НҮҮР Улс төр Ж.Чинбүрэн: Нэг хүнийг чанартай эмээр долоо хоног эмчлэх байтал 14-21 хоног зарцуулж...

Ж.Чинбүрэн: Нэг хүнийг чанартай эмээр долоо хоног эмчлэх байтал 14-21 хоног зарцуулж байна

0
392

УИХ-ын зарим гишүүд Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо” байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбар 30 жил тендер гэдэг процессоор дандаа хямд үнэтэй эм авсаар байгаад чанаргүй, муу эмээр дүүрчээ. Ингэснээс болоод харамч хүн арав дахин төлнө гэдэг шиг нэг хүнийг чанартай эмээр долоо хоног эмчлэх байтал 14-21 хоног зарцуулж байна.

Өнөөдөр Монгол Улсад антибиотикт тэсвэртэй бактериудын халдвар асар их байна. Шарх, хатиг, буглаа нь эдгэрэхгүй. Тэгээд гадаадад очоод антибиотик хэрэглэхээр долоо хоногт эдгэрчихэж байна. Өвчнийг хурдан эмчилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулж, бүтээн байгуулалт, эдийн засагтаа нөлөөлөх нөлөөллийг бууруулах нь эмийн чанартай шууд холбоотой” гэлээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар “Монгол Улсын үндсэн баялаг бол иргэд. Өнөөдөр худалдаалагдаж байгаа эмийн 14 хувь нь муу, стандарт бус, 19 хувь нь бүртгэлгүй байна. Тиймээс зарагдаж байгаа эмийн 33 хувь нь ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байна гэсэн судалгаа гарсан байна. Дахин цэвэрлэсэн тариур орж ирж байна гэх яриа бий. Энэ байдлыг засахын төлөө, иргэдийг эрүүл байлгахын төлөө Түр хороог байгууллаа” гэв.

error: Content is protected !!