“Туул голын эхэнд нохой чарганы үйлчилгээ эрхлэх нь ундны ус бохирдуулж байна”

0
475

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл зэрэг тусгай хамгаалалтад авсан газар нутагтаа зөндөө газар олгосон. Энэ газруудад газрын харилцаа үүсэж, зориулалтаас өөрөөр ашиглах, байгалийн унаган төрхийг алдагдуулах зэргээр бий болсон замбараагүй байдлыг тусгай хамгаалалттай бусад газар нутгуудад давтахгүй байх ёстой. Бүх алдаа завхралыг ажлын хэсэг засах боломжгүй. Эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж таарах байх.

Цаашид дахин ашиглах гэрчилгээ өгөхгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж, гэрээ байгуулсан хэрнээ гэрээнд зааснаас өөрөөр газраа ашигласан тохиолдолд эрхийг цуцлах зэрэг норм, стандартыг тогтоож өгөх нь зүйтэй юм. Одоо газрын харилцаа үүсчихээгүй байгаа эрүүл газруудаа хамгаалалтын бүс рүү нь оруулж хамгаалагдах газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.

Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна. 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар олгогдох ёстой байтал орон нутгийн шийдвэрээр газар олгосон нь маргаан үүсгэж, эцэстээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд хандаад буй юм байна.

Түүнчлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн эхэнд буюу Туул голын эхэнд суурьшлын бүс бий болгож, нохой чарга ажиллуулдаг компаниудад зөвшөөрөл олгосноор Улаанбаатар хотын ард иргэдийн ундны ус бохирдох  зэрэг ноцтой асуудал үүссэн. Үүнийг төр засгийн хэмжээнд авч үзэж, шийдвэрлэхгүй бол болохгүй боллоо гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн ярилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.