No menu items!
HomeНом ярьяБ.Содонгоо: Хувь хүний хөгжил, хүмүүжилд ном хамгийн их нөлөөлдөг

Б.Содонгоо: Хувь хүний хөгжил, хүмүүжилд ном хамгийн их нөлөөлдөг

-

“Гашуун кофе” номын зохиолч Б.Содонгоог “Ном ярья” буландаа урьж, ярилцлаа. “Гашуун кофе” ном нь  гэр бүлийн хүчирхийлэл, хүсэл мөрөөдөл, хайр дурлал гээд хүний амьдралыг жаргал, зовлонг тод томруунаар харуулна. Арван найман насандаа анхны номоо гаргасан Б.Содонгоо нь АШУҮИС-д Хүний их эмч мэргэжлээр суралцдаг. Түүний бичсэн “Гашуун кофе” ном гарсан даруйдаа бэстселлер болж байсан юм.

– Ном бичих болсон түүхээс тань яриагаа эхэлье. Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн хамгийн хүнд сэдвүүдийн нэг шүү дээ. Яагаад ийм сэдвийг сонгох болсон бэ?

– Ээж минь намайг хоёрдугаар ангид байхад уран зохиолын нилээн зузаан ном авч өгч байсан юм. Гэхдээ тэр үед уншиж чадаагүй орхисон. Харин дөрөвдүгээр ангид байхдаа эргэн уншаад, зохиолч болно гэж хүсдэг байлаа. Мөн 14 насандаа анхны номоо гаргана гэж зориод эхлүүлж байсан. Тэр үед надад бэрхшээлүүд тулгарч, ном бичнэ гэдэг арай ухаан суугаад хийх ёстой ажил юм байна гэж бодсон. Гэхдээ би тэмдэглэл, зохиолоо бичээд л явдаг байсан.

Би АШУҮИС-ийн хоёрдугаар курст байхдаа номоо гаргахаар шийдсэн. Учир нь би ГССҮТ-д дадлага хийсэн юм. Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлж байгаа дийлэнх хүмүүсийн шарх нь хүчирхийллийн шалтгаантай байсан. Голдуу эмэгтэйчүүд, охид хүчирхийллийн хохирогч болдгийг тэнд л харсан. Эрчүүд ч гэсэн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол цөөнгүй байсан.  Хүчирхийллээс өсвөр насны хүүхдүүд сэтгэлдээ гүн шарх авдаг. Тэр шарх нь сорви болж ирээдүйн амьдралд нь нөлөөлөх магадлалтай гэж бодсон. Тиймээс номоор дамжуулж гэр бүлийн хүчирхийллийн гүн шархаа эдгээж, асуудлаа даван туулаасай гэсэн хүчийг өгөхөөр номоо үзэглэсэн.

– Дахин ном гаргахаар төлөвлөж байгаа юу. Цаашдын төлөвлөгөөг нь сонирхож болох уу?

– Дахиад ном бичих төлөвлөгөө бий. Гэхдээ сэдвээ олоогүй л явна. Ойрын хугацаанд ном гаргая гэвэл өгүүллэгийн ном гаргах байх. Цаашдын төлөвлөгөөний тухайд гэвэл аялна гэж бодож байгаа. Мөн би залуу байгаа учраас гадагшаа явж сурна гэж төлөвлөсөн. Ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудаас гэвээл, “Зориг сан”-тай хамтарч ажиллахаар оны өмнө тохирсон. Түүний хүрээнд сайн дурын ажил хийж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүстэй уулзана.

– Сурахын хажуугаар зохиол бичих гэдэг тийм ч амар биш. Мөн өөрөө бүжгээр хичээллэдэг шүү дээ. Цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?

– Хүн завгүй байх тусмаа их зүйлийг амжуулдаг. Миний бүжгийн бэлтгэл орой 18 цагаас байдаг. Мөн би иогийн багшаар ажиллаж байгаа. Бас 18 цагаас байдаг. Зарим өдөр нь иог, зарим өдөр нь бүжгийн бэлтгэлээ хийдэг. Миний хичээл өдөр хоёр цагт тарлаа гэхэд надад 18 цаг болтол зай байна. Энэ үед хичээлээ яг чанартай хийх зэргээр цагаа төлөвлөдөг. Ер нь би орой эрт унтаж, өглөө эрт босож бүх зүйлээ амжуулдаг.

– Одоо хоёулаа манай “Ном ярья” булангийн үндсэн асуултын хүрээнд ярилцъя. Хамгийн анх уншиж байсан номоо санадаг уу. Номтой нөхөрлөсөн түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?

– Хамгийн анх “Цондоолой, цүндээлээ” гээд номыг цэцэрлэгт байхдаа уншиж байсан. Тэр нь комик, текст багатай ном байсан учрааас өдөрт нь дуусгасан. Дараа нь ээж маань надад хүүхдийн 108 шилмэл зохиолын нэг “Бяцхан гүнж” гээд номыг авч өгсөн. Харин 7-р ангиасаа эхлээд уран зохиолын ном уншиж эхэлсэн дээ. Анхны номоо уншаад ийм зүйл байж болдог юм уу гэдэг мэдрэмж төрж байсныг тод санаж байна. Өөр ертөнцөд очоод буцаад ирж байгаа юм шиг санагдсан. Одоо бодоход хувь хүний хөгжил, хүмүүжилд ном хамгийн их нөлөөлдөг юм шиг санагддаг.

– Ээж тань номтой “нөхөрлөхөд” их нөлөөлсөн хүн юмаа даа.

– Тийм ээ. Манай ээж ном их уншдаг хүн. Бага байхаас минь эхлээд ээж зурагт гэхээс илүү ном уншиж харагддаг байсан. Ер нь ээжийн ном тэврээд хэвтэж байгаа, ном уншаад сууж байгаа дүрслэл миний багийн дурсамжид бий. Одоо ч гэсэн манай ээж ном шимтэн уншигч. Намайг  бага байхад манай гэр бүл Дархан хотод байсан. Амралтын өдрүүдээр ээж бид хоёр гадуур зугаална аа. Тэгээд хамгийн түрүүнд очдог газар нь номын дэлгүүр байлаа. Ер нь ээж байнга хажууд ном уншаад байхаар би ч гэсэн ном авмаар санагдаад эхэлсэн. Хүүхэд ер нь ээж, ааваасаа л үлгэр дуурайлал авдаг юм билээ. Манай аав гарын ур дүйтэй хүн бий. Дүү нар маань ч гэсэн аавыг дагаад янз бүрийн зураг зурж л байдаг.

– Танд ширээний ном байдаг уу?

– Байгаа.  “Икигай” гээд цэнхэр хавтастай  ном бий.  Би тэр номын санаандгүй явж байгаад авсан юм. “Икигай”-г уншсаны дараа би өөрийн номоо бичиж, гаргасан. Тэгэхээр энэ ном миний номоо бичих сэтгэл зүйд маш их нөлөөлсөн. Тэр номоос амьдралын утга учир, одоо цагтаа амьдрахын сайхныг олж харсан. Одоо ч тэр номоос хэрэгжүүлдэг зүйлс олон бий. Жишээлбэл, япончууд аягатай хоолны 80 хувийг идээд л өөрийгөө цадсан гэж бод,  бага ид гэж зөвлөдөг. Энэ мэт жижиг дадлуудыг өөртөө хэвшүүлээд явж байгаа. Унших болгонд шинэ, шинэ зүйл сурч байдаг.

– Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

– Сүүлд “Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд” гээд номыг англи хэл дээр уншсан. Ер нь сүүлийн үед хэлээ хөгжүүлье гээд англи хэл дээр ном уншихыг хичээж байгаа. Мөн “Шинэ амьдрал” хэмээх Турк зохиолчийн номыг уншсан. “Амраг” гээд номыг бас уншсан юм байна. Тэр бас их гүн сэтгэгдэл үлдээсэн шүү.

– Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Ном унших нь төсөөлөх чадварыг их хөгжүүлдэг гэж боддог. Ер нь бодол ч цэгцрээд, цар хүрээ нь ч “өег” болоод ирдэг. Үүнийг дагаад хүний үйлдэл ч гэсэн бодитой сайжирдаг юм болов уу. Мөн тэр номын гол дүрийн амьдралаар “амьдраад” үзчихээр бусдыг илүү сайн ойлгож эхэлдэг байх.

– Та өөрийгөө номын баатраар төсөөлбөл..

– Бодож байгаагүй юм байна. Гэхдээ миний дуртай зохиолчийн ном болох “Өлсгөлөн тулаан”-ы Катнис. Тэр маш баатарлаг, бас миний дуртай дүр.

– Танд хамгийн үнэ цэнтэй санагддаг ном байдаг уу?

– Анх уншиж байсан “Бяцхан гүнж” ном. Тэр номыг уншаагүй байсан бол цаашдаа ном унших байсан уу, үгүй юу. Магадгүй унших л байсан байх. Гэхдээ тэр  надад их нөлөөлсөн.

– Та ер нь номоо ямар арга барилаар уншдаг вэ?

– Үг үсэг алгасахгүй л уншдаг. Гэхдээ сүүлийн үед зарим номын ерөнхий агуулгыг нь ойлгоод, үйл явдлаар нь хөөгөөд уншсан тохиолдол бий. Жижиг хэсгүүдийг нь уншилгүй орхиод л гэсэн үг л дээ. Би ер нь нэг номоо дуусгаж байж дараагийн номоо уншиж эхэлдэг. Уран зохиолын номуудыг тэгж л уншвал их сонирхолтой.

Би хувь хүний хөгжлийн ном бараг уншдаггүй. Унших шаардлага гарвал бусад ижил төстэй номтой зэрэгцүүлээд уншчихдаг. Хувь хөгжлийн ном “хөгжлийн” гэдэг утгаараа дотор нь уусаад унших биш, хэрэгжүүлэх ёстой зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн өдөр уншаад юуг нь хэрэгжүүлж болохоор байна хийгээд,  тэгээд дараагийн хэсэгрүү нь ордог.

– Танд бусдад уншихыг санал болгох ном байна уу?

– Эмэгтэй хүмүүсийг би “Төгсгөлийн мэдрэмж” номыг уншаасай гэж бодож байна. Тэр номонд эмэгтэй нь “Би хөгшин болоод муухай харагдаж байгаа даа” гэж өөрийгөө боддог. Гэтэл эрэгтэй нь анх хараад дурласан тэр  төрхөөр нь эмэгтэйгээ хайрласаар байгаа тухай гардаг л даа. Тэр номоос  эмэгтэй хүн  өөртөө итгэлтэй байх ёстой юм байна гэсэн мэдрэмжийг би авсан. Мөн дээр дурдсан “Икигай” гээд номыг уншиж хэрэгжүүлээсэй. Хэрвээ хүсвэл миний номын уншиж болно. /инээв/

– Ярилцсанд баярлала

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж 2024 оны...

трэнд