No menu items!
HomeТүүхКубын нутаг дээрх Америкийн цэргийн бааз

Кубын нутаг дээрх Америкийн цэргийн бааз

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

АНУ нь гадаадын террорист нөхдүүдийг баривчилж аваад Кубын нутагт байрлах Гуантанамо дахь цэргийн баазын шоронд хорьж, тамлаж мууг нь үздэг тухай өч төчнөөн баримт материал бий. АНУ-ын хуулийн үйлчлэлийн хүрээнээс гадна байхын тулд, чөлөөтэйхөн шиг байцаах гэж тэр шүү дээ.

Гэтэл яахаараа АНУ нь дайсан болсон Кубын нутаг дэвсгэр дээр цэргийн бааз байгуулчихдаг, тэнд хүн амьтан хорьж байдаг билээ…гэсэн бодол танд төрж байсан л байж таараа.

АНУ нь бусдын газар нутагт дураараа дургих явдал олон боловч Гуантанамотой холбоотой явдал нь өөр бусад тохиолдлоос ихээхэн өвөрмөц онцлогтой, маш сонирхолтой түүхтэй юм байна. Ингээд Гуантанамогийн тухай.

XIX зууны сүүлээр болсон АНУ Испанийн дайны үеэр Америкчууд нь Кубын босогчидтой нийлэн Испаничуудыг Кубын газар нутгаас шахан зайлуулжээ. Дараа нь Куба дахь Испанийн тэнгисийн цэргийн баазыг түрээслэн авахаар болж Кубын засаг захиргаатай гэрээ хийсэн бөгөөд уг гэрээ нь анхнаасаа газар нутгийн эздийн хувьд тун ч тааламжгүй зүйл байсан гэдэг.

Гэрээний нөхцөлөөр бол АНУ нь Гуантанамогийн булангийн 45 кв/миль газрыг “шаардлагатай хугацаагаар” түрээслэх ба түрээсийн төлбөр нь жилд 2000 песо байхаар заажээ. Энэ гэрээг Кубын үндсэн хуульд нийцүүлэхийн тулд, үнэндээ бол үндсэн хуулийг гэрээнд нийцүүлэхийн тулд зохих өөрчлөлтийг ч бас хийлгэсэн байна. Мөнгөтэй нь дуугаа захиална гэж энэ.

Гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцөл нь: 1-рт зөвхөн хоёр талын харилцан тохиролцсоны үндсэн дээр, 2-рт түрээслэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол…гэж заасан байдаг ба энэ нь АНУ мөнгөө төлөөд л байвал уг гэрээ мөнхөд хүчин төгөлдөр болно гэсэн үг.

1934 онд хоёр тал гэрээнд дахин өөрчлөлт оруулсан ба АНУ дэндүү бага мөнгө төлж байгаадаа санаа зовж, түрээсийн үнээ нэмсэн байна. Одоо тэд Кубад жил болгон 3400 доллар төлөх болно. Энэ далимд хэлэхэд 1950-1970аад оны үед АНУ нь Тайвань болон Филиппинд цэргийн бааз байгуулахдаа газар нутгийн түрээсийн үнэ гэж 120 сая болон 140 сая доллар төлөхөөр гэрээлж байсан гэнэ. 3400 доллар vs 140 000 000 доллар!

1959 онд Кубад төрийн эргэлт гарч Кастро гуай Америкчуудыг газар нутгаасаа явахыг шаардсан боловч өнөө хэд нь гэрээний дагуу тэндээ байж байх эрхтэй гээд хөдөлж өгөөгүй нь ойлгомжтой. Аргаа барсан Кастро түрээсийн үнийг ядаж 50 дахин нэмэгдүүлэхийг шаардсан ч АНУ хүлээж авсангүй. Хариуд нь Куба улс 1934 оны гэрээнээс татгалзаж байгаагаа зарлахад Америкчууд тус бааз дахь цэргийнхээ тоог эрс нэмэгдүүлээд л болоо. Кастро яах юм? Яаж ч чадахгүй.

Алдарт Карибын тэнгисийн хямралын үеэр энэ бааз нь Америкийн тэргүүн шугам болж хувирлаа. Хоёр талаас цөөнгүй буу дуугарч байсан юм байх.

1964 онд Кастро Гуантанамогийн усан болон цахилгаан хангамжийг тасалсан ч Америкчууд тэр дор нь цахилгаан станц барьж, усан хангамжаа шийдсэн бөгөөд энэ үеэс хойш Гуантанамо нь Америкийн нэгэн жижиг хот шиг болж эхэлсэн байна. Ганц ялгаа нь эргэн тойрон өргөстэй төмөр тор, байнгын бэлэн байдалд байх цэрэг техник.

Карибын хямрал ашгүй нэг нааштайгаар шийдэгдсэний дараа Америк нь ЗХУ ын өмнө тодорхой үүрэг хүлээсний нэг нь Гуантанмо дахь цэргийн баазаас Кубын аюулгүй байдалд нөлөөлөх ямарваа үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зүйл байв. Америк энэ үүргээ яг таг биелүүлсээр.

Харин ЗХУ нь Кубыг Гуантанамо дахь Америкийн цэргийн баазад заналхийлэх аливаа ажиллагаа явуулахгүй байхыг хариуцах болсон байна. ЗХУ-ын ямар ч тэргүүн нь Гуантанамогийн тухай аливаа хэл яриа гаргаж байсангүй бөгөөд Кубыг ч энэ талаар чимээгүйхэн байхыг “зөвлөсөөр” байсан юм.

НҮБ болон бусад олон улсын том байгууллагын хурал цуглаан дээр Кубын газар нутгийг хууль бусаар эзэгнэн байгаа тухай асуудлыг сөхөн Албани, Хойд Солонгос, Хятад зэрэг улсууд үг хэл гаргах ч АНУ болон ЗХУ-ын төлөөлөгчид юу ч сонсоогүй юм шиг таг дүлий болох, эсвэл яг тэр үеэр нь “морь харах” хэрэгтэй болж таардаг байж. Бусад том улсуудын хувьд яахав…АНУ болон ЗХУ-ын амыг л дагах хойно.

АНУ 2002 онд 20 гаран террорист нөхдүүдийг Гуантанамод авчирсны дараа энэ цэргийн бааз нь үндсэндээ шорон болж хувирлаа. Энд хамгийн аймшигт тамлалт явагдаж байдаг тухай олон баримт, түүнээс дутахгүй цуу яриа явах бөгөөд хоол ундгүй хорих, хэдэн өдрийн турш унтуулахгүй байлгах, асар чанга рок хөгжмөөр олон хоногийн турш тасралтгүй “уяруулах” зэрэг нь хамгийн наад захын байцаалт юм гэсэн. АНУ-д ингэвэл цэргийнхэн өөрсдөө шоронд орох бол, гадаадын нэртэй нутаг дэвсгэрт харин ёстой яасан ч тэдний дур.

Хүний эрхийг дэндүү муухай зөрчиж байгаа тухай дэлхий даяар шуугьж байсны хүчинд буюу 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Бараг Обама нь энэ шоронг хаах захирамж гаргасан байна. Харин Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болоод энэ захирамжийг нь хүчингүй болгосон билээ. Одоо тэнд чухам юу болж байдаг юм бол доо…

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд