У.Хүрэлсүх: Алийн болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах вэ

0
293

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Манай хоёр хөрш хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж 2030 хүн хүртэл буурах хандлагатай байна. Манай улстай хүн ам, эдийн засгийн хувьд ойролцоо Казахстан улс цаашид үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байгаа. Манай стратегийн түнш болох Япон, Солонгос улсууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онгой анхаарч эхлээд байна.

Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Алийн болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ

Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70 гаруй сая малтай, сүүн бүтээгдэхүүний бүрэн хангамжтай манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг та бүгд мэдэж байгаа. Түүн дотроо нялх, нярай бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Өвгөд, хөгшид ч бас чадахгүй байна.

Манай улсын хүнсний эмзэг байдал дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй асуудлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар өсч, инфляци 15 хувьд хүрч, хүн ардын амьжиргаа улс орны эдийн засагт хүндээр тусч байна. Цаашид хүнсний доголдол хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ нь манай улс шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй төлөв байдал үүсч байна.

Хүнсний хангамж нийлүүлэлтээс гадна чанар аюулгүй байдал манай улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна. Үйлдвэрлэж, импортолж, борлуулж буй бүх бүтээгдэхүүн эрүүл чанартай байх ёстой. Итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн шинэчилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадахгүй байгааг давхар харуулж байна” гэв