М.Бямбасүрэн: Санамсаргүй байдлаас болоод нүдээ гэмтээх тохиолдол гарч байна

“УБ Сонгдо” эмнэлгийн нүдний эмч М.Бямбасүрэн “Ахуйн шалтгаант гэмтлээс  нүдээ хэрхэн хамгаалах вэ?” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

– Ахуйн ослоос шалтгаалж ямар ямар нүдний гэмтлүүд үүсдэг вэ?

– Ахуйн шалтгаант нүдний гэмтлийг нүдний дайвар эрхтний болон алимны гэж хоёр ангилдаг. Сүүлийн үед манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд ахуйн архидалттай холбоотой нүдний ухархайн гэмтэл их бүртгэгдэж байна.

Залуучууд хоорондоо муудаж, бие биедээ гарах хүрэх тохиолдлоос болоод нүдний ухархайн доод, дотор хана хугарлын гэмтэл авч байна. Хэрэв хугарлын хэмжээ том байвал цаашлаад нүд суулт өгч, зөөлөн эд хавчуулагдаж, нүдний хөдөлгөөн хязгаарлагдах эрсдэлтэй.

Мөн санамсаргүй байдлаас болоод нүдээ гэмтээх тохиолдол гарч байна. Жишээлбэл, аав нь хүүхэдтэйгээ тоглож байгаад ширээ мөргөөд нүдний арын хөндийд байх зөөлөн эд нь хавагнаад, харааны мэдрэлийн хатингаршил үүссэн тохиолдол бий.

– Бие биедээ гарах хүрэх тохиолдлоос болоод нүд гэмтсэн тухай хэлээ. Үүнээс гарах үр дагаврын талаар тайлбарлахгүй юу?

– Нүдний алимыг хамгаалдаг ухархайн доод болон дотор  хана нь нимгэн байдаг учраас амархан гэмтдэг.

Бие биедээ гар хүрэхээс гадна спортоор хичээллэж байгаад бөмбөгөнд цохиулах тохиолдолд гаднаас ирж байгаа даралтын нөлөөгөөр ясанд хугарал үүсдэг. Цаашлаад хаван хавдар үүсч, зөөлөн эд гэмтэж, цус хурдаг. Үүнээс болоод нүдэнд суулт өгч, нүдний тэгш хэмт байдал алдагддаг.

–  Мэргэжлийн онцлогоос шалтгаалж нүд нь гэмтсэн хүмүүс ирж байсан уу?

– Гаднын биет эвэрлэг бүрхүүлд орох тохиолдлууд бий. Дийлэнхдээ гагнуурчид, төмөр болон модоор ажил хийдэг хүмүүст тохиолддог л доо. Гаднын биет нүдэнд орсон үед бохирдоод, шархлаад, эвэрлэг бүрхүүлийг гэмтээх хүндрэлүүд гардаг.

Мөн хорт бодистой ажилладаг хүмүүс санаандгүй нүдрүүгээ бодис үсэргээд эвэрлэг бүрхүүлээ гэмтээчихдэг. Цохилт гэмтлээс болоод нүдний хугарал үүсэхгүй юм аа гэхэд болрын цайлт явагддаг. Ер нь аливаа гэмтэл хөхөрч, няцраад барахгүй хараанд эргэшгүйгээр нөлөөлдөг. Тиймээс хүмүүс анхаарал болгоомжтой байх нэн чухал юм.

Эх сурвалж: Сонгдо подкаст

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!