Орон даяар эхэлсэн эрт илрүүлэг шинжилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эхлээд 10 гаруй хонож байна. ЭМЯ энэхүү үйл ажиллагаанд бодлогын хувьд хүн амынхаа ихэнх хувийг энэ үзлэгт хамруулж чадвал эрүүл мэндийн нэгдсэн дататай болохыг хамгийн түрүүний зорилго болгосон. Тухайлбал манай улсад хүүхдүүдийн дунд ямар өвчин зонхилон илэрч байгаа болон орон нутагт бүсчилсэн байдлаар ялгаа гарч байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үүнийгээ дагаад өвчлөлд газар зүй, уур амьсгал, хотжилт, орчны бохирдол нөлөөлж байна уу гэдгийг бид цогцоор нь бодлогын хэмжээнд харна.
Тавдугаар сарын 1-нээс хойш авсан дата мэдээллийг харахад, манай иргэдэд ходоод, хоол боловсруулах замын өвчнүүд болон хавдрын цөөн тохиолдол илэрч байна. Гэхдээ нэгдсэн дүгнэлт гаргах хугацаа арай болоогүй байна” гэлээ.
Мөн тэрбээр “Манай улсад жилд 110-130 орчим хүүхдэд хавдар оношлогддог. Өнөөдрийн байдлаар улс орон даяар 24,000 орчим иргэн хавдартай байгаагаас 450 орчим нь хүүхэд байна. Тухайн хүүхдүүд хавдрын улмаас эмчийн хяналтад, эмчилгээ хийлгэж байгаа статистик мэдээлэл байна.
Манай улсын хэмжээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн цус, хавдрын тасаг голчлон эмчилгээг нь хийх, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Олон нийтийн сүлжээгээр эцэг, эхчүүд хандив тусламж гуйх асуудлыг бид харж байгаа. ЭМЯ бодлогын хэмжээнд хүүхдийн хавдрыг эрт оношлох, эмчилгээг нь зүй зохистой, чанартай болгох чиглэлээр үе шаттай ажил хийдэг. Тухайлбал, өнгөрсөн жил бид хүүхдэд тохиолдож байгаа хавдруудын дунд ямар төрлийн хавдар илүү байгааг гаргаж ирсэн юм.
Ингэхэд, Монголд зургаан төрлийн хавдар зонхилон тохиолдож байгаа нь ил болсон. Үүний эмчилгээний протоколуудыг хэрхэн сайжруулах чиглэлээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргаад ажиллаж байгаа. Үүний нэг нь үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа.
Энэ хагалгаанд маш өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн хэрэгцээтэй болдог. Ийм мэргэжилтнийг олон жилийн хугацаанд бэлдэх шаардлагатай” гэв.