Д.Оюунцэцэг: Нийгмийн амьдралтай уялдаад хоол тэжээл хүртэл өөрчлөгддөг

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын Ахлах багш, социологич Д.Оюунцэцэг Монголчуудын хоол хүнсний асуудалтай холбогдуулан ярилцлага өглөө.

-Хүмүүс хооллолтын талаар үйлдвэрлэгч эсвэл эмч мэргэжилтнүүдэд л хамаатай асуудал гэж боддог. Гэвч үүнд нийгмийн ямар шинж чанар, ач холбогдол байна вэ? Та бидэнд үндсэн ойлголтуудыг өгөхгүй юу.

-Ярилцлагад урьсан танай редакцын хамт олонд баярлалаа. Би 2009-2011 онд Австралийн Мельбурний Их Сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистерийн зэргийг хамгаалж байсан. Тэр үед суралцаж байх явцдаа хоол тэжээлтэй холбоотой асуудал нь зөвхөн нийгмийн эрүүл мэндийн болон эмч мэргэжилтнүүдийнх биш, энэ нь бас нийгмийн асуудал юм байна гэдгийг олж харж байлаа.

Үүнд бол хоол тэжээлийн асуудал нь зөвхөн “тэжээл” гэдэг талаасаа бус яагаад нийгмийн асуудал болж байгаа талаар хэдхэн жишээгээр тайлбарлая. Юуны өмнө бид 21-р зуун даяаршлын эрин үед амьдарч байна. Даяаршлын амьдралд бидний хоол тэжээл маш их сонголттой болсон. Өөрөөр нийгэм нь даяаршаад ирэхээр хоол тэжээл хүртэл даяаршсан. Жишээ нь Монголчууд бид 1990-ээд оноос өмнө бургер, пицца гэж мэддэг байсан юм уу, мэддэггүй л байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ бүхэн чинь бидний өдөр тутмын хоол хүнсэнд орсон. Энэ нь нийгмийн амьдралтай уялдаад хоол тэжээл хүртэл өөрчлөгдсөн юм.

Тэгээд энд хоол ямар холбоотой юм бэ гэвэл, даяаршиж байгаа ертөнцийн хөгжилд өөрсдийн хэрэглэж ирсэн хоол тэжээлээ зүгээр алдчих ёстой юм уу, эсвэл бидний авч үлдэх ёстой юмны бас нэг үү, гэдэг ийм асуудал тулгарч байна. Гэтэл бусад өндөр хөгжилтэй орнууд болох Америк, Англи, Канад, Австрали, улсууд даяаршиж байгаа нийгэмд гол хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө хангах бодлого барьдаг. Өөрсдөө хүнсээ тарина. Өөрсдийн хүнсийг экспортолно. Тэд ийм үзэл баримтлалтай, бодлого хэрэгжүүлдэг. Харин бид яаж байна? Яг эсрэгээрээ явж байна.

Хүнсний бүтээгдэхүүн гэхээр ганцхан төмс, нөгөө, сонгино мэтээр ойлгож болохгүй. Бүх жимс, жимсгэнэ бүтээгдэхүүн, цагаан идээнүүд гэх мэт цэвэр бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж оруулахын оронд дандаа гаднын импортын барааг өндөр үнэ төлж авч байна.

Хүнсний социологи нь их олон чиглэлд багтаж байгаа. Харин би бол хүүхдийн хооллолт талаас илүү ханддаг. Гэхдээ өнөөдөр танай сайтад өгч байгаа ярилцлага маань олон нийтэд хандаж байгаа тул хоол хүнс нь нийгмийн асуудал болох талаар түлхүү ярилаа.

Ер нь социологийн үүднээс эл асуудлыг нэг талаас Макдональдизацийн онолоор тайлбарлагддаг.

Анх 2001 онд Америкийн социологич Жорж Ритцерийн “Explorations in Sociology of Consumption” гэх бүтээл нь тэр үедээ барууны орнуудад тэсрэлт болж байсан.

Тэрээр юу гэж үзэж байсан гэхээр макдональдизац гэдэг нь хоолоор дамжуулаад бүхий л нийгмийг загварчилж, үйлчлүүлэгчдийг өөртөө татах арга хэрэгслийг бий болгож байгаа талаар тайлбарласан. Түргэн хоолны газар ороод хүмүүс биллиард тоглох, ном унших гэх мэт олон зүйл хийж болдог. Тэгээд энэ макдональджих систем нь хүний мөнгийг огт хэмнэдэггүй харин тэр газраар ороход ямар ч тооцоололгүй болгоход чиглэсэн байдаг. Жишээ нь би 11 центээр авч болох бургерийг макдональджих бүтэц орчихсон газраас 22 центээр авдаг ч юм уу.

Нөгөө талаас хүнс тэжээлийг социологийн өөр судлах өнцөг байдаг нь улс орон хэрхэн аюулгүй байх вэ, үүний тулд хэрхэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх ёстой юм, яаж бид хүнсээ хангах ёстой юм зэргийг судалдаг. Ер социологи нь хүний бүлгийг судалдаг, түүний соёлыг судалдаг шинжлэх ухаан юм. Тэгэхээр тодорхой бүлэгт тохирсон хүнс гэж байдаг. Жишээлбэл, Монголчуудад тохирсон хүнс гэж байна. Үүнийг тийм ч эртний утгаар харах шаардлагагүй. Энэ хүнсээ хөгжүүлэх ямар боломж байна, ямар түвшинд нь судлах хэрэгтэй зэргийг түүхэн, соёлын болон бүтцийн үүднээс нь хардаг.

Манайд CU, KFC, GS25 гадны франчайз байгууллагууд олон байна. Эдгээр нь таны дурдсан макдональдизацийн жишээ мөн үү?

-Мөн. Тэнд найзтайгаа кофе ууж болж байна, хөзөр тоглоод сууж болж байна. Хэн ч хөөхгүй байгаа биз дээ.

21-р зууны үнэлэмж Америкт ч, Монголд ч ер нь хаана ч адилхан. Зөвхөн хэлбэр нь янз янзаар өөрчлөгдөөд л ороод ирсэн байдаг. Үүнд бол муу эсвэл сайн гэдэг үнэлгээ тавихгээгүй.

Франчайз ороод ирлээ тэндээс бид дэлхийн стандартын хэмжээнд, бүр шүүгдээд хамаг хэрэгтэй зүйлийг аваад үлдсэн тийм менежмент, бодлого, загварыг олж авах ёстой. Магадгүй үүнээс суралцаад хэдэн жилийн дараа Монгол франчайз гарч ирэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.

Хамгийн гол нь Монголчууд өөрсдөө бодлоготой байгаад тухайн франчайз байгууллагуудыг оруулж ирэхдээ үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих, жишээлбэл, Монголын гэх бүтээгдэхүүний дор хаяж 30 хувийг борлуулахыг хуульчилж өгвөл их зөв бодлого болно. Мөн 30 хувьд хүрвэл татвараас чөлөөлнө гэдэг ч юм уу. Яагаад гэвэл хамгийн их үйлчлүүлж байгаа газрууд Монголд эдгээр франчайз газрууд байна.

Ер нь хоолны асуудал бол маш эмзэг асуудал. Өдөр тутам анхаарал хандуулах ёстой байдаг. Нийслэл салаат идээд л хордлого авчихсан туршлага байдаг шүү дээ.

-Сая цагаан сар болж өнгөрлөө. Нийгмийн дунд заримдаа Монголчууд хэт махан хоол хэрэглэж байна, суурин амьдралд зохимжгүй тухай ярьдаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

– Яахав, үүнийг бол хүмүүс цагаан сартай л холбож тайлбарлаад байгаа юм. Аливаа хүн тухайн айлд ороод хэдэн бууз идэх эсэх тэр хүний өөрийн мэдлийн асуудал байдаг. Манайхан өөрсдөө шим тэжээлийн ойлголт бага байдаг нь хэтрүүлж хэрэглэх шалтгаан болдог байх.

Түүнээс биш өөрсдөө ёс бариад ахмадууд нь ууцаа тавиад явах нь зөв гэдэгтэй санал нийлж байна. Мөн хүмүүс бас прагматик байх хэрэгтэй. Цагаан сар дуусаад зарим хоол хүнсээ хаячихсан зураг яваад байсан. Хэрэв тийм бол хүн дуртай идээгээ засаж болно шүү дээ. Гэтэл тэрийг чинь авч чадахгүй хүмүүс хүртэл байдаг.

– Нэг хэсэг үе хүмүүс цагаан хоол бол сайн, Монголчуудын хооллолт бол тэр чигтээ буруу байдаг талаар ярьдаг болсон. Ер нь Монголчууд яаж зөв зохистой хооллох хэрэгтэй вэ?

-Би бол юу гэж боддог вэ гэхээр “өөрийн бодол өөртөө зөв өрөөл гутал тэрэндээ зөв” гэдэг шиг хүнд өөрт нь ямарваа нэг итгэл үнэмшил байдаг.

Тэгж ярьдаг хүмүүст өөрсдөд нь эрүүл мэндийн юм уу ямар нэгэн шалтгаан байдаг байх. Тэрийгээ хэлэх нь ч байна, хэлэхгүй нэг нь ч байна шүү дээ. Энэ талаар тийм ч сайн судлагдаагүй байдаг учраас тухайн хүний биологи цаанаасаа шаардаж байгаа бол тэрийгээ хэрэглэх л ёстой гэж би боддог.

Цагаан хоолтон болсон хүмүүс хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар орсон хэд хэдэн кейсийг би мэднэ. Түүнээс биш “Өө энэ гоё юм байна” гэж биш.

Нөгөө хэсэгт бол харин маш сайн судалгаатай, төлөвлөгөөтэй орсон хүмүүс ч байдаг. Үүнд бол би ямарваа нэг буруу, зөв гэж хэлэхгүй ээ. Харин ч тэд хүнсээ жирийн хүнснээс илүү өндөр үнээр авдаг шүү дээ. Тиймээс “яагаад болохгүй гэж” би хэлнэ дээ.

-Баярлалаа, Та манай уншигчдад өөр хандаж хэлэх зүйл байна уу?

– Хүнсний социологийн асуудал бол эцэстээ хүнс бол хүн-нийгэм юм. Тохирсон хүнсээ зөв хэрэглээнд оруулж чадвал бид аюулгүй байдлаа хамгаалж чадна. Хүнс бол хүнийг тэжээж байгаа хамгийн гол зүйл шүү дээ. Хоол бол тухайн ард түмэн үндэстэнтэйгээ холбоотой, мөн тухайн нийгмийг илэрхийлж байдаг.

Тайланд, Хятад гээд урагшаа явахаар маш олон янзын хүнсийг хэрэглэдэг. Гэтэл манайхан заримдаа аялал жуулчлал хийж явахдаа “малгай тавьбал манайх” гэдэг шиг “үүнээс ч идээд үзчихье, энд ч нэг ийм шарсан жоом байна” гээд сониучирхаад байдаг.

Битгий тэгээрэй. Хүн чаддаг, тохирсон хүнсээ л хэрэглэх нь зүйтэй. Монголчууд тэдэн шиг хүнс хэрэглэдэггүй шүү дээ. Уламжлаад ирчихсэн тэр хүнсээ хэрэглэх, олон нийтийн хэрэглээнд оруулах хэрэгтэй. Ерөөсөө хүн дагаж хөлөө хөлдөөх хэрэг байхгүй. Эдгээр асуудлыг хүнсний социологи судалж, хүнээ буюу Монгол үндэстнийг хамгаалах гол шинжлэх ухаан юм.

-Ярилцсанд баярлалаа.