хугацаагаар дааврын бэлдмэл хэрэглэх, цацраг туяаны шалтгаанаар нүдний болор илүү цайдаг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр О.Наранцэцэг нүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөөг хүргэлээ.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар хараа алдалттай 2,2 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь 50-иас дээш насныханд түгээмэл тохиолддог. Тохиолдлуудын 50 орчим хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг.

Хараа алдалтад хүргэдэг голлох шалтгаануудад:

-Болрын цайлт

-Глауком

-Насжилттай хоблоотой шар толбоны сөнөрөл

-Эвэрлэгийн бүдэгшил зэрэг багтана.

Монгол орны хувьд 2015 онд хийгдсэн судалгаагаар сохролын үндсэн шалтгааны 39 хувийг эмчлэгдээгүй болрын цайлт эзэлжээ. Үүний дараа глауком буюу нүдний даралт ихсэлт, нүдний бүдэгшил зэрэг багтаж байна.

Болрын цайлт

Болрын цайлт гэдэг нь нүдний тунгалаг болор бүдэгшиж, цайж хараа алдагдахыг хэлнэ. Үүний шалтгаанууд нь:

-Төрөлхийн– Жирэмсэн эхийн бодисын солилцооны өөрчлөлт, архаг өвчин, эмийн хэрэглээ зэрэгтэй холбоотойгоор төрөлхийн болрын цайлттай хүүхэд төрдөг. Хүүхдийг 4-6 долоо хоногтойгоос эхэлж болрын хагалгаанд оруулснаар “залхуу” нүд буюу мохос хараанаас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.

-Насжилттай холбоотой– Насжилттай холбоотой болрын цайлт нь бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас үүсдэг. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, болор цайлтыг эрт илрүүлснээр болрын мэс засалд орж, хараа эргэн сэргэх боломжтой.

-Гэмтэл

Бусад

Болрын цайлт нь бодисын солилцооны өөрчлөлт, архаг хууч өвчин, эрсдэлт хүчин зүйлс зэргээс хамаараад 50-иас дээш насныханд харилцан адилгүй тохиолддог. Залуу хүмүүсийн хувьд ихэвчлэн бусад шалтгаан буюу бие махбодын өвчлөл, нүдний бусад эмгэгийн үед болрын цайлт арай илүү явагдддаг. Удаан хугацаагаар дааврын бэлдмэл хэрэглэх, цацраг туяаны шалтгаанаар нүдний болор илүү цайдаг.

Хүн хос хараатай учраас нэг нүдний хараа сайн байхад нөгөө нүднийхийгээ муудсаныг анзаардаггүй, шинж тэмдэг илэрсэн ч тоохгүй явснаас болоод болрыг хэтэрхий хатуурсан хойно эмчид хандах нь бий. Хэтэрхий хатуурсан тохиолдолд хагалгааны явцад хүндрэл гарах эрсдэлтэй гэдгийг анхааруулмаар байна. Эмчийн хяналтанд байж мэс заслын эмчилгээг хийлгэснээр хараа сэргэх боломжтой.

Урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах вэ?

Эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх хэрэгтэй. Тухайлбал, тамхи татдаг бол тамхиа багасгах, татгалзах нь чухал. Насжилттай холбоотой учраас 70 гарсан хойноо болрын цайлтыг багасах боломжгүй. Нэг үе тодорхой эмүүдийг дусаадаг байсан. Гэтэл судалгаагаар тэдгээр нь болрын цайлтыг удаашруулдаггүй гэдэг үр дүн гарсан учраас хэрэглэх нь ховордсон.

Нүдний даралт өвчин

Глауком буюу нүдний даралт ихсэх өвчин нь харааны мэдрэлийг гэмтээж, захын хараа цаашлаад төвийн хараа алдагдах, давшингуй, даамжрах явцтай эмгэг бөгөөд хараа эргэж сэргэдэггүй.

Хүмүүс захын хараа алдагдлыг тэр бүр анзаарахгүй явсаар өвчнөө даамжруулах, хожуу шатандаа оношлогдох эрсдэлтэй байдаг. Нэг нүднийхээ хараа алдагдсаныг мэдэхгүй явж байгаад оношлогдох тохиолдол бий. Эмчилгээний хувьд нүдний даралтыг бууруулах эмийн болон лазер мэс заслын эмчилгээг хийж, хянадаг.

Глаукомыг хэлбэрээр нь нээлттэй өнцөгтэй, хаалттай өнцөгтэй гэж ангилж үздэг. Хаалттай өнцөгт глауком нь Ази хүмүүст ихэвчлэн тохиолддог. Учир нь Ази хүмүүсийн нүд богино байдаг анатомийн онцлогоос шалтгаалаад нас ахих тусам нүдний шингэн гадагшлах өнцөг гүехэн болж хаагдсанаар нүдний даралт ихсэх, хараа алдах эрсдэлтэй.

Эрсдэлт хүчин зүйл

-Нүдний дотоод даралт их байх

-Нас ахих

-Харааны мэдрэлийн өөрчлөлт

-Эвэрлэгийн төвийн зузаан нимгэн байх

-Удамшлын өгүүлэмжтэй байх

Эрхтэн системийн талаас авч үзвэл удаан хугацаагаар даавар хэрэглэх, зүрх судасны өвчин, мигрень зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хаалттай өнцөгт глаукомаас урьдчилан сэргийлэхийн тулд:

-40-өөс дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, нүдний өнцгийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шинжилгээгээр нүдний өнцөг гүехэн буюу хаалттай байгаа тохиолдолд лазер эмчилгээг хийлгэснээр хараа алдагдах, сохролд хүрэхээс сэргийлэх боломжтой.

-Глаукомыг эрт илрүүлэх, эрт хяналтанд орсноор хараа хамгаалах болон харааны мэдрэлийн гэмтлийн даамжралыг багасгах боломжтой.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Нээлттэй өнцөгт глаукомын үед ер нь шинж тэмдэг мэдэгдэхгүй. Хүндэрсэн тохиолдолд гэрэл солонгорч, туяарч харагдах өөрчлөлт илэрдэг. Үүнээс өөр тодорхой зовиур илрэхгүй тул хүндрүүлж явсаар нэг нүдний хараа алдагдсан байдаг.

Хаалттай өнцөгт глаукомын үед гэнэт хүчтэй өвдөх, хараа бүрсийх зэргээр шинж тэмдэг хурц, давшмал байдлаар илэрдэг. Зарим үед толгой өвдөх, огиж бөөлжих зовиурууд илэрдэг. Энэ тохиолдолд анхны тусламж үзүүлж буй эмч ялгаж оношилж чадахгүйгээс болоод дотрын тасагт хэвтүүлэх, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж даамжруулах, хараа алдахад хүргэх тохиолдол гардаг.

Эвэрлэгийн эмгэг

Эвэрлэгийн эмгэг манай орны хувьд элбэг тохиолддог. Учир нь цаг уурын нөхцөл, нутаг орны байршилтай холбоотойгоор үүсдэг. Тухайлбал, говийн бүсийн хүмүүс илүү өртөмтгий.

Шалтгаан:

-Халдварын шалтгаант- бактер вирус, мөөгөнцөр

-Цаг уурын шалтгаан- хэт ягаан туяа, элс, шороо, салхи

-Гэмтэл- эвэрлэгийн гадны биет, контакт линз зүүх

-Нүдний  гадаргуугийн эмгэгүүд- далавч хальс, зовхины эмгэг, салстын үрэвсэл, нүд хуурайшилт, хавдар

-Системийн эмгэгүүд- Шигрений хам шинж, Стевин Жонсны хам шинж

Эвэрлэгийн бүдэгшлээс сэргийлэхийн тулд:

-Нарны туяа, салхинаас хамгаалах шил зүүх, ингэхдээ зүгээр нэг шил бус UV400 гэсэн тэмдэглэгээ бүхий шилийг сонгох,

-Нарны малгай өмсөх

-Нүдний гэмтлээс хамгаалах

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын шил болон малгай хэрэглэж хэвших

-Халдвараас сэргийлэх, бохирлогдсон зүйлийг нүдэндээ хүргэхгүй байх

-Үрэвсэлт өвчний үед дур мэдэн эмчилгээ хийхгүй байх

Хавар, зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилгын ажил эхэлж байна. Ид хөдөлмөрийн насны залуучууд хэнэггүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж нүдээ гэмтээх, хараа алдагдах, сохролд хүрэх, нүдээ авахуулах хэмжээний хүндрэлүүд үүсгээд байна. Нүдээ хамгаалахын тулд хамгаалах хувцас хэрэгсэл, нүдний шилээ тогтмолд зүүх, байгууллагууд сугалтанд ажилчдаа бүрэн хамруулж хэвшүүлэх шаардлагатай.

6 сараас нэг жилийн хугацаанд нүдээ үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Ялангуяа 40-өөс дээш насныхан энэ хугацаанд тогтмол үзлэгт хамрагдаж, нүдний даралт ихсэлтээс сэргийлэх лазер эмчилгээг хийлгэх, ямар нэгэн эмгэг байх юм бол түүнийгээ эмчлүүлж, эмийнхээ хяналтанд байх ёстой.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!