No menu items!
HomeЯрилцлагаН.Түмэнзаяа: Ямар ч үед өөрийнхөө хүсэл эрмэлзэлдээ үнэнч байх хэрэгтэй

Н.Түмэнзаяа: Ямар ч үед өөрийнхөө хүсэл эрмэлзэлдээ үнэнч байх хэрэгтэй

-

“Women” булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийд технологиор тэргүүлэгч “Microsoft” компанийн ажилтан Н.Түмэнзаяаг урьж, ярилцлаа. Тэрбээр санхүүч мэргэжилтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн асуудалтай олон хүмүүст технологиор дамжуулан шийдэл гаргах том зорилготой ажиллаж байгаа юм.

– Сайн байна уу. Урилга хүлээн авсанд баярлалаа. Таны хийж буй ажлын онцлогийн талаар яриагаа эхэлье. “Microsoft” компанид хэзээ ажилд орж, ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

– Урьсанд баярлалаа. Мөн уншиж байгаа хүн бүрт энэ өдрийн мэнд хүргэе. Би 2020 оны эхээр ажлаа хүлээж авсан. Тэр мөчөөс хойш дөрвөн өөр ажлын байранд хүчээ сорьж байлаа. Харин одоо  “Accessibility Data Technician” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх ажлыг хийдэг. Мөн үүний хажуугаар мэдээллийн аюулгүй байдлыг хянадаг  инженерээр ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум хүмүүст зориулан хөгжүүлэлт хийдгээрээ миний ажил их  онцлогтой гэж боддог. Хөгжлийн бэрхшээл гэхээр хүмүүст харагдах байдал шууд боддог байх л даа. Гэхдээ гадна талаасаа илт харагдахгүй ч сэтгэлзүйн бэрхшээлтэй зарим хүмүүс байдаг. Жишээ нь OCD буюу хэтрүүлэн бодох эмгэг, ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг, Dyslexia буюу хэл ярианы суралцахуйн бэрхшээл гэх мэт бэрхшээлтэй байгаа хүмүүст хүртэл зориулж хөгжүүлэлтээ хийдэг. Амаргүй хэдий ч өгөөжтэй ажил шүү.

– Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Ер нь та ажил болон хувийн амьдралдаа зарцуулах цагаа хэрхэн тохируулдаг вэ?

– Миний ажлын өдөр үүрийн 4 цаг 30 минутаас эхэлдэг. Нэг өдрийн ажлын цаг 12 байдаг ч их хөгжилтэй, жаргалтайгаар ажлаа хийдэг. Хамт олон маань ч “гоё” хүмүүс байдаг тул 12 цаг маш хурдан өнгөрдөг.

Ажил, амьдралаа тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэж хүмүүс их ярьдаг л даа.  Гэхдээ нэг зүйлийг сайн хийхийн тулд нөгөө зүйлээ золиосолдог гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг санагдсан. Юм бүхэн төгс сайхан байна гэж үгүй. Ажилдаа амжилт гаргахад ар гэртээ цаг зарцуулж чадахгүй үе зөндөө. Мөн үүнтэй адил ар гэрээ зохицуулаад байж байтал ажил дээр хоцрогдох үе ч бий л дээ. Тийм учраас би тухайн үед нь тааруулаад тайван амьдрахыг л хичээдэг.

– Хийх ажлынхаа төлөвлөгөөг хэрхэн гаргадаг вэ?

– Хийх ажлынхаа төлөвлөгөөг жилээр, сараар, долоо хоногоор гаргадаг. Мөн өмнөх өдөр нь ч гаргах үе байна. Хэрэв чадахгүй, болохгүй зүйл гарвал дахин менежмент хийдэг. Бүх зүйлийг цаасан дээр бичиж төлөвлөдөг дөө.

– Бүтэлгүйтсэн, сэтгэлээр унасан үедээ юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ?

– Бүтэлгүйтэх, сэтгэлээр унах үе байлгүй яах вэ. Тухайн үед юу болж байгаагаас шалтгаалж янз бүрээр л даван  туулдаг. Тухайлбал, ажил дээр бүтэлгүйтэж, алдаа гаргалаа гэхэд нэг их сэтгэлээр унаад байдаггүй. Харин чадахгүй, мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд бусдаас тусламж авч, суралцдаг. Харин өөрөө өөртөө үнэнч байгаагүйгээс болж бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унах үедээ өөртөө жоохон цаг зарцуулдаг.

Тэр үедээ гэр бүлийн гишүүд, сэтгэл зүйчтэйгээ ярилцаж л урам зоригоо нөхөж авдаг л даа.  Мөн тулд ууланд алхаж, завиар зугаалж, хадан авиралтаар хичээллэж, зураг зурж, төлөвлөгч дэвтэр хөтөлдөг. Буудлага, бүжгээр хичээллэж, гэртээ “нарийн” цэвэрлэгээ хийж стерээсээ тайлдаг. Ингээд л бөөн эрч хүчтэй  болчихдог доо.

– Таны карьерынхаа туршид олж авсан хамгийн том сургамж тань юу вэ. Мөн ажил, амьдралдаа баримталдаг зарчмаасаа хуваалцаач?

–  Өөртөө үнэнч байх. Хэн ч их хэмжээний мөнгө, өндөр байр суурь, гоё сайхан зүйл амлаж байсан ч өөрийнхөө хүсэл эрмэлзэлдээ үнэнч байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Манай том ах намайг жоохон байхад л “Хүний өмнө бүдрэх чулуу бүү бай” гэж хэлдэг байсан. Энэ нь миний ажил, амьдралын гол зарчим болсон санагддаг. Хийнэ гэсэн бол хийж чаддаг, чадахгүй бол чадахгүйгээ хэлдэг байх хэрэгтэй. Хүнд төвөг учруулахгүй, өөртөө ч дарамт болохгүй байх нь миний баримталдаг зарчим.

– Та англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлж байв?

–  Миний хувьд англи хэл сурахдаа олон даваа туулсан. Одоо ч гэсэн суралцсаар л байна. Хэл сурах нь хүвь хүнээс их шалтгаална. Англи хэл дээр кино үзэж, дуу сонсож, хүмүүстэй англиар ярихдаа санаа зовохгүй байх хэрэгтэй. Хэрэв хүмүүс алдааг тань засаад, хэлж өгсөн бол эмзэглэж хүлээн авахгүйгээр л суралцаарай гэж хэлье дээ. Мөн би англи хэл дээр ном унших дуртай. Эдгээр аргуудаа одоо ч хэрэгжүүлсээр байгаа.

– Та цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

–  Хүмүүсээс суралцангаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү их боломжийг нээх өгөх зорилготой ажиллаж байгаа.

– Таныг нийгмийн хариуцлагын олон төсөлд оролцдог гэж дуулсан. Энэ талаарх мэдээллээсээ хуваалцаж болох уу?

– Би багийнхантайгаа “Zaya Naidandorj Tech Youtube Channel” эрхлээд нэг жил гаруй болсон байна. Манай суваг хүмүүст технологийн мэдээлэл түгээдэг. Монгол хэл дээр мэдээлэл олох тун ховор байдгийг анзаарч, анх  энэ ажлыг  эхэлсэн. Манай суваг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар software ашиглах, мөн дэлхий томоохон компаниудад хэрхэн ажилд орох боломжтой байдаг талаар мэдээлэл хүргэсээр байна.

Үүнээс гадна би WEMONGOLIA NGO-н STEM салбарт ажиллаж, суралцах сонирхолтой байгаа охидод “STEM” тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулагч хийдэг. Гэхдээ тун удахгүй энэ ажлаа хүлээлгэн өгөөд олон улсын томоохон байгууллагатай хамтран, Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд /цэцэрлэгийн наснаас эхлээд 12-р анги төгсөх хүүхдүүдэд/ зориулан шилжилтийн хүртээмжтэй сургалт явуулахаар төлөвлөсөн. Цаашлаад ажиллах насанд хүрсэн үед ажлын байрыг нь хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч байгаа.

– Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд