No menu items!
HomeУИХ-ын гишүүнХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн 250 сая гаруй төгрөгийн орлоготой

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн 250 сая гаруй төгрөгийн орлоготой

-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтар, хөрөнгө, орлогын мэдүүлэг, сүүлийн үед хэвлэлд өгсөн мэдээллүүдээс хүргэж байна.

Товч намтар

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод 1980 оны 06-р сарын 29-нд төрсөн. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өссөн.

Ерөнхий сайд 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Харин 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрээр ажлын гараагаа 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаар эхлүүлжээ. Харин 2016 онд парламентад анх удаагаа сонгогдож байсан түүхтэй.

Хөрөнгө, орлого

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсжээ. Харин 2020 оны жилийн орлого нь 250 сая 759 мянган төгрөг байгаа юм.

Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9 саяас 14 сая төгрөг болсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 244 сая төгрөгийн нэг орон сууц, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хоёр компани эзэмшдэг нь “Херо энтертэйнмэнт” групп (50 хувийг эзэмшдэг), “Хүлэг контент” (100 хувь) юм.

Хэвлэлийн хуудаснаа

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны луйврын цаана нэр бүхий томоохон улстөрч, бизнесменүүд байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нарын хамт цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр тэрбээр Хөгжлийн банкны асуудлын тухайд “Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг нэгдүгээр сард ил болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд энэ мэдээлэл ил болсноор олон эерэг тал бий болж байна. Ямар компанийн ард хэн байна вэ гэдэг нь өдрөөс өдөрт ил болсоор байгаа.

Шулуухан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан.

Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд орчим нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Сайн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын удирдлага, шүүгчид нь хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана манай нэр бүхий томоохон улстөрч, бизнесменүүд байгаа. Сонгуулийнх нь зардлыг төлөөд “утсан хүүхэлдэй” болгосон улстөрчид тэдний араас гарч ирнэ. Хөгжлийн Банктай холбоотой асуудал яригдаад эхний хэдэн хүнд арга хэмжээ авч, Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна. Тэр хүмүүс үүний ард байгаа гэж та бүхэн ойлгоорой.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал анх яригдаж байхад 470 орчим сая ам.долларын санхүүгийн схемийг гаргаад, хууль шүүхийн байгууллагын холбоотой хүмүүсийг зарлахад тийм ч амархан байгаагүй. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын дарга нь хүртэл 49-ийн хувийнхны талд байсан.

Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн Банкны асуудал шийдэгдэнэ. Цэг тавина” гэв.

Мөн Засгийн газар огцрох эсэх асуудлаар “Монгол Улсад болж байгаа, болохгүй байгаа зүйлс бий. Бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Бид ганцаараа ийм байгаа юм биш. Даваад гарна. Би авилгатай хийх тэмцэлд бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгэн субъектийн хэлснээр огцордог газар биш. Би бууж өгөхгүй. Би хүнд нөхцөл байдлаа иргэдтэйгээ хамтдаа даван туулна. Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдсан бол хариуцлага тооцно. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг хамгаалах ёстой” гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Энэ үед та нар засаглаж байсан бол юу болох байсан бол гэж бодохоос айдас төрдөг шүү танкчин ах минь

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Энэ бол арга ядсан арга. Богино хугацаанд ашиг тусаа өгч магадгүй. Гэхдээ урт хугацаанд явцгүй. Олон жил хуримтлагдсан зүйл одоо гарч байна.

Энэ хуулийн нэрийг Олон улсын хямралт байдал гэсэн байна. Хямрал байгаа үгүйг мэдэхгүй байна. Хэрэв хямрал байгаа бол боломж гэж харах ёстой.

Газрын тосыг Энэтхэг улс 65 ам.доллароор ОХУ-аас авч чадаад байна. Рупигээр тооцоод. Манайх яагаад ингэж чаддаггүй юм. ОХУ олон оронд нийлүүлж чадахгүй л байгаа шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганбат гишүүнийг танкчин гэж ойлгодог. Улаан цайм дайн болоод амаргүй нөхцөл байдалтай байхад танкчин хүн ийм дүгнэлттэй байна гэдэг.

17.5 хувийн эдийн засагтай байхад та нар нэг жилийн дотор 0 хувь болгосон шүү дээ. Бонд босгосон нь сайдуудтайгаа бүгд нийлээд хуваагаад авчихсан. Тэр өрийг чинь төлөх гээд балраад явж байна.

Та хэд энэ улс орныг дуусгасан юм билээ. Энэ үед та хэд засаглаж байсан бол юу болох бол гэж бодохоос айдас төрдөг шүү танкчин ах минь.

Л.Оюун-Эрдэнэ: Хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэв. Хуулийн төслийг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр  “…Дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсч, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомстол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ

Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт гэдэг нь ойлгомжтой.

Тиймээс ч эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-оо төр, иргэн, аж ахуйн нэгжүүд бүх нийтээрээ идэвхийлэн хэрэгжүүлэх үүрэг Та бидэнд ногдож байна. Ер бусын хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна. Шүүмжлээд, гомдоллоод, улс төржөөд энэ хямралыг даван туулж чадахгүй. Энэ хүнд үед монголчууд бид эвлэлдэн нэгдэж, үндэсний аюулгүй байдалд хохирол багатайгаар даван туулах түүхэн сорилт Та бидний өмнө ирлээ…” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд