​О.Батнайрамдал: 3330 төгрөгөөр зарагдах байсан АИ 92 автобензин 2390 төгрөгөөр зарагдах боломж бүрдлээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

– Зургаадугаар сараас хойш шатахууны үнэ нэмэгдэх үү. Үнийг одоохондоо барьж байгаа ч цаашид гэнэт огцом нэмэгдэх эрсдэл үүсэх үү?

-АИ-92-оос бусад шатахуун бол зах зээлийн зарчмаараа явдаг буюу Засгийн газраас үнэ тогтоох гэсэн ямар нэг оролцоо одоог хүртэл байхгүй.

Харин АИ-92-ийн хувьд бага зэргийн оролцоотой байснаа 2021 оны арваннэгдүгээр сард үнийн зөвлөл хуралдаж, аажмаар зах зээлийн горим руу шилжүүлэх автомат үнийн тооцоололд орсон.

Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны үнийг тооцоолоход төр хөндлөнгөөс оролцох биш автоматаар үнэ нь зургаан сарын дундаж өртгөөрөө тооцоологддог горим руу шилжсэн.

Дэлхийн банкнаас гаргасан газрын тосны бүтээгдэхүүний үнийн прогнозоос үзвэл, ОХУ, Украины асуудлаас үүдэж газрын тосны эрэлт нийлүүлэлт хэлбэлзэхээр байна.

– Шатахууны нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар

  • А80 шатахуун 65 хоногийн нөөцтэй
  • АИ-92 шатахуун 33 хоногийн нөөцтэй,
  • АИ-95 шатахуун 62 хоногийн нөөцтэй,
  • Дизель түлш 24 хоногийн нөөцтэй байна.

– Нүүрс экспортыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

– БНХАУ-ын цар тахлын дараах эдийн засгийн өсөлт нь дэлхийн бусад орноос илүү өндөр байгаа. Энэ хэрээр тус улсад нүүрсний эрэлт маш их байгаа.

Гэхдээ тус улс коронавируст цар тахлын 0 тохиолдол гэсэн хатуу бодлогынхоо хүрээнд хил дээрээ ч хатуу дэглэм мөрдүүлж буй. Энэ бол ганцхан Монголд биш Хятад улстай хиллэдэг бүх улсад хэрэгжиж байгаа хатуу бодлого юм.

Ер нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Гадаад харилцааны яамаар дамжуулж БНХАУ-д хүсэлт тавьж, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг боомтууд дээр ажиллаж байна.

Манай улс зэсийн баяжмалын нийлүүлэлтийн хувьд төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн. Харин нүүрс, төмрийн хүдэр дээр л бид төлөвлөсөн хэмжээнээс маш доогуур үзүүлэлттэй байна.

– Монголд борлуулагдаж байгаа шатахууны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

– Манай улсад зарагдаж буй дизель түлш 1.02 доллар байна. Энэ үнэ дэлхийн дунджаас 45 хувиар бага байгаа юм.

Харин манай улсаас бусад улсад хямд зарагдаж байгаа улсууд нь Ирак, Саудын Араб, Азербайжан, Казахстан, Колумб зэрэг улсууд буюу газрын тосыг маш их хэмжээгээр үйлдвэрлэгч орнууд л манайхаас хямдаар борлуулдаг. Бусад улсад манай улсаас хэд дахин өндөр үнээр борлуулж байна.

Гэтэл Хонг Конгод дизель түлш бараг гурван ам.доллароор худалдаалагдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишигтэй харьцуулахад дизель түлшийг хамгийн хямд борлуулж буй улсын тоонд Монгол орж байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!