No menu items!
HomeЯрилцлага"Чойномын охин гэдгээ аавыг цагаадсаны дараа мэдсэн"

“Чойномын охин гэдгээ аавыг цагаадсаны дараа мэдсэн”

-

Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномгүйгээр Монголын утга зохиолын ертөнцийг төсөөлөхөд бэрх. Тэрээр төр засгийн эсрэг зохиол бичсэн хэмээн хэлмэгдэж явсан эмгэнэлт хувь заяатай нэгэн. Р.Чойномын үр хойч болох отгон охин Ч.Мөнхтэмүлэн одоо Дархан-Уул аймагт амьдарч байна. Түүнтэй ярилцлаа.

-Та Р.Чойномын хүүхэд гэдгээ хэзээ мэдсэн бэ. Дарханд суурьшаад удаж байна уу?

-Би Улаанбаатарт төрсөн. Дарханд манай хадмынх байдаг. Энд таван жил амьдарч байна. Ээж минь надаас болоод цэргийн дарга хүнтэй суусан гэдэг. Намайг эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэхгүйн тулд энэ шийдвэрийг гаргасан. Би олон жил ээж, нагац ах, хойд эцгээрээ овоглож ирлээ. Тэгээд 1990 оноос ээж минь Шүүх эмнэлгээр орж, Р.Чойномын хүүхэд мөн гэдгийг нь тогтоож, овгийг сольж өгсөн.

-Алдартай яруу найрагчийн хүүхэд гэдгээ мэдэхэд ямар байсан бэ. Амьдралд тань гарсан өөрчлөлт их байв уу?

-Намайг бага байхад хойд эцэг минь “Муу эсэргүүний хүүхэд” гэдэг байлаа. Ээж бол юу ч хэлдэггүй байсан. Хамаагүй хүн мэдэхээс болгоомжилдог байсан биз. Гуравдугаар ангид орсны дараа миний аав зохиолч хүн юм байна гэдгийг гадарлах болсон. Гэхдээ нэрийг нь сайн мэдэхгүй. Ангийн хүүхдүүд “Аав чинь хаачсан юм бэ” гэж асуухаар “Аав түүхийн сэдэвтэй зохиол бичихдээ он сарыг нь буруу бичээд шоронд орсон. Би сайн мэдэхгүй” гэдэг байлаа. Аавыг цагаадсаны дараа ээж минь “Эцэг чинь сүрхий ухаантай, ажилсаг хүн байсан” гэдэг байсан.

-Аавын чинь зохиол бүтээлийн гар бичмэийг ээж чинь хадгалж байсан болов уу. Өөрт чинь үлдсэн зүйл бий юу?

-Уг нь аав, ээжид шүлэг, зохиолынхоо гар бичмэлийг хадгалуулсан юм билээ. Цаг төрийн байдлаас болоод Хэнтий аймгийн Нармандах гэдэг хүнд дамжуулан өгч хадгалуулсан гэсэн. Сүүлд нь тэр хүнээс авах гэсэн чинь яруу найрагч Ш.Сүрэнжав гуайг аваад явсан гээд өгөөгүй.

-Ш.Сүрэнжав гуай тэр бүтээлүүдийг нь эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” номыг гаргасан байх аа. Мэдсэн үү?

-Тийм гэсэн. Гэхдээ зарим нэг шүлгийн он сарыг нь зөрүүлсэн. Ээжид зориулсан шүлгүүдийг нь бүрэн оруулаагүй юм билээ.

-Ш.Сүрэнжав гуай аавтай тань дотно байсан гэдэг. Та бүхэн холбоотой байдаг уу?

-Бага байхдаа нэг удаа уулзаж байсан. Намайг зургадугаар ангид байхад аав минь цагаадсан. Тэр үед Ш.Сүрэнжав гуай дээр очсон юм. Харахад их сүрдмээр хүн байлаа. Учиргүй уурлан намайг “Чи Р.Чойномын хүүхэд гэдгээ юугаар батлах юм. Би лав үнэмшихгүй” гээд баахан загнасан. Би “Ямар аймаар хүн бэ. Ямар ч байсан сайн хүн биш байна” гэсэн дүгнэлттэйгээр тэндээс гарсан. Хоёр цаг гаран загнуулсан даа.

-Сүүлийн үед Р.Чойномын хүүхэд гэж өөрийгөө зарласан хүмүүс гарч ирээд байгаа. Ер нь найрагч маань хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Яг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гурван охинтой. Хүү байхгүй. Хамгийн том нь Ч.Эрдэмном гэдэг эгч бий. Би огт хараагүй. Улаанбаатарт Нисэх орчимд амьдардаг гэсэн. Түүний дараа Нина эгчийн охин Ч.Хулан эгч. Харин би бага охин нь. Ч.Хулан эгч надаас арван насаар эгч, харин Эрдэмном эгч 1962 онд төрсөн юм билээ. Аавын өв соёлыг хамгаалах “Өд” сангаас санаачлан есдүгээр сарын 25-нд Тэрэлжид 75 насных нь ойг тэмдэглэсэн. Аавын талын бүх ах, дүү, хамаатан садан 300 гаруй хүн цугларсан. Тэнд Ч.Хулантай таарсан. Хүмүүс биднийг “Ямар адилхан юм бэ” гэцгээж байсан.

-Аавын тань тухай ээж чинь юу гэж дурсан ярьдаг байв?

-Аавын найз Ш.Дулмаа, П.Бадарч, Т.Галсан, талийгч Үржинээ гуай гээд бүгд л ээжийг маань сайн мэддэг. Аавыг шоронгоос гарч ирэхэд хэн ч тоогоогүй, ажил ч олдохгүй, орон гэр байгаагүй гэдэг. Тэгээд төрийн соёрхолт зураач Үржинээ гуайнд аав, ээж хоёр хамтдаа 2-3 cap амьдарч байсан. Ээжийг гэрийнхэн нь “Яаж толгой нь эргэхээрээ өөрөөсөө 14 нас ах, шоронгоос гарсан эсэргүү, бие муутай, тахир дутуу хүнтэй суух гэдэг байна аа” гэж дургүйцдэг байсан гэсэн. Ээж тэр үед сургуулиа төгсөөгүй оюутан байсан. Ээж гэрийнхнийхээ үгнээс зөрөөд гэрээсээ явчихсан юм билээ. Энэ талаар бүр хожуу надад ярьсан.

-Танд Мөнхтэмүүлэн гэдэг нэрийг аав чинь өгсөн үү?

-Тэмүүлэн гэдгийг нь аав, Мөнхийг нь ээж өгсөн. Намайг гэдсэнд байхад аав эрэгтэй хүүхэд гарвал Желал Адин, эмэгтэй хүүхэд гарвал Чингис хааны дүү Тэмүүлэнтийн нэрийг л өгнө гэж ярьж байсан гэсэн. Ээж гадаад хүний нэр өгч яах юм. Желал Адин гэхээр чинь хүмүүс хүүхдийг чинь Казах гэж ойлгоно гэж дургүйцэж байсан гэнэ лээ. Тэгээд охин гарахаар нь аав, ээж хоёр ярьж байгаад Мөнхтэмүүлэн гэдэг нэрийг өгсөн түүхтэй.

-Аав чинь шүлэг, найраглал бичихийн хажуугаар сийлбэр, баримал хийж, зураг зурдаг, хөгжим тоглодог гээд л олон төрлийн авьяастай хүн байсан. Та зураг зурдаг уу?

-Бага зэрэг зурна. Арван жилд байхдаа ангийнхаа хүүхдүүдийн зургийн хичээлийг хийгээд өгчихдөг байлаа. Сургуулиа төгсөөд Ядамсүрэн гуайн нэрэмжит Дүрслэх урлагийн “Анима” сургуульд шалгалт өгч уран зургийн ангид нь орохоор болсон. Даанч төлбөрийг нь төлөх боломжгүйгээс суралцаж чадаагүй. Хэрэв хөгжүүлсэн бол зурах л байсан байх. Мөн зохиолчдын хороогоор орсон чинь П.Бадарч гуай “Чи ерөөсөө Утга зохиолын дээд сургуульд ор” гэсэн. Тэгээд орсон боловч мөн л төгсөж чадаагүй.

-Өөрийг тань шүлэг бичдэг гэж сонссон. Хэзээнээс сонирхож эхлэв?

-Дөрөвдүгээр ангид ороод эмээдээ зориулж бичиж байлаа. Тэр шүлэг “Пионерийн үнэн” сонинд гарч байлаа. Сониноос бичлэгийн мөнгө гээд хэдэн төгрөгийн урамшуулал өгсөн. Би бөөн баяр болоод эмээдээ нөгөө мөнгөө аваачиж өгсөн юм. Эмээ “Миний охин том болжээ. Одоо л эмээгээ тэжээх нь дээ” гэж хэлж билээ. Түүнээс хойш урам ороод бичиж, хураагаад явна. Одоо шүлгийн ном гарах хэмжээний шүлэгтэй болсон. Т.Галсан гуайд үзүүлэхэд “Боломжийн болсон байна. Номоо хэвлүүлж гаргах хэрэгтэй” гэсэн. Сүүлийн үед үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа. Ивээн тэтгэгч олдвол шүлгийн болон үргэлжилсэн үгийн зохиолын номоо гаргахад бэлэн болсон.

-Үргэлжилсэн үгийн зохиолоо ямар сэдвээр бичиж байна вэ?

-Хүүхдүүд маань үлгэр яриад өг гээд байхаар нь үлгэр зохиож ярьдаг байлаа. Тэгсээр байгаад урт зохиол шиг болчихдог юм. Үүнийгээ хүүхдийн адал явдалт зохиол болгон бичиж байгаа. Мөн нэг роман бичих санаатай эхэлчихсэн. Эхний зохиолуудаа хэвлүүлэх гэхээр хөрөнгө санхүүгийн байдлаас болоод гацаанд орчихоод байгаа. Нэг номоо хэвлүүлээд гаргачихвал урам орох болов уу гэж бодох юм.

-Таны хүүхдүүдээс аавын чинь авьяасыг дууриасан болов уу?

-Хүү маань гурван настай байхдаа өөрөө үсэг цээжлээд уншиж сурсан. Сургуульд ороод зүйр цэцэн үг бичиж байгаад дараа нь жижиг хэмжээний үлгэр, өгүүллэг зохион бичдэг болсон юм. Одоо тэгсэн чинь аймшгийн зохиол бичээд байгаа. Би бүр айгаад Т.Галсан гуайгаас асуусан. Тэрээр “Хүүхдийг хорьж болохгүй. Чиний үе ондоо. Одоо цаг үе өөр болсон. Юм бичих нь зөв урам өгч, урамшуулаад бичүүлээд байгаарай” гэсэн.

-Өөрийг чинь Р.Чойномын хүүхэд гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Мэдсэн хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Утга зохиолын дээд сургуульд сурч байхад намайг Р.Чойномын хүүхэд гэдгийг манай ангийн охин сонсчихоод “Р.Чойном чинь XVIII зууны үед амьдарч байсан билүү” гэж билээ. Ер нь хүмүүс “Р.Чойномын хүүхэд мөн үү” гэж эргэлзсэн байдалтайгаар хүлээж авдаг. Тийм болохоор би хүмүүст тэр болгон хэлээд байдаггүй. Зарим хүмүүс “Р.Чойномын шүлгийг цээжээр унш” гээд байдаг. Би ер нь юм цээжлэхдээ маруухан л даа. Өөрийнхөө шүлгийг Хүртэл цээжээр мэддэггүй.

-Аавынхаа зохиосон ямар шүлэгт нь илүү дуртай вэ?

-Бүх л шүлэгт нь дуртай. Цээжээр мэдэхгүй мөртлөө аавын шүлгийн аль ч хэсгээс нь уншихад мэднэ. Бүх найраглал нь гоё. Түүний дотроос “Монгол”, “Буриад”, “Кавказ” найраглалууд нь их гоё шүү. Сургуульд байхад манай найз аав чинь чамд зориулж “Охиндоо илгээх захидал” шүлгийг бичсэн юм байна гээд авчирч өгсөн. Тэр шүлгийг анх удаа уншиж үзсэн болохоор гоё санагдсан. Баярлаж, хөөрсөн хүн гэртээ ирээд ээжид үзүүлтэл “Наад шүлгийг чинь чамд биш Ч.Хулан эгчид чинь зориулж, Чамайг төрөхөөс өмнө бичсэн” гэсэн. Гэхдээ би энэ шүлгийг гурван охиндоо зориулж бичсэн шүлэг гэж боддог.

-Аавынхаа төлөө хийж бүтээх юмсан гэж бодож явдаг зүйл бий юу?

-Бодож санаж явдаг зүйл гэвэл зөндөө бий. Аав минь амьд мэнд байсан бол “Ардын уран зохиолч” цолыг хүртэх л байсан. Зохиол,бүтээл нь хүмүүсийн дунд мөнх амьдарч байна. Тийм болохоор аавыгаа “Ардын уран зохиолч” болгочих юмсан гэж бодож явдаг. “Өд” сантай хамтарч Ерөнхийлөгчид өргөдөл гаргасан байгаа. Хариу шийдийг нь хүлээгээд сууж байна.

-Аавынхаа өв соёлыг хамгаалдаг “Өд” санд хандаж үзсэн үү. Таны номыг ивээн тэтгэж болдоггүй юм болов уу?

-Р.Чойном гэдэг хүний удам угсаа тасраагүй. Цаашаа үргэжлээд явж байгаа гэдгийг хүмүүст таниулах зорилгоор ном гаргахсанаа бий. “Өд”санд хандан тусламж гуйж үзсэн. Аавын шүлгийг цуглуулах, номыг ньхэвлүүлэх гээд миний номоос илүү чухал ажил байгаа гэсэн. Тийм болохоор ямар ч боломжгүй гэж хэлсэн. Хөрөнгө мөнгө, санхүү нь болдоггүй биз дээ. Т.Галсан гуай “Аавынх нь зохиолыг болохоор мөнгө их орно гэхгүй хэвлэдэг байж. Хүүхдийнх нь номыг мөнгө их орно гээд байхдаа яах вэ” гэж байна лээ. Гэхдээ яах вэ. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон юм чинь надад туслах хүн олдох биз дээ.

Ч.Мөнхтэмүүлэнгийн ухаарлын богино шүлгүүд

Хүн, хүний зовлон нийлэн нулимсан далайг үүсгэв
Хүндэт нэгэн бээртүүнээс шунан, шунан залгилав
Шорвог нулимсанд согтсон тэрбээр хөлчүүрэн агсрав
Шорон хэмээх шалбааганд нэгэн дусал болж ишнгэв.

Хүсэл гэгч дундрашгүй булаг
Хүлээс гэгч хайлшгүй мөс
Хүн нэрээ агшны төдийд мартаж гэмээнэ
Хүйтэн мөс ямхын төдий нимгэрнэ

Цэцнийг уйлахад тэнэгүүд баясдаг
Цэн цэнгийн нулимсыг нь дарс шиг уудаг
Тэнэгийг уйлахад ухаантнууд зовдог
Том, том нулимсыг нь цус шиг үнэлдэг

Халаас хоосон хэсэг хүн гудамжаар алхална
Харин дор бүрдээ бусдыгаа мөнгөтэй гэж санана
Өмнө нь очоод хишиг горьдон гар тосно
Өгөх юмгүйгээ хэлэхэд нь итгэж ядна, тэгээд
Өөдгүй харамч хэмээн араас нь нулимна.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ”

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд