Монгол Улсын Зөвлөх инженер, Усны зохицуулах зөвлөлийн зохицуулагч, судлаач Ч.Эрдэнэчимэг Монгол Улсын ус, усны зохицуулалтын талаар ярилцлаа.
– Өмнөх сард усны үнэ өссөн. Ер нь усны үнэ тийм ч их өөрчлөгдөөд байдаггүй. Энэ талаар та өөрийн бодлоо хуваалцаач?
-Усны үнэ Улаанбаатар хотод 2019 онд хамгийн сүүлд нэмэгдсэн. Тэрнээс хойш 2021 онд үнэ нэмэгдэх шийдвэр нь гараад 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд мөрдөгдөж байна. Тэгэхээр сүүлийн хоёр жил усны үнэ тогтвортой байсан гэсэн үг. Ер нь аливаа үнэ тариф зардал дээр суурилж тогтоогддог. Зардал өсөөд байгаа учраас үнэ тариф бол нэмэгдэж таарна. Монгол улсад усны үнэ их бага байдаг.
Усны үнэ бусад улс орнуудад шатлан өсгөх буюу өсөх блок тарифын бүтэцтэй байдаг. Энэ бол их давуу талтай. Жишээлбэл орон сууцны хэрэглэгч нэг өрх 10 м.куб хүртэл улс хэрэглэж байгаа бол нэг л үнэтэй байна. Үүнээс дээш болбол үнэ нь өсөөд явдаг. Манай улсад орон сууцны хэрэглэгч л бол нэг л тарифаар төлдөг. Харин хэрэглэгчийн төрлөөсөө хамаараад ялгаатай байдаг. Орон сууцанд, гэр хороололд болон үйлдвэр, албан байгууллага гэх мэт. Манайд хэрэглэгч усыг их хэрэглэж ч байсан бага хэрэглэж ч байсан ялгаагүй адил тарифаар төлдөг. Энэ нь эдийн засгийн хувьд, шударга ёсны хувьд тийм ч нийцтэй биш. Цаашдаа энэ шатлан өсөх тарифын бүтэц рүү яаралтай ороосой гэж бодож байна. Хөдөө орон нутагт Улаанбаатар хотынхоос өндөр тарифаар төлдөг. Яагаад гэвэл хэрэглэгчдийн тоо цөөхөн атлаа зардал өндөр байдаг.
-Ус гэдэг бол байгалын хязгаарлагдмал нөөцийн нэг шүү дээ. Тэгэхээр Монгол улсад усны нөөц хэр их үлдсэн бэ?
-Монгол Улс усны нөөцийн хувьд нөөц багатай орны тоонд ордог. Одоогоор усны нөөц хэр их үлдсэн гэдэг талаар нарийн тодорхой тооцоо судалгаа байхгүй байна. Харин Улаанбаатар хотын хувьд гэвэл аль 80, 90-ээд оны үед ЗХУ мэргэжилтнүүд хоногт 300 мянга гаруй м.куб усны нөөцтэй байна гэж тооцсон байдаг. Тэр үеэс хойш нэлээн олон жил өнгөрсөн учир усны нөөц багасах нь ойлгомжтой. Гүний усны нөөцийг нөхөн сэргээгддэг болон нөхөн сэргээгддэггүй гэж хоёр ангилдаг. Байгалийн усны эргэлтэд идэвхтэй оролцдог гүний ус нь нөхөн сэргээгддэг, харин усны эргэлтэд идэвхтэй оролцдоггүй усны нөөц нь нөхөн сэргээгддэггүй усны нөөц юм. Улаанбаатар хотын усны нөөц бол Туул гол. Ус сувгийн удирдах газар Гачууртаас эхлээд Туул гол дагуу 200 гаруй эх үүсвэрийн худгаар ус олборлож хэрэглэгчдэд түгээж байна. Энэ бол нөхөн сэргээгдэддэг нөөцдөө багтана.
Байгалийн усны эргэлтэд гүний усыг тэжээж байдаг хөрсний усан давхарга байдаг. Гэтэл Зайсанг харвал маш олон барилга баригдсаар байна. Барилга барихын тулд мод бутыг нь тайраад, хөрсний усыг зайлуулчихдаг. Үүний хор нөлөөгөөр гүний ус маань тэжээгдэж чадахгүй, өөрөөр хэлбэл нөхөн сэргээгдэх боломжгүй болсон. Энэ нь усны нөөцөд аюул занал учруулж, нөөц нь багассан. Монгол Улсын Усны тухай хуулинд усан сан, усны эх үүсвэрээс 200м ээс дотогшгүй хамгаалалтын бүс байна гээд заасан байдаг. Гэвч үүнийгээ ч мөрдүүлэхгүйгээр барахгүй Байгаль орчны яам нь ажлаа хийж чадахгүй, хуулиа мөрдүүлж чадахгүй байгаагийн шинж. Дэлхийн улс орнуудад усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлдэг. Тэгвэл манай улсад 2009 оноос гадаадын төсөл хөтөлбөрийн тусламжтай Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж баталсан боловч энэ нь төдийлөн хэрэгжихгүй байна. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх тогтолцоо, механизм нь ч байхгүй байгаа юм.
-Манай улс жорлондоо хүртэл цэвэр ус хэрэглэдэг талаар ярьдаг. Харин гаднын оронд саарал усыг ашигладаг гэдэг. Ер нь саарал ус гэж юу юм бэ?
-Саарал ус гэдэг бол зөвхөн угаалгаас гарсан гар нүүр, хувцас угаалга болон дүүшнээс гарч буй усыг хэлдэг. Гэтэл бохир усыг цэвэрлээд гаргасан усыг саарал ус гэж буруу ойлгоод, яриад байна. Цэвэрлэгдээд гарч байгаа бохир усыг хаягдал ус гэж нэрлэх нь зөв. Энэ хаягдал усны стандарт байдаг.
Саарал усыг цэвэрлэж, халдваргүйжүүлэн машин угаалга, үйлдвэрийн хэрэгцээнд болон зүлэг талбай ашиглахад хэрэглэх нь зүйтэй. Гэвч ингэж саарал усыг боловсруулах нь өртөг зардал шингээдэг тул тодорхой хэмжээгээр үнэтэй болдог. Иймд саарал усыг ашиглах асуудал төвөгтэй байгаа юм.
Манайх бол үйлдвэрийн, ахуйн, цэвэр усны гэх мэт ялгаатай систем байхгүй нэг л систем байдаг. Саарал усыг эргээд ахуйдаа ашиглах халдварт өвчин тараах эрсдэлтэй тул энэ асуудалд болгоомжтой хандах нь зөв. Харин саарал усыг цэвэрлээд үйлдвэрийн хэрэгцээнд бол хэрэглэж болно. Манай улс саарал усны стандарт баталсан боловч түүнийг эргүүлэн ашиглах асуудал төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа нь эдийн засгийн асуудалтай л холбоотой.
-Мянганы сорилтын сангаас хийгдэж байгаа усны төслийг та юу гэж бодож байна вэ?
-Энэ төсөл бол Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулах, нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл гэж ойлгодог. Санаа, концепц нь бол их зөв. Гэхдээ мэргэжилтнүүдийн санаа зовоосон хоёр асуудал байна. Нэгдүгээрт цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усыг дахин боловсруулаад дулааны цахилгаан станц, өөрөөр хэлбэл ТЭЦ 4-ийн хөргүүрийн усанд ашиглана гэж байсан. ТЭЦ-4 хоногт 50 мянган м.куб ус хэрэглэдэг. Хаягдал усыг дахин боловсруулахад мэдээж зардал гарна. Тийм хэмжээний зардал шингээсэн усыг цахилгаан станцад худалдана. Үүний улмаас цахилгаан дулааны үнэ өсөх эрсдэлтэй. Цахилгааны үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгдэх шалтгаан болно шүү дээ. Мөн тэр усыг Улаанбаатар хотын ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл ахуй ундны усны системд нийлүүлэхгүй байх гэж бодож байна.
Мөн энэ төслөөр маш их хэмжээний зардал гаргаж, бүтээн байгуулалт хийж байгаа. Эргээд Улаанбаатар хотын ус суваг тэдгээрийн ашиглалтыг хариуцна. Тэр үед зардал өсч түүнийгээ дагаад усны үнэ нэмэгдэх шаардлагатай болно. Иймд усны үнийг иргэдэд дарамт болохооргүй өсгөх, өөрөөр хэлбэл шатлан өсгөх тарифын бүтцэд яаралтай шилжих хэрэгтэй юм.
-Бид усны нөөц, зохицуулалтыг ер нь хэрхэн хийх вэ?
-Би дээр хэлсэн. Усны нөөцийн нэгдсэн менежментийн (УННМ) зарчмыг дэлхийн бараг бүх улсууд хэрэгжүүлж байна. Энэ нь манай улсад, хотод хэдий хэмжээний ашиглаж болох нөөц байна вэ. Тэгвэл ойрын ирээдүйд ямар хэмжээний эрэлт, хэрэгцээний байна вэ. Түүнийгээ яаж, хэрхэн хангах вэ гэсэн үг.
Гэтэл бид ямар нөөцтэй байгаагаа нарийн тодорхойлж, хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй байна. Усны нөөцөө зөв удирдаж чадахгүй байж шинээр эх үүсвэр гаргах тухай ярьж байна. Юуны өмнө энэ нөхөн сэргээгдэх нөөцөө нөхөн сэргээх хэрэгтэй. Туул голоо нөхөн сэргээх, хөрсний усыг нь зайлуулахын оронд мод бут тарьж тэтгэх хэрэгтэй байна. Түүнээс гадна эрэлтийн менежментээ сайн хийх хэрэгтэй. “Demand management” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тоолууржуулалтыг сайн хийх, бүх шугам сүлжээ, бүх хэрэглэгчдээ тоолууржуулж усны алдагдлаа багасгах, үнэ тарифын системээ боловсронгуй болгохоос эхэлнэ. Тэгээд нөөцөө нөхөн сэргээж, усаа эргүүлэн, дахин ашиглах гэх мэтээр одоо байгаа нөөцөө хэмнэлттэй, үр ашигтай, олон жилийн турш хэрэглэнэ гэсэн үг л дээ.
УННМ-ийг хэрэгжүүлэхэд манай улсад түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо үгүйлэгдэж байна. Усны газар байгуулаад л болчих юм биш. Ядаж тэр усны газар нь БОАЖЯ-ны доор байна. Гэтэл усны ашиглал, хангамжийг БХБЯ хариуцдаг. Усны газар нь ус хангамжийн байгууллагуудаа ашгийн төлөө байгууллага гэж үздэг. Ус бохирдуулсны төлбөрийн торгууль ноогдуулаад дарамтлаад л байж байна. Энэ нт орон нутгийн хэд хэдэн аймгуудад тулгараад байна. Жишээ нь Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчит Ундарга-Алтай компанид 35 сая төгрөгийн торгууль ноогдуулаад энэ нь алдангитайгаа нийлээд 55 сая болсон бөгөөд уг байгууллагыг маш хүнд байдалд оруулж байна. Манай улс шиг татварын газраар дамжуулж нөөцийн болон бохирдуулсны төлбөр авдаг улс байхгүй. Ундарга–Алтай нь асар их зардалтай Тайшир Алтайн ус хангамжийн эх үүсвэрийг хариуцаж ажиллуулж эхлээд байгаа юм. Энэ нь маш их алдагдалтай зардал өндөртэй. Санхүү эдийн засгийн хувьд ийм хүнд байдалтай болсон. Гэтэл тэдний цэвэрлэх байгууламж нь зөвхөн механик цэвэрлэгээ болон байгалийн аргаар цэвэрлэх био цөөрөмтэй. Биологи цэвэрлэгээний үр дүн тэднээс нэхэж болохгүй шүү дээ.
Яриад байвал дуусахгүй их зүйл байна.
Би хувь хүн зөвлөх инженер, судлаачийнхаа үүднээс ярилцлага өглөө гэдгээ хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.