No menu items!
HomeЯрилцлагаЦ.Дэмбэрэл: Төрийг тэнэг хөрөнгөтнөөс холдуулах ёстой

Ц.Дэмбэрэл: Төрийг тэнэг хөрөнгөтнөөс холдуулах ёстой

-

Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцийн зочны ярилцлагад оролцохоор цаг заваа гарган ирсэн танд баярлалаа. Та Оюуны чадвар, оюуны боловсролын талаар олон судалгаа хийж, үүнийг хөгжүүлэх тал дээр хүч оюунаа зарж яваа хүн. Энэ утгаараа өнөөдөр Монголчуудад оюунтай толгой хэр их хэрэгтэй байгаа вэ гэж ярианы эхэнд асууя.

– Оюунтай толгойн асуудал нь үндэсний  соён гэгээрлийн цөм суудал юм. Соён гэгээрэл эдийн засгаас эхлэхгүй. Соён гэгээрэл толгойноос эхэлнэ. Ядуувтар хэрнээ маш сайхан соён гэгээрсэн нийгэм байж болно.

Жишээлбэл эртний Грек байна. Гайхалтай ардчилалтай. Гэтэл эдүгээ тийм  ардчилал байхгүй . Аристотель, Платоны үед тэд яаж тийнхүү толгой нь ажиллаж ямар агуу сэтгэж байв аа. Тэр үед мэргэд төрж байсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол эдийн засгаас арай өөр ойлголт байгаа биз? Гэхдээ эдийн засаг эдүгээ  бол манайд маш чухал.

-Оюунтай толгойг бид яаж ашиглах, тэр нөөцөө яаж гаргаж ирэх вэ?

-Монгол толгойг хөгжүүлнэ гэж бид дээр доргүй нилээд олон жилийн өмнөөс ярьж л байна л даа. Монгол толгой, Оюунттолгой гэдэг хоёр өөр зүйл. Монгол гэдэг нь монгол хүний толгойг хэлж байнаа даа. Түүн дотор тэнэг толгой явж байж болно оо доо.

Үйлдвэр уурхайн газар, хот тосгоныг дандаа л мэргэжлийн байгууллагууд барьж байгуулдаг болчихсон. Тухайлбал оюутны хотхон барина гэхэд л Багануурт дэлхийн зах зээл дээр хотхон барьдаг том компаниуд гаднаас ирж барьж тааарна.  Энэ зөв. Сургуулийн барилгыг хүртэл олон улсад хандаад л хамгийн шилдэг байшинг нь сонгож авдаг. Эндээс харахад Монгол толгой гэдэг нь хараахан бүрэн дүүрэн ойлголт биш юм. Оюунттолгой. Жишээ нь Хаан банкийг гадаад хүн толгойлж байна шүү дээ. Тэгэхээр монгол толгой гэж явцуурч болохгүй юм аа. Харин үр нөлөөг нь монгол хүн авах ёстой.  Дараагийн нэг асуудал нь оюунт толгой. Би нэг академичаас монголыг оюунт толгой аврах уу, Оюутолгой аврах уу гэж асуухад, “монголыг Оюутолгой аварна, чи IQ гэж ярьсаар байгаад ном сонин бүр уншихаа байжээ. Сониноор дүүрэн Оюутолгойн тухай ярьж бичиж байна” гэсэн шүү. Би бол Монголыг оюунтай толгой аварна гэдэгтээ баттай зогсоно.

-Бидний оюун ухаан Монголыг хэзээ хөгжилд хүргэх юм бол?

-Америк хүний толгой, монгол хүний толгой хоёр ижил. Гагцхүү нэг л юмаараа ялгаатай. Тэр нь юу вэ гэвэл уураг тархи гээч энэ саарал бодис. Гэхдээ бас нарийн яривал бодис нь бас биш юм аа. Фрийдланд бид хоёрын уураг тархины саарал бодис дүндээ дүн л байж байгаа. Түүнээс гардаг нэг юм байна аа даа. Сэтгэлээс үйл ажиллагаа болоод гарч байгаа зүйл нь чухал. Фрийдланд бол эндээс юм авах гэж байгаа шүү дээ. 34 болгох юмсан, удаан жил ашиг олох юмсан гэж бодож байгаа. Харин би бол 34-ийг 51 болгох юмсан, чамаас юм авах юмсан гэж бодож байгаа юм. Тэгэхээр л толгой бол чухал биш байгаа биз. Толгойн дотор тархи, тархинаас гарч байгаа ухаан чухал байх нь. Цааш нь яривал их ухаан уу, бага ухаан уу гэдгийг ярих хэрэг гарна. Ухаан дотроо бас сэтгэлтэй, сэтгэлгүй гэж нэг юм гарч ирнэ. Хоёр монгол хүн хоёр өөр байгаа шүү дээ. Нэг нь Фрийдландаас ямар нэгэн замаар хахууль авчихсан тэдний талд ажиллаж байгаа хүн байж болно. Тийм хүмүүс зөндөө л байна шүү дээ. Бүх салбарыг хамарсан бүлэг хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр эх оронч ухаан уу, эх оронч биш ухаан уу, Монголын төлөө ухаан уу, биш ухаан уу гээд явахаар сэтгэл зүрх гээд явчихаж байгаа юм.

-Оюунтай хүн сэтгэл муутай байж болно шүү гэдгийг л хэлээд байгаа хэрэг тийм үү?

-Өөрөөр хэлбэл тэр оюунтай хүнд хичнээн эрдэм ном заагаад эргээд эх орныхоо төлөө ажиллах сэтгэлгүй байх юм бол ямар хэрэг байх билээ дээ?. гэхдээ дан  сэтгэлээр явахгүй ээ. Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэж нэг үг бий. Мэдлэг байхгүй бол хичнээн халуун сэтгэл байгаад нөгөө гэрээн дээр очихоороо л хууртчихна шүү дээ. Мэдлэггүй халуун сэтгэл бол маш аюултай.

-Сайхан сэтгэл морь боловч түүнийг унаад хол явдаггүй гэж нэг үг байдаг даа?

-Яг үнэн. Тийм болохоор оюун ухаанаа урдаа барих нь зөв. Тэгээд дараа нь халуун сэтгэлтэй байх нь зөв. Эхлээд хүүхдээ боловсролтой болгох учиртай.

-Эхлээд сэтгэлтэй байх ёстой юм биш үү?

-Үгүй ээ, тэр хараахан  биш.  Бага жаахан хүүхэд сэтгэлгүй байна гэсэн ойлголт байхгүй. Тэднийг сэтгэлтэй болгоно гэсэн юм байж боломгүй зүйл шүү дээ. Энэ нь боловсролын агуулга руу орчихож байгаа юм. Боловсролын агуулга стандарт аль талруугаа хазайсан байх вэ гэдгийг ярих болно. Ардын дуу дуул, эх орны тухай шүлэг уншаад бай, “Шивээ хиагт”-ыг дуулаад бай гэж болохгүй биз дээ.

Жишээлбэл 1939 оны Халх голын дайны асуудал төвөгтэй л болчихсон байгаа шүү дээ. Тэр дайныг эх орончоор дүгнэвэл бид Японыг дайраад дарчихсан. Халх голын ой энэ тэр хийгээд л. Өнөөдөр ингэж арай боломгүй.  Ухаан зарах хэрэгтэйеэ дээ. Японоос юм гуйж байгаа, Япон улстай хамтарч байгаа энэ нөхцөлд тэр орны эрх ашгийг бодолцох ёстой болно шүү дээ. Одоо ухаан зарна. Тэр дайн бол хилийн тулгаралт байсан байна. Бүр нарийн яривал Панмонголизм буюу том монгол улсыг байгуулах гэсэн японы бодлого байсан. Гэвч японы өөрийн бодлого нь Орос, Хятадыг багасгах дундуур нь Монгол гэдэг том улсыг гаргахаар Япон, Монгол хоёр улс хоорондоо яах юм бэ.

Харилцан ажиллах, бид Японы харьяалалд байх ёстой гэвэл Японы эрх ашигт таараад байж болох. Тэгэхээр Барон Унгерн, Вандановыг бид зөв гэж заах юм уу, буруу гэж заах юм уу. Одоо бол “аюултай Ванданов”-ыг зааж байна. Энэ бол биш юм. Тэгээд Жа лам гараад ирнэ. Энэ бол бөөн асуудал. Сайн хэлж болдоггүй, муулж болдоггүй, яаж заах юм бэ гээд л Ерөнхий боловсролынхонтой бид яриад л байгаа зүйл.

Ямар ч байсан 1939 оны дайныг тулгаралт гэж үзье, ойг нь тэмдэглэхээ больё. Түүнд оролцсон баатруудыг дөвийлгөн магтах хэрэггүй юм. Ингэх нь хоёр улсын харилцаанд муу нөлөө үзүүлж болох. Энэ бүхнээс үүдэн ярихад оюун ухаан гэдэг зүйл бол маш чухал зүйл. Монголын ирээдүйг бодохын тулд өнөөдөр бид ухаан зарж, урд хойд хөрштэйгөө муудахгүй дундуур нь гүйж байгаад Япон гэдэг их гүрнээс юм олж авах ухаан бидэнд байх ёстой юу, ёстой.

-Нийгмийн тэргүүний сэтгэлгээг ашиглаж байгаа болов уу, эдүгээ цаг дор?

Тэргүүний сэтгэлгээ гэж нэг юм байна. Тэр бол нийгмийн цөөнхөд хамаарна.  Мөн үүний хажуугаар эрх мэдэлтнүүдийн бүлэг гэж байна. Бас олонхи гэж байна. Гэтэл тэргүүний сэтгэлгээтнүүдийн юу яриад байгааг тэрхүү эрх мэдэлтнүүдийн бүлэг буюу удирдлага нь ойлгох гэдэг тун хэцүү. Энд манай монголын тухайд ноцтой асуудлууд бий.  Тэргүүний  сэтгэлгээ замыг заана. Харин түүнийг олон түмнээр хүлээн зөвшөөрүүлэх гэвэл бүтэхгүй. Гэтэл  УИХ -д сонгогдох, эрх мэдэл олж авахын тулд олонхийг дагана, тэдэнд тохируулж амлана. Амалсан амандаа унаад  хөдөлж чадахгүй болно.  Тэгэхээр тэргүүний  сэтгэлгээ хойш тавигдаад байх талтай.

–    Үүн дээр яаж харьцааг тэнцүүлдэг юм бол ?

Энэ асуудал улс төр лүү яах аргагүй орно. Энэ харьцааг тэнцүүлэх ухааныг улс төр гэдэг шиг байгаа юм. Хаана очихыг  ухаантай нь  зааж, яаж очихыг улс төрчид хийж, дагаад явахыгаа олонхи нь сайтар  мэддэг болсон тэр үед хөгжил ирнэ .

–  Нийгэм сэтгэлгээний талаасаа ямар байдалтай байна вэ ?

Нийгэм оюун сэтгэлгээний  түвшнээрээ хоёр хуваагдчиж. Одоо бүр тодорхой болсон зүйл. Орой дээр хэдэн хүн байна. Тухайлбал судлаач Ч.Эрдэнэ ном бичээд 100 мянган төгрөгөөр худалдаанд гаргалаа. Хүмүүс авч уншиж эхэллээ. Энэ ном монголд оюун сэтгэлгээний өөрчлөлт авчрах байх. Би залуустаа,  “ Ч.Эрдэнийн  БИД ЯЛАВ  номыг уншаагүй бол өөрийгөө ном уншсан гэж битгий бодоорой “ гэсэн. Маш гайхалтай ном. Гол нь сэтгэж байгаа нь.  Харин бүр доош уначихсан нэг хэсэг хүн байна. Юун 100 мянган төгрөгний ном байтугай зуун төгрөг ч байхгүй хүмүүс. Тэдэнтэй  илүү сайн сэтгэх талаар ярих хэцүү байна. Энэ хоёрын хооронд хоосон орон зай гарчихав. Дундаа  тасарчихсан. Дундаж бүлэг байхгүй болчихсон байна. Гэтэл их мөнгөтэй атлаа ном уншдаггүй, сэтгэх талаар маруухан гөлөөнүүд бас бий.  Уг нь хөрөнгөтөн ном уншдаг гэдэг, гэтэл монголд тийм биш байна. Манай хөрөнгөтнүүд өөр хүмүүс бололтой. Өөр хөрөнгөтөн гэдэг аюултай хөрөнгөтөн гэсэн үг шүү.

– Төрд аюултай хөрөнгөтөн давамгайлж байна гэсэн үг үү?

Арай ч тийм биш юм. Төрийг тэнэг хөрөнгөтнөөс холдуулах ёстой. Тэд эдүгээ арай ч төрийг бүрэн атгачихаагүй байна.  Бас монгол хүний сониуч  сэтгэл зүйг бодолцвол төрийг эрүүүлжүүлж болмоор санагдана. Улс төрчид бэрхшээл байна, тухайлбал, цөөнхийг дагавал тэд маань амжилт олохгүй учраас олон нийтээ дагана, ингээд асуудал үүснэ. 

Монгол хүний IQ-г нь шалгаад эрэмбээр нь орой дээр нь 76 хүнийг жагсаагаад төрд оруулъя гэвэл намайг бүгдээрээ эсэргүүцэж таарна. Хүмүүсийн олонхи нь  IQ  гэхээр айдаг. Сэтгэл зүй нь тийм юм.  Үүнийг шийддэг арга бас байна аа. Энэ аргыг олсон байна. Английн парламентийн Лордын танхим. Тэндээс гол бодлого нь гарч байдаг. Улс орны бодлого гэдэг чинь шал өөр юм байхгүй юу. Дороос сонгогдож ирсэн хүмүүс нь Лорд танхимынхаа гаргасан бодлогыг авч хэрэгжүүлж байдаг. Манайд энэ байхгүй байна. Гэхдээ ер нь ийм шинж байгаа. Оюун ухаан, шинжлэх ухааны юм ярихад манай төр засаг авч хэрэгжүүлдэггүй, эсэргүүцдэг гэвэл  гүтгэсэн болно. Манайхан хийх гэж оролддог. Даан ч  мэдлэг дутдаг. Яахав дээ дундуур нь эрх ашгийн юм ордог л байх. Гэхдээ зөв шийдэл гарчихсан юмыг нэг их эсэргүүцээд байгаа юм харагдахгүй л байна.    

– Дэмждэггүй юм биш үү?

Огцом дэмжиж бас болдоггүй юм. Нийгмийн дотор огцом хүчтэй  өөрчлөлт хийвэл доод хэсгийн толгой нь тасрах гэмтэй. Шаварт унасан үхрийг толгойноос нь огцом хүчтэй татвал хүзүү нь тасарчихна биз дээ. Зугуухан үзэх хэрэгтэй.  Түүнтэй л адил. Ер нь бол тэргүүний  сэтгэлгээтэй төр гэж байхгүй. Харин түрүүлсэн тэргүүний сэтгэлгээг ажил болгодог төр гэвэл бий.

-Хүмүүсийн сэтгэлгээ хоцорч байна гэж ярих болов, Та сэтгэлгээний талаас нь яривал ямар бол ?

Сэтгэлгээ нь дөрвөн том төрөлтэй. Нэгдүгээрт нь вертикал буюу босоо сэтгэлгээ. Энэ нь сэтгэлгээний их айд 10 орчим хувийг эзэлдэг. Гүн логик сэтгэх урлаг юм. Монголчууд энэ сэтгэлгээнд сүрхий гаршсан байдаг. Нэг юмнаас эх авч цааш нь логикийн дагуу угсруулан сэтгэхийг хэлж байгаа юм. Хэрвээ, тэр эхний юм нь буруу , алдаатай байвал тэгээд л бурууддаг.

Марксизмийг хөдөлшгүй үнэн гээд бид алдаа биз дээ. Манай намын бодлого үйл ажиллагаа ямагт зөв, нөгөө намынх ямагт буруу, минийх зөв, чинийх буруу, багш алддаггүй, сурагч алддаг, дарга ямагт зөв ярьдаг, доодос  голдуу буруу ярьдаг гэхчлэн нилээд туйлширсан хандлагатай сэтгэлгээ юм.  Дараа нь Каузал гэж нэг юмнаас нөгөөг нь ухаж хөөж гаргаж ирдэг, юмс үзэгдлийн учир шалтгааныг хооронд нь холбож, наанатай цаанатай сэтгэдэг төрөл бий.  20 хувьтай гэдэг. Энэ бол бурхны шашны сэтгэлгээ. Бүх юм шалтгаан үр дагаврын холбоотой гэж. Үүнийг төвдөөр Дэмбэрэлва гэх.  Үүнд гаршсан хүн бол Далай лам байна. Орчлонгийн бүх зүйлсийн цаад наадахыг холбож шүтэн барилдуулж хэлж байгаа нь гайхалтай. Эсрэг тэсрэг хоёр үзэлтэй хүн Далай ламын сургааль номыг уншаад л хоёулаа зөв,зөв  гэж байгаа юм.

Энэ бол лут авьяас.Дараа нь,30 хувьтай латерал сэтгэлгээ буюу хөндлөнгийн сэтгэлгээ гэж байна. Энэ бол олон өнцгөөс харж, байж болох  бүх хувилбарыг шавхана. Аливааг дан ганц өнцгөөс тайлбарлах буруу. Өөр өнцөг гэж бий.Зургаан сохрын дууль гэх  сургааль үлгэр бий. Зургаан сохор байжээ. Тэд зааныг тэмтрэн танилцжээ.Нэг нь “ энэ бол банз “ гэв. Хажуу биеийг нь тэмтэрсэн аж. Нэг нь могой гэв. Хошууг нь тэмтэрсэн аж. .. Гэхчлэн зургаан өөр юм хэлж гэнэ. Нэг нь ч ЗААН гээгүй. Yүн шиг хүмүүс бид өөрийн мэдэрсэн, мэдсэний түвшинд л асуудалд ханддаг байна. Ингэх нь алдаанд хүргэнэ гэнэ.

Энэ сэтгэлгээнд манай зарим гайгуй  улс төрчид овоо гаршиж байгаа нь ажиглагдана. Олон жил улс төрд байсан хүн бол ер нь л ултай хандаад, энэ тэгж хэлнэ, тэр тэгээд хэлчихвэл ингэнэ, ингэх юм бол хэнд ч халгүй мултарчих юм гэж тунгааж чаддаг болох  жишээтэй. Дараа нь Визуал буюу орон зай харааны 40 хувьтай сэтгэлгээ гэж бий. Төрөлхийн сэтгэлгээ. Мэдрэмж, зөн совин бас энд хамаарна.  Хараа ,орон зайн сэтгэлгээ манайд ямар байгааг та нөхөд Зайсангийн амыг очиж хараад мэдэж болно.

Ямар ч эмх цэгц байхгүй, баахан холилдсон байшин. Хайран сайхан уулын ам, хайран их хөрөнгө. Хэдэн жилийн дараа буулгаж л таараа. Бас нийслэлийн энэ замбараагүй байруудыг хараарай. Гэрийнхээ  доторхи эд юмсыг энд тэндгүй  ундуй сундуй  байрлуулчихвал ямар байхав, яг түүн шиг.Хот гэж олон хүн бөөгнөрсөн газар биш, хот гэж загвар дизайнтай гоёмсог  бүтэц. Парис хот тийм шшү дээ.  Улаанбаатарт буй дуурийн театр уг нь хөөрхөн дизайнтай байр, даан ч хажууд нь 20 давхар өндөр барилга тулгаад барьчихаар сүүдэрт нь байгаа жижигхээн оромцог болж харагдах жишээтэй.

– Яавал үүнээс гарах бол ?

Хүүхдүүдэд бүр багаас нь заах ёстой. ЕБС -д сэтгэлгээний хичээл орох учиртай юм. Энэ бүхнийг барууны оронд сурагч багачууддаа албан ёсоор заагаад 100 жил болж байна. Yр нөлөө нь нотлогдсон.  Монголд энэ ажил дөнгөж эхэлж байна. Бас эсэргүүцэл их гээч. 

–  Бид оюун сэтгэлгээний хувьд 100 жилээр бид хоцорч ээ дээ,  тийм үү?

Тийм л болж таарах нь.  Би энэ талаар ном бэлтгэж байгаа. Гурван жил суугаад нэг номны дөнгөж хагаст нь л хүрч байна. Одоо дахиад хоёр жил суух нь байна л даа. Монголд оюун ухаан судлал гэж байгаа юм гэдгийн суурийг нь тавих гээд л би бэлтгээд байгаа хэрэг. Жишээ нь, математикт,  нэмэх үйлдэлээр хариу нь нэг хүнийх 7 гараад нөгөөхийх нь 9 гараад байвал утгагүй биз дээ. Оюун ухааны талын юмсыг нэгдмэл  үндэстэй болгох суурь  номыг хийж байна гэсэн үг. Тухайлбал хүүхэд олоход хүртэл маш нарийн шинжлэх ухаан байдаг байна. Монголын уламжлалд ийм юм  бас ч гэж мэр сэр байдаг. Манай уламжлалт арга ухаан барууны шинжлэх ухаантай харшилддагүй, сүрхий нийлдэг.

Буддын гүн ухааныг судлах явцад тэр нь  бурхны шашин биш юм байна, манайхан алджээ  гэж би ойлгосон.  Тэрээр хүний оюуны хөгжлийн нэг л арга ухаан юм билээ.  Ингээд энэ гүн ухааныг хөөгөөд үзсэн чинь Хятад руу орж байна. Хятадын гүн ухааныг шүүрдсэн чинь энэ чинь ерөөс Монголын гүн ухаан байна гэж ойлголоо. Бүр уг угшил нь тийм байна. Барууны хоёр том судлаач байна. Ирландын Ричард Лүнн,  Финляндын Тату Ванханен .  Эд бол алдартай судлаачид. Тэдний нийлж гаргасан судалгааны том том бүтээлүүд байна. тэр бүтээлүүд дотор нь Монголын талаар хийсэн судалгаа байна. Одоо Америкаар дүүрэн Монголчууд байна. Америкт Хазар, Халимаг, Өвөр монголчууд олон байдаг аж. Тэдний тархи оюуны чадамжийг америкчууд маш ултай судалжээ. Yндэстэний тархи, оюун 100 жилийн дотор бараг үл өөрчлөгддөг.

-Монгол оюуныг судлахад онцлог юм юу байна вэ?

Нэгдүгээрт гавлын хэмжээ. Монгол гавал буюу бидний тархи хэмжээгээрээ “number one”. Гавал хэмждэг тусгай арга, үзүүлэлт байдаг байна.

-Манайхан, энэ мөн гавал шүү гэж ярьдаг шүү дээ?

Мөн мөн. Тэгэхээр бидэнд баримжаа байсан байгаа биз дээ. Ер нь тархи, оюуныг хэмждэг үзүүлэлт байна л даа. Тархи том байх тусмаа л хүн ухаантай байдаг. Том тархитай ухаан багатай хүн байна л даа. Гэхдээ энэ бол цөөхөн. Аливаа юм олонхоороо явдаг шиг 100 хүний 98 дээрх үзүүлэлтэнд хамаардаг байх нь. Тархи нь жижигхэн хэрнээ их ухаантай хүн байж болно л доо. Энэ бол захын тохиолдол. За, дараа нь тархины урд хэсэг буюу дух бас маш чухал хэмжээс болдог аж. Өргөн тавиу духт, уйтан хавчиг духт гэж байна.

Баруунд хөх зангиат, цагаан зангиат гэж нэг ойлголт байна. Одоо орчин үед энэ нь хувцсаараа ялгагдаж эхэлж байна. Жишээ нь инженер техникийн ажилчид цагаан захтнуудын тоонд орох нь байна л даа. Энэ мэтээр ажилчдаа эрэмбэлэх нь нэг талаасаа зөв хэрэг. Хувцас, харилцаа, дэг жаяг нь өөр. Оюутнууд  Альфа, Ветта, Гамма гэхчлэн бүлгүүдэд хуваагддаг.  Манайхан энэ байдлыг эсэргүүцэх хандлагатай, тун дургүй. Ялгаварлах гэж байна, хүмүүсийг баллах гэж байна, Дэмбэрэл хүмүүсийг Альфа, ветта, гаммагаар нь хуваагаад сүйд болох нь гээд байдаг. Тэр бүгд тус тусдаа сүлд дуутай. Жишээ нь альфа бүлгийн сүлд дуу нь бид хүлээсэн онцгой үүрэгтэй, хамгийн урд нь явж, манлайлж, эр зоригтой байх ёстой гэх мэтээр дуулна. Хамгийн хойд талын эфсилон  бүлэг нь бас хөөрхөн дуутай байх жишээтэй. Тэд бүлэг бүлгээрээ ялгарчихдаг.

-Ингэсний ашигтай тал нь юу байгаа юм бэ?

Нийгмийг оюун ухаанаар нь хувааж, эрэмбэлж байгаа юм.

-Ил тодоор ингэж эрэмбэлж хуваарилаагүй ч иймэрхүү загвар манайд ерөнхийдөө гарчихсан байх шиг?

Тийм, тийм. Байгаа юмыг үгүйсгэх бус, хүлээн зөвшөөрөх ёстой.Хүн бүр адил тэгш гэдэг нь боломжийн талаасаа л тэгш болохоос хүн бүр адил хоол ид гэсэн үг биш. Бидний хувьд анхны боломж нь тэгш байна. Харин тэгш боломжоос тэгш бус үр дүнд хүрч байгаа нь өөр асуудал. Дээхнэ үед таван онцын эзэн гээд багш нь тусгайлан дэмждэг ч ил зарлаад байдаггүй байв. Гүнзгийрүүлсэн анги, тусгай сургалт гээд байгаа чинь агуулгаараа сурагчдыг эрэмбэлээд байгаа хэрэг.Билиг авъяас нь өөр юм чинь эрэмблэгдэхгүй гээд яах билээ.

-Гэтэл одоо ялангуяа 1990-ээд онд хэн ч биш байсан нөхөр дээд өндөрлөгт гарчихсан байна гэж хүмүүс их ярьдаг даа?

Ардчилалыг бид буруу ойлгосон хэрэг. Уг нь хүн бүр байх ёстой байрандаа, өөрийн эрэмбэнд тохирсон ажлаа хийгээд явж байх ёстой. Гэтэл Ленин “тогооч бүхэн төр удирдах ёстой” гэчихэж. Үгүй юм аа. Тогооч хүн бол тогооч оо л сайн хийх ёстой юм. Харин төр удирдах хүн түүнийгээ л сайн хийх ёстой. Монголчууд морийг их сайн эрэмбэлсэн байдаг. Уралддаг морь, уналгын морь, хонины хээр гээд бүгд ялгаатай байдаг шүү дээ. Одоо манай нийгэм энэ рүү бага багаар ороод л байна. Тэр дээр байгаа нэг хүнтэй адилхан байх гэж тэрсэлдэх хэрэггүй юм л даа. Тэр хүн чинь өөрийнхөө чадлаар гарч ирж байгаа шүү дээ. Яахав, гарч ирсэн арга нь буруу зөв байх нь дараагийн асуудал. Бид 90 онд цөмөөрөө л тэгээс эхэлсэн. Дээшээ гарсан нь алтан жорлондоо бие засаж л байг л дээ. Зах зээл бол хүн бүрийг алтан жорлонд бие засуулах хуулигүй. Харин тэгш боломжийг л олгочих.

-За, эргээд нөгөө эрэмбэ шатлалынхаа талаар ярих уу?

Дээр ярьсан бүх бүлэгүүд тус тусдаа сурах бичигтэй. Түүгээр нь заадаг. Эхлээд л шууд эрэмбэлчихдэг. Сургуульд ороход нь л IQ-г нь шалгаад түвшинг нь тогтоочихдог. Улс даяар тогтоочихсон хөдөлшгүй стандарт байдаг байна. Тэр стандартыг нь тогтоож өгдөг газар нь тусдаа. Миний нэг шавь Калифорнид олон жил амьдарч байна. Тэдний хүүхэд энэ жил найман настай. Гурван жилийн өмнө сургуульд ороход нь IQ-г нь шалгажээ. 99.9 хувьтай байсан байна. Тэгээд энэ хүүхэд бол онцгой авьяастай гээд онцгой авьяастай хүүхдүүдийн бүлэгт оруулсан байх жишээтэй. Тэр бүлэгт яг түүнтэй ижил хүүхдүүд л байгаа.

Сургууль нь маш өндөр төлбөртэй. Харин тэдгээр билиг авъяастай хүүхдүүдээс  төлбөр авахгүй. Тэр хүүхэд чинь ээж аавынхаа мөнгийг хэмнэж байна шүү дээ. Ингээд тэр хүүхэд өндөр төлбөрөө хэмнэж байгаа юм чинь зүтгэж тэмүүлж сурна.Эдүгээ  монголын хувийн дунд, их дээд сургуулиудад  сайн сурсан  сурагч оюутнаа төлбөрөөс нь хөнгөлдөг журамтай. Энэ чинь цаагуураа эрэмбэ явж байна, бүр төлбөргүй сургадаг болжээ. Энэ зөв өө. Тэдгээр хүүхдүүдийг тэтгэдэг том том САН -гууд бий. Тэнд байнга олимпиад явагдаж, өрсөлдүүлж, чадварыг нь тогтмол дээшлүүлнэ. Багш нь тусдаа, илүү өндөр зэрэглэлийн хүн байдаг.

Монголд үүнийг зохицуулдаг хууль байхгүй. Би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед  “ Билиг авъяасын хууль “ боловсруулах талаар яриад нилээд нухсан. Бараг бэлэн болсон. Дараагийн УИХ -д  ийм юмыг сонирхох хүмүүс  тодрох байх гэж найдна. Монголд  билиг авьяасыг ингэж хөгжүүлэх хэмжээнд арай хүрээгүй байна. Хүмүүс их ууртай байхад бас нэг уурыг нь хүргэсэн юм санаачилвал  УИХ -ын гишүүд дэмжих янзгүй юм билээ. Би  УИХ -ын болон БСШУЯ -ны хэд гурван хүнтэй зөвлөж үзсээн. Арай болоогүй гээд эмээгээд байдаг юм билээ.

-Таны энэ бүх саналыг, дэвшүүлсэн санааг дэмждэг хүн хэр олон байна вэ?

Ер нь залуучууд л дэмждэг. Ахмадууд нь марксист болохоороо хэцүү. Гэхдээ хүүхдүүдийг эрэмбэлж, ангилмаар байна, …яагаад бүх хүүхдийг адилхан гэж үзэж байгаа юм бэ гэх мэтээр ярих хүний тоо нэмэгдээд байгаа нь цаг ойртсоны шинж байх.

-Америкт хүүхдийг бүр бэлтгэл ангид ороход нь л бүлэг бүлгээр хуваачихдаг жишээ байна. Арай чадвартай хүүхдийг нь таны хэлсэнчлэн Альфа бүлэгт хуваарилчихсан. Тэдний тоглодог тоглоом нь нэг өөр. Тооны хичээл дээр нэг нь альфа бүлэгт орсон байхад биологийн хичээл дээр өөр бүлэг рүү шилжчих маягтай. Тэр дотор ямар нэгэн ялгаварлах юм байхгүй харагддаг. Тоондоо тааруу байсан нь биеийн тамирын хичээл дээр альфа бүлэгт хуваарилагдсан байх ч шиг.

Г.Урантуяа

Эх сурвалж: “Монцамэ”

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд