Ковидын үед хийвэл зохих амьсгалын дасгал

0
464

Ковидын халдвар авсан үед хэдийгээр бие махбод ядарч, сульдсан ч удаан хугацаанд хэвтэх нь муу үр дагавартай аж. Тодруулбал, удаан хугацаагаар хэвтэх нь эдгэрэлтийг удаашруулдаг. Мөн ковидын халдвар болон амьсгалын замын өвчлөлийн үед хэвтээ байдалд удаан байснаар хэвтсэн тал руугаа агааржилт явагдахгүйн улмаас хэвтэж буй тал руу шүүдэс ялгарч, уушгины тэр хэсэгт хатгаа үүсэх сөрөг нөлөөтэй аж. Тиймээс аль болох босоо тэнхлэгт байх нь чухал бөгөөд хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөн хийх нь маш чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Харин залуучууд эдгэрээд удаагүй байж ачаалал хэтрүүлсэн фитнессийн дасгалуудыг хийж байгаа нь буруу аж.

Халдвар авсныхаа дараа биеийн хүчний ачааллыг тохируулах шаардлагатай байдаг бөгөөд гар, хөлийн булчинг оролцуулсан бага римтмтэй дасгал хөдөлгөөн хийснээр булчинд хүчил төрөгчийн хэрэгцээ бий болж, цусны эргэлт, агаарын солилцоо нэмэгдэнэ.

Ковидоор өвчилсний дараа өрц, хэвлийн булчингийн саажил ажиглагдаж байгаа тул амьсгалын дасгал хийх нь үр дүнтэй. Энэ нь энгийн хэрнээ үр дүнтэй сэргээн засах арга юм гэдгийг Геронтологийн үндэсний төвийн ЭТҮА-ны дарга Ч.Одгэрэл зөвлөсөн билээ. Дараах амьсгалын дасгалыг зөвлөж байна.

Үүнийг хийхдээ хоёрын тоонд амьсгалаа гүнзгий авна. хэвлий хэсэг урагш түлхэгдэх ёстой. Тэгээд уруулаа цорвойлгон, дөрвийн тоонд багтааж амьсгалаа удаанаар гаргана. Дасгалыг дэр эсвэл сандлын түшлэг тэвэрч суусан байрлалд хийх нь тохиромжтой. Амьсгалаа хүчээр гаргаж болохгүй гэдгийг анхаар.

Мөн ковидын үед сэтгэл санааны эерэг байдал маш чухал. Хэрэв танд ямар нэгэн байдлаар түгшүүртэй мэдрэмж төрж байгаа бол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сэтгэл зүйч Ц.Анхбаярын өгсөн зөвлөмжийг дагаад үзээрэй.

Тэрбээр, “Түгшүүрийн үед өнгөц бөгөөд хурдан амьсгалдаг. Энэ нь зүрх судас, цусны эргэлт, даралтанд нөлөөлдөг. Буруу амьсгалах үед тархинд хангалттай хүчил төрөгч очдоггүй. Дээрээс нь манайх шиг утаатай нөхцөлд тэр хэмжээгээр дутуу амьсгалж, хүчил төрөгчөө дутуу авч байна гэсэн үг. Энэ үед хийж болох энгийн амьсгалын дасгал бий. “Хайрцагаар амьсгалах” гэж нэрлэгдсэн энэхүү дасгалыг хамраараа 4 секундын турш аажимхан амьсгаа аван хэвлий рүүгээ татаж, дөрвөн секунд түгжээд дахин 4 секунд амаараа удаан гаргаж хийнэ. Амьсгаагаа аажмаар гаргасны дараа дахин дөрвөн секунд түгжинэ” гэв.

Хэрэв нойргүйдээд байвал “хайрцагаар амьсгалах” аргын хугацааг уртасгана. Дөрвөн секунд хамраараа амьсгал авч, долоон секунд түгжээд найман секунд удаанаар, амаараа амьсгалаа гаргана. Амьсгал авч байгаа хугацаанаас гаргаж байгаа нь хоёр дахин урт байвал илүү үр дүнтэй. Амьсгалахдаа хэт хүчлэхгүй, зуугуухан гаргаарай.