76: УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин

0
345

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин 1972 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд долоон хүүхэдтэй айлын отгон нь болон мэндэлжээ. Түүний аав “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл”-ийн хороон дарга, “Дорноговь аймгийн ардын хянан шалгах хороо”-ны дарга, “Дорноговь аймгийн намын хороо”-ны дэд дарга, ээж нь аймгийн  “Ялалт” сонины газар дэвтэрлэгч хийдэг байжээ.

1990 онд Сайншанд сумын 2 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Мөн Орхон их сургуульд хуульч, эрх зүйч, Удирдлагын академид төрийн удирдлагын менежер, Удирдлагын академид төрийн удирдлагын магистраар тус тус суралцсан байна. Түүний ажил хөдөлмөрийн гараа “Эм импекс” компанид нягтлан бодогчоос эхэлжээ. Хоёр жил эдийн засагч хийж байгаад санхүүгийн хяналт шалгалтын байцаагч болон нутагтаа очсон гэдэг.

2011 он хүртэл Дорноговь аймагтаа ажилласан бөгөөд энэ хугацаанд төрийн албаны бүхий л шат дамжлагыг дамжиж, байцаагчаас, Санхүүгийн хяналт шалгалтын газрын дарга болон дэвшсэн. Дараа нь аймгийн Засаг даргын Санхүүгийн хэлтсийн дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн Тамгын газрын дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг хашиж байв.

2011 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Хан-Уул дүүргийн МХГ-ын дарга, Нийслэлийн МХГ-ын санхүүгийн хяналт хариуцсан даргаар ажилласан. 2014 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүний улс төрийн гараа 2015 онд Дорноговь аймгийн МАН-ын даргаар ажиллаж байх үе эхлэлтэй. Таван жилийн дараа Намын дарга болоод нутагтаа очсон тэрбээр хойтон жилийнх нь сонгуульд ялалт байгуулж, аймгийнхаа Засаг дарга болжээ. Ийнхүү дөрвөн жилийн дараа сонгуульд хүч үзэн, УИХ-ын гишүүнээр сонгогдов.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 37,8 сая, гэр бүлийн орлого 19,6 сая гэж мэдүүлжээ. Т.Энхтүвшин гишүүн амины орон сууцгүй бөгөөд 677,9 саяар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой.

134 саяын үнэтэй Toyota, LEXUS RX330 болон Lexus570 автомашин унадаг, 70 саяын хурдан удмын адуутай, 25 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 126 сая төгрөгтэй тэрбээр “Бурхант тал” ХХК-д хувьцаа эзэмшдэг аж. Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

“Сум, багийн Засаг даргыг иргэд шууд сонгодог болбол талцал, улстөржилт арилна”

Орон нутгийн удирдлагаар олон жил ажилласан тэрбээр Төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлийг орон нутагт ямар хэлбэрээр яаж хийвэл зохистой талаар дараах байр суурийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

Тодруулбал, “Багийн Засаг даргыг Иргэдийн нийтийн хурал биш иргэд нь шууд сонгодог байх ёстой. Сумын Засаг даргыг ч мөн адил сумын ИТХ нь биш иргэд нь сонгодог байх тогтолцоо руу шилжих цаг болсон. Нөгөө талаар сумын Засаг даргыг бас аймгаас баталгаажуулаад томилдог байж болно. Ийм өөрчлөлтийг хийхгүй бол хөдөө, орон нутагт улстөржилт дэндүү хавтгайрч, ах дүү хамаатан садан, найз нөхөд сумаараа муудалцаж талцдаг байдал бий болсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс шууд иргэдээсээ сонгодог байдлаар явбал зүгээр юм болов уу гэсэн бодолтой байна” хэмээжээ.

“Энэтхэгээс хар панер оруулж ирэх л дутуу байна”

Хил дээр чингэлэг бүхий бараа бүтээгдэхүүн гацаж барилгын үнэ тэнгэрт хадсан цаг саяхан. Энэ талаар тэрбээр, “Тяньжин боомт дээр гацсан чингэлэгүүдийн асуудлыг олон сар ярьлаа. Үүнээс болоод барилгын ажил гацсан. Монголын болон Эрээний зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүн Энэтхэгээс асар өндөр зардлаар орж ирж байгаад харамсаж байна. Мэдээж хэрэг барилга нь асар өндөр зардалтай болно. Энэтхэгээс бараг хар панер орж ирэх нь л дутуу байна. Нэг их технологийн барилга байгууламж баригдаад эхэлсэн юм бол байхгүй” хэмээн шүүмжилж байжээ.

“Хүн амын сэлгэлтийн асуудалд онцгой анхаарах ёстой”

УИХ-ын өнгөрөгч намрын чуулганаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан цус ойртолтын сэдэв ихээхэн хөндөгдсөн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Цус ойртолт аль бүс нутагт байна вэ гэхээр алслагдсан бүс, малчдын дунд, багийн, сумын түвшинд байна. Чадалтай, чансаатай нь төвлөрлийг дагаад аймаг, Улаанбаатар шилждэг. Чадал муутай, амьжиргаа муутай нь багаа бараадаад, сумандаа, сууриндаа үлддэг. Тиймээс хүн амын сэлгэлтийн асуудалд онцгой анхаарах ёстой.

Баруун аймгийнхныг говийн бүсэд ажиллах, амьдрах нөхцөлийг нээж өгөх. Зөрүүлээд говийн бүсийнхнийг хангайн бүс рүү ажиллуулах бололцоо боломж нээж өгөх хэрэгтэй. Тиймээс төвлөрлийг сааруулж, говь, хангайн бүсүүдэд томоохон бүтээн байгуулалтууд, аж үйлдвэрүүдийг хийх нь зөв. Ингэж хүн амыг сольж, сэлгэж байж цус ойртолтын асуудлыг шийднэ. Тэгвэл цус ойртолт үндсэндээ алга болно гэж бодож байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.