No menu items!
HomeЭрүүл мэнд"Сэтгэл түгшилт, сэтгэл хямрал нь астма өвчнийг сэдрээдэг"

“Сэтгэл түгшилт, сэтгэл хямрал нь астма өвчнийг сэдрээдэг”

-

Астма өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч, Анагаах ухааны магистр М.Эрхэмбаяр дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Уушги хэмээх эрхтний бүтэц, үүргийн талаар яриагаа эхлэе.

-Уушги нь цээжний хөндийг дүүргэж байрладаг хос эрхтэн. Бүтцийн хувьд баруун талын уушги нь гурав, зүүн талынх нь хоёр дэлбэнгээс тогтдог. Уушги нь цулцангийн түвшиндээ артерийн судсаар дамжин, мембранаар дамжуулан гаднаас хүчил төрөгч авч, бие махбодиор тархаагаад биед ашиггүй болсон нүүрс хүчлийн хийг гадагшлуулах чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн гаднаас орж ирсэн нян, вирус, шимэгч, мөөгөнцөр, тоос, тоосонцрыг гадагшлуулж, хамгаалах үүргийг гүйцэтгэдэг чухал эрхтэн юм.

-Астма өвчний талаар тодруулахгүй юу?

-Уг өвчин нь халдварын болон халдварын бус шалтгааны улмаас гуурсан хоолойн гөлгөр булчин агших, салст агших байдлын улмаас хэт мэдрэгшиж, тухайн хүнд эмнэлзүйн шинж тэмдэг, зовиурууд илэрдэг, дахилттай, эргэх шинж чанартай үрэвсэлт өвчин юм. Гуурсан хоолойн гөлгөр булчин агшихад гадны нөлөө чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Монгол Улсын хувьд уг өвчний тархалт ямар байдаг талаар тоон судалгаа бий юу?

– Улаанбаатар хотод амьдарч байгаа насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар 53 мянган хүн астматай байна гэсэн судалгаа бий. Энэ нь насанд хүрэгчдэд зонхилон тохиолддог бөгөөд цаашид хүүхэд, залуусын дунд тохиолдол нэмэгдэх тал ажиглагдсаар байна.

-Уг өвчнийг үүсгэгч шалтгаан нь юу юм бол?

-Хотын хөгжил, тоосжилт, уулын баяжуулах үйлдвэрлэл ихэссэн, агаарын бохирдол их байгаатай холбоотой уг өвчлөл өсөх хандлагатай байна. Ялангуяа агаарын бохирдол нь гол шалтгаан юм.

Астмаг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс, шалтгаан гэж бий. Шалтгааныг нь гадаад болон дотоод гэж ангилах бөгөөд дотоод шалтгаан  нь удамшлын, гуурсан хоолойн хэт мэдрэг байдал үүсэх юм.

Багтраатай өвчтөнүүдийн 46,3 хувь нь удам дагасан төрөлхийн өртөмтгий хүмүүс байдаг. Эцэг, эхийн аль нэг нь астмаар өвдсөн тохиолдолд хүүхэд астматай болох магадлал 40-50 хувь байдаг бол эцэг, эх хоёулаа өвчилсөн тохиолдолд энэ хувь 90-100 болж нэмэгддэг.

Харин гадаад шалтгааныг дотор нь халдварын болон халдварын бус гэж ангиалан авч үзнэ. Халдварын шалтгаанд нь нян, вирус, мөөгөнцөр, шавьж, гэрийн тоосонцор, тамхины утаа зэрэг багтана. Гэрийн тоосонцорт 50 гаруй төрлийн хачиг агуулагдаж байдаг бөгөөд, түүний 10-20 мкм хэмжээтэй ялгадас нь амьсгалж буй агаартай хамт уушгинд ордог. Энэ нь ор дэрний хэрэгсэл, хивс, зөөлөн буйдан, хүүхдийн чихмэл тоглоом зэрэгт ихээр агуулагддаг.

Халдварын бус шалтгаанд нь хамар дайврын үрэвсэл, ходоод улаан хоолойн сөөргөө, таргалалт, ургамлын гаралтай эмгэг төрөгч, гэрийн тэжээвэр амьтан, хүнсний бүтээгдэхүүн, /сүү, өндөг, улаан буудай/ хурц үнэртэй угаагч бодисууд, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг багтана.

-Харшилтай хүмүүс астмаар өвдөх эрсдэлтэй гэж ойлгож болох уу?

-Хэрэв хяналтгүй байгаа тохиолдолд харшлын суурьтай хүмүүс астмад шилжих тохиолдол байдаг.

-Хүүхдүүдийн дунд чихрийн харшлын тохиолдол нэмэгдэж байна. Эдгээр хүүхдүүд астмаар өвчлөх эрсдэл өндөр байдаг гэж сонсож байсан

-Багадаа чихрийн харшилтай байсан хүүхдүүдийн 25 хувь нь архаг экземтэй болох магадлал өндөр бөгөөд эдгээр хүүхдүүд эмчилгээгээ дутуу хийлгэснээр цаашид 60 орчим хувь нь астма өвчтэй болох тохиолдол бий. Тиймээс эрсдэл өндөртэй гэсэн үг.

-Өвчлөлийг сэдрээх хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сэдрээх хүчин зүйлсэд эмийн бодисууд хамаарна. Аспирины шалтгаант астма гэж байдаг. Тиймээс астматай, суурь харшилтай хүмүүс эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа, аспирин, өвчин намдаах, үрэвсэл намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй эмүүдийг эмчийн хяналтгүйгээр хэрэглэхгүй байх нь чухал.

Дасгал хөдөлгөөн хийх нь чухал гээд хүнд, эрчимтэй дасгалуудыг хийгээд байж болохгүй. Өөрт тохирох ачаалал бүхий дасгалыг хийх нь чухал. Хэт их ачаалалтай дасгал нь сэдрээх хүчин зүйл болдог юм шүү.

Цаг агаарын тааламжгүй байдал, ялангуяа агаарын чийгшил хэт ихсэх, агаарын даралт ихсэх, буурахтай холбоотойгоор мөн сэдэрдэг.  

Сүүлийн үед амбулаторын үзлэг, асуумжаар ажиглагдаж байгаа зүйл бол сэтгэл санааны байдал, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал нь астмаг сэдрээх гол хүчин зүйл болж байна.

Мөн ажил мэргэжлийн онцлог, ургамлын тоос, гэрийн тэжээвэр амьтан, тамхидалт, агаарын бохирдол зэрэг нь сэдрээх хүчин зүйл болно.

-Ямар шинж тэмдгүүд голлож илрэх вэ, харшлын эм уугаад хүндрүүлэх тохиолдол хэр элбэг байдаг бол?

-Астма өвчний үед илрэх үндсэн шинж тэмдгүүд нь хуурай ханиалгах, хөөсөрхөг цагаан өнгөтэй цэр их хэмжээгээр гарах, цээжээр өвдөх, зайнаас хяхтнасан, хэржигнэсэн авиа сонсогдох зэрэг юм. Хуурай ханиалгах шинж тэмдэг нь хоолой хуурайших, загатнах, ирвэгнэх шинжээр эхлэх бөгөөд ханиалгалт нь хэвтэх үед илүү нэмэгддэг онцлогтой. Удаан хугацаагаар хуурай ханиалгаснаар цээжний өвдөлт мэдрэгддэг.  

-Хэрхэн оношлох вэ?

-Астма өвчний үед илэрдэг үндсэн шинж тэмдэг, зовиур илрэх юм бол хамгийн түрүүнд Өрхийн эмчдээ хандана. Эмч үзлэг хийж, асуумж аваад нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай, эсэхийг зөвлөнө. Анх оношлогдож байгаа хүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, спирометр /гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ/, гуурсан хоолой тэлэх эмийн сорил, цээжний рентген зураг гэсэн шинжилгээнүүдийг хийнэ. Тухайн хүнд шинж тэмдгүүд илэрсэн ч спирометрийн шинжилгээгээр хэвийн гарах тохиолдол бий. Энэ тохиолдолд метахолиноор өдөөх сорил тавих бөгөөд гуурсан хоолой 20 хувиас дээш хэмжээгээр агшсан байвал астма гэсэн онош шууд тавигдана.

-Дур мэдэн эмчлэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Бие биеэсээ зөвлөгөө авч, харшлын эм уусан тохиолдол их байдаг. Харшлын эм уугаад тодорхой хэмжээнд шинж тэмдэг багасах боловч эмээ уухаа зогсооход өмнөх шинж тэмдэг бүр илүү нэмэгдэж, үгдэрдэг. Тиймээс өвчнөө хүндрүүлэхгүйн тулд уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаж, өөрийн биеийн онцлогт тохирсон эмчилгээг хийлгэх нь чухал.

Эмчилгээний хувьд эмийн болон эмийн бус гэсэн хоёр төрөл бий.

Эмийн бус эмчилгээнд тухайн өвчтөн өвчнөө хянах төлөвлөгөөг маш сайн боловсруулж, түүнийгээ ягштал мөрдөх ёстой байдаг. Мөн хоолны дэглэм чухал. Астматай хүний хоол хүнсний хэрэглээ өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, сүү, өндөг зэрэг өвчнийг сэдрээгч хүчин зүйл болдог. Тиймээс хэрэглэх гэж байгаа хүнснийхээ орц, найрлагыг маш сайн харж, танилцах ёстой. Харшил төрүүлэгч бодисууд нь бэлэн хоол, хүнсэнд ихээр агуулагддаг. Тухайлбал, савласан жимс болон хүнсний ногоо, төмс, дарс, нимбэгний шүүс, сам хорхой, даршилсан ногоо зэрэгт ихээр агуулагддаг. Харшил төрүүлэгч хамгийн түгээмэл хоол хүнсэнд дараах зүйл орох тул астматай хүмүүс татгалзах хэрэгтэй. Үүнд:

Өндөг

Үнээний сүү

Газрын самар

Шар буурцаг

Улаан буудай

Загас

Модны самар багтана.

Эмчийн хяналтан дор дасгал, хөдөлгөөн тогтмол хийх, тамхинаас гарах, цацлага эмийг тогтвортой хэрэглэх хэрэгтэй.

Астматай хүнд хоёр төрлийн эмийн эмчилгээг хийдэг. Нэгдүгээрт, шинж тэмдгийг хянах болон эрсдэлийг бууруулах эмчилгээ буюу сэдрэлээс сэргийлэх хяналтын эмчилгээ. Хоёрдугаарт, багтрал тавиулах эмчилгээ. Тухайн хүний оношлогоо, шинжилгээнд тулгуурлаад эмийн сонголтыг хийнэ.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн гол урьдчилан сэргийлэлт бол харшил төрүүлэгч бодисуудын нөлөөгөөс сэргийлэх юм. Нэгэнт астматай болсон хүн сэдрээх хүчин зүйлсээс сэргийлэх ёстой. Хүүхдийг бага балчраас нь эхлэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд хүүхдийн арьсан дээр тууралт гарах шинж илэрдэг бөгөөд хэсэг хугацаанд эмчлээд орхих биш ахиж шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг маш сайн хянах нь чухал.

Гадуур явахдаа амны хаалтыг зүүж хэвшиснээр астма өвчнөөс сэргийлэх боломжтой. Тоосжилт, сүрчигний үнэр, тамхины үнэр зэрэг нь сэдрээх хүчин зүйл болдог бөгөөд тэр бүгдээс хамгаалахын тулд амны хаалт ашиглаж хэвших ёстой. Мөн ханиад томуугаас урьдчилан сэргийлэх нь астмаас сэргийлэх нэг алхам юм.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд