No menu items!
HomeНом ярьяН.Энэрэл: Миний амьдралд учирсан хүн, уншсан номын минь нийлбэр юм

Н.Энэрэл: Миний амьдралд учирсан хүн, уншсан номын минь нийлбэр юм

-

Энэ удаагийн “Ном ярья” буландаа нийтлэлч, блоггер Н.Энэрэлийг урьж ярилцлаа. Түүний сонирхолтой яриаг хүлээн авна уу.

– Сайн байна уу. Урилга хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Сайн байна уу? Урилга илгээсэн www.zaag.mn сайтдаа гялайлаа. Намайг Н.Энэрэл гэдэг. Ойр дотнын хүмүүс маань Ээнээ гэж дууддаг. Би нэрэндээ маш их хайртай.

– Та хэзээнээс номын тэмдэглэл бичиж эхэлсэн бэ. Яагаад бичих болсон тухайгаа бидэнд хуваалцаач?

– Том хүү маань одоо найман настай. Түүнийг нэг настай байхаас эхэлж номын тэмдэглэл хөтөлж эхэлснээ санаж байна. Би ер нь өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай. Дэвтэрт, дэвтрийн гол цаасанд, өнгөтэй өнгөгүй хоосон цаас харахаараа л ямар нэг юм биччихмээр санагддаг. Өдөрт тохиолдсон элдэв зүйлс, баярлаж гомдсон сэтгэл хөдлөлүүдээ бүгдийг бичнэ. Онцгой биш явдлыг бичээд тавихад амьтай болчихдог. Өөрөөр хэлбэл мартагдаад өнгөрөх байсан хормуудад урт насыг бэлэглэдэг гэх үү дээ. /инээв/ Хэзээ хойно өдрийн тэмдэглэлүүдээ эргүүлэн уншихад үнэхээр л тэр үеэ дахин тольдох мэт, буцаад хүүхэд насандаа очсон юм шиг мэдрэгддэг нь сонирхолтой биш гэж үү.

Өвөө маань С.Цэдэв гэдэг нэртэй сэтгүүлч, орчуулагч хүн байсан гэдэг. Намайг төрөхөөс өмнө өвчний улмаас бурхан болсон ч үр хойчистоо олон сайхан орчуулгын ном, өгүүллэгийн түүврүүд үлдээж ээ. Хэдий би өвөөгөө харж байгаагүй ч түүний гар бичмэлээс ямар ХҮН БАЙСНЫГ олж хардаг. Бичиг гэж их сонин эд. Үг үсэг, өгүүлбэрт тухайн хүний зан ааш, амьдралын хэв маяг, тэр байтугай сэтгэл хөдлөл хүртэл нуугдах юм билээ. Өвөө маань гар бичмэлээ үлдээгээгүй байсан бол бид түүнийг танихгүй чигээрээ үлдэх байсан шүү дээ. Бичиг, номын өвөөтэй хэр нь, би муу сурдаг, ном уншдаггүй хүүхэд байв. Одоо ч гэсэн уншиж гавихгүй, тэмдэглэж шалихгүй. Гэлээ ч бичихээс ер татгалзахгүй. “Ээнээгийн тэмдэглэл” хуудас маань зургаан жилийн хугацаанд овоо хэдэн бичвэрүүдтэй болсон байна. Яагаад бичээд байдгаа өөрөө ч мэдэхгүй. Уншсан, сонссон, үзсэнээ бичих тэр үйл явцын дунд жаргадаг болохоор тэр юм болов уу…

– Та хамгийн анх уншиж байсан номоо санадаг уу. Номтой нөхөрлөсөн түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?

– Стив Жобсын “Илтгэх урлаг” ном. Японд оюутан байхдаа илтгэлийн тэмцээнд орох болов. Найз маань намайг бүртгүүлчихсэн байсан. “Өө яадгийн, хоёулаа оролцъё, барья” болоод. Тэгээд яахав, нэгэнт бүртгүүлсэн хүн чинь сэдвээ бэлдэнэ шүү дээ. Бичээд л, цээжлээд л, давтаад д… 

Тэгсэн чинь нэг л биш ээ. Хаанаас нь ч асуусан цээжилсэн гэж бодож байсан текстээ найзынхаа урд гарч зогсоод л мартчихаад байлаа. Сандраад тэр! Хүн цагаа тулахаар тийм ичимхий. Гэр рүүгээ харих замдаа номын дэлгүүр орж, хэрхэн сандралгүйгээр илтгэл тавих тухай ном хайсны эцэст Стив Жобсын номтой таарсан. Анх удаа нэг номыг өдөрт нь дуусгаж билээ. Тэр номоос эрсэн зүйлээ олсон нь “Олон удаагийн давталт сандралыг үгүй болгодог” гэж. Орондоо ороод давтана, метронд давтана, завсарлагаанаар давтана. Нээрэн л, шөнө цохиод сэрээсэн ч илтгэлээ яриад өгөх хэмжээнд очтол бэлдсэн. /инээв/

Илтгэл ч боллоо. Сандрах нь бүү хэл, нүд гараа хөдөлгөөд, хэзээ язааны хүн шиг аашилснаа бодохоор инээдтэй. Тэр жилийн илтгэлд түрүүлээд, дараа жилд нь холбоо сургуулиудын дунд явагддаг тэмцээнд мөн түрүүлсэн. Ганц илтгэлээр сургуулийнхаа итгэлийг хүлээж, тэтгэлэг хүртэл авлаа. Тэгэхээр номын ашиг шим гэж агуу байгаа биз. Богино хугацаанд ийм үр дүн үзүүлж байгаа бол уртдаа ямар байх бол.

– Сонирхолтой түүх байна. Одоо хоёулаа манай “Ном ярья” булангийн үндсэн асуултын хүрээнд ярилцъя. Танд ширээний ном байдаг уу?

– Надад ширээний ном байдаггүй. Шинээр уншиж байгаа ном бүхэн минь ширээний маань ном болдог. Харин үлдэц ихтэй, дахин тунгаахыг хүссэн номоо тодруулна. Тодруулагчгүй бол хуудсыг нугална. Хуудас нугалахад хайран бол тэмдэглээд л явна. Ширээн дээр нэг ном тийм удаан хэвтэх шаардлагагүй.

– Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

– Хоёр ном зэрэг эхлүүлсэн. Нэг нь япон зохиогчтой долоон чакраны тухай ном. Та нар маань санаж байгаа бол түүнийг уншингаа тэмдэглэлээ хөтлөөд явсан. Нөгөө нь коуч Мөнгөний “Мөнгөө тайван орхи” номыг уншиж байна. Энэ номоос мөнгөө тус тусын дансанд хуваарилах хэрэгтэйг харлаа. Заавал Мөнгөн шиг 6,7 данстай байхдаа биш өөрийн амьдрал ахуйд нийцүүлэн өөрчилж болно.

Энэ хоёр ном маань хоорондоо ямар ч авцалдаагүй юм шиг байгаа биз./инээв/ Нэг нь Энергийн тухай, нөгөө нь санхүүгийн талаар. Би 2022 ондоо эрүүл мэнддээ анхаарна, санхүүгийн мэдлэгтэй болно гэж зорьсон учир түүнийхээ дагуу номоо сонгосон юм.

– Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Ном уншихдаа бид ГУРВАН зүйлийг алддаг. Цаг, мөнгө, эрүүл мэнд. Эрүүл мэнд гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Ном уншаад суухад цаг хэрхэн өнгөрч байгааг мартдаг. Ямар ч хөдөлгөөнгүй, удаан хугацаанд бариад суучихаар бие их хөшнө өө. Нүд чилнэ, хараа муудна. Тэгэхээр бид алив нэг зүйлийг хийхэд заавал золиос гаргадаг байна. Иймд нэгэнт ном уншиж байгаа бол, тэр нь уран зохиол ч бай, хувь хүн рүү чиглэсэн ном ч бай түүнээс хэрэгжүүлж болох санаа сэдлийг авах хэрэгтэй. Амьдралаа өөрчлөх, сэтгэл санаагаа өргөх, ядаж л өрөөлийг ойлгох тэнхээг номоос тусгаж авч байвал зүгээр юм уу гэж боддог доо. Миний амьдралд учирсан хүн, уншсан номын минь нийлбэр юм. Хэрэв намайг хүний дайтай явж байна гэж үзвэл, тойрон хүрээлэх хүмүүсийн маань ач буян, уншсан номын минь шид нь тэр юм болов уу.

– Та өөрийгөө номын баатраар төсөөлбөл…

– Эргэлзээгүй Боччан!. Нацүмэ Соосэкигийн бүтээсэн Боччан нь эрэгтэй баатар боловч гарцаагүй миний төсөөллийн баатар мөн. /инээв/ Боччаныг уншсанаас хойш миний дотор Боччан шиг эрэгтэй байгааг мэдэрсэн гэх үү дээ. Хэлэх гэснээ хэлдэг, ёгтолж чаддаг, гярхай, мэдрэмхий, хөгжилтэй. Гэхдээ оюунлаг, гар зөрүүлдэг, тэгсэн ч хүн чанар нь “хуйхнаас” нь үнэртдэг юм.

– Танд бусдад уншихыг санал болгох ном байна уу?

– Нацүмэ Соосэкигийн зохиолууд ер нь их гүн. Сэтгэлзүйд нөлөөлнө. Дараа хэзээ хойно хүртэл бодогдоод байдаг, их хачин. Монголчууд маань “Сэтгэл” хэмээх номыг нь уншаад үзэхэд гэмгүй. Жинхэнэ хүн байх ухааныг тэндээс олж харна шүү.

Харин жоохон “эмормоор” санагдсан үедээ Муракамиг унш. Би Муракамигийн бараг бүх зохиолуудыг уншиж байсан. Тэндээс зөв буруу гэж хаана ч байдаггүйг олж харлаа. Бас л төөрөлдүүлж чадна шүү дээ. Асар олон хуудас уншсан ч барьцтай юу ч үлддэггүй. Тэр нь бас хачирхалтай. Яаж тийм урт, нуршуу зохиолоо сонирхолтойгоор уйдаахгүй хөтлөөд бичээд байдаг юм бэ!

– Та ер нь номоо ямар арга барилаар уншдаг вэ?

– Ямар гоё асуулт вэ. Миний унших арга жил жилээр өөрчлөгдөж байна. Цаашид яаж хувирахыг мэдэхгүй. Эхлээд үг үсэггүй хуулан бичиж, тодруулж, нягталж, цааш шалгаж уншдаг байсан. Тэр үйл явцаасаа асар их таашаал авна аа. Өөрийгөө хайрлах мэт, үнэ цэнтэй үйл бүтээж буй мэт санагдана.

Дараагаар нь компьютер дээр шивээд хэвлэдэг болсон. Файл, файлаар хадгална даа. Бүр тусад нь ангилна. Уран зохиол, аялал, хувь хүн хөгжил, мөнгө санхүү гээд. Гэм нь ном тус бүр тодорхой хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл дахиад олон гоё ном унших цаг минь хугаслагдаж байна гэсэн үг. Иймд сүүлийн үед “Нэг номоос Нэгийг” гэсэн уриаг өөртөө тавих болсон. Тэр нь юу ч байж болно шүү дээ. Хамгийн гол нь надад үлдэх тэр л юмыг самнан уншихыг оролдож байгаа. Мөн номоо бохирдуулахгүй уншиж дуусгаад бусдад бэлэглэх юм уу, зардаг болсон. Зарсан мөнгөөрөө шинэ ном авч уншина. Би дээр хэлсэн тийм ээ, цаг нар, мөнгө, эрүүл мэндээрээ хохирдог гэж. Жилд номд оруулсан мөнгөө тооцож үзэхэд чамлахааргүй их байдаг. Яагаад үнэгүй шахуу уншиж болохгүй гэж?

– Та гэртээ номын сантай юу. Ойролцоогоор хэдэн ном байдаг вэ?

– Би Японд амьдардаг байхдаа номын сантай байсан. Хуучин номын тавиур худалдан авч, дуртай хэдэн номоо өрөх ч тоолоогүй юм байна. Японд гэлтгүй гадаадад амьдрах Монголчууд маань нүүдэл суудал их хийнэ ээ. Тэр болгонд хүнд хайрцагтай номуудаа зөөх хэрэг болдог байлаа. Гурав, дөрөв ч нүүсэн. Хувцас, эд хогшлоос давсан их ном. Эхлээд том, том хайрцганд хийдэг байснаа аль болох жижиг олон хайрцганд орохоор сүвэгчилнэ ээ. /инээв/

Сүүлд их нүүлт болов оо. Монгол руугаа буцахдаа зарахыг нь зараад, бэлэглэхийг нь бэлэглээд, үлдсэн хайртай хэдэн номуудаа газрын шууданд хийсэн. Одоо бол их ном цуглуулахгүй гэж боддог. Мэдээж зай эзлэхгүй, цэвэрхэн, минимал номын тавиуртай болно. Тэрэндээ ойр зуурын хэдэн номтой. Ер нь уншсан хэдэн номоо тэмдэглээд үлдсэн байхад тэрийг хадгалаад юу хийнэ. Тоос шороо татахын нэмэр. Зарим хүмүүс шүүмжилж магадгүй л дээ. Гэхдээ номыг бид өдөр тутмынхаа талх шиг хэрэглэж сурах талаас нь хэлсэн юм шүү. Байж л байдаг, авч л байдаг, үрэгдэж л байдаг эд, уншигдаж л байдаг, мартагдаж л байдаг эд. Зөвөөр ойлгоорой та бүхэн минь.

– Танд хамгийн үнэ цэнтэй санагддаг ном байдаг уу?

– Өвөөгөөс минь үлдээсэн номууд. Ялангуяа “Мартагдсан оронд” хэмээх нэртэй Энэтхэг зохиогчтой орчуулгын ном нь. Та нартаа сонирхуулаад, бичсэн тэмдэглэлээсээ хуваалцъя л даа.

– Болно, Баярлалаа танд

Мартагдсан оронд

Рахул Санкритьяян (Орчуулагч миний өвөө С. Цэдэв)

“Энэ бүхнийхээ үнэнийг хүмүүст итгүүлэх гэж би оролдоход харин тэд намайг яагаад ч юм бэ ухаан эрүүл бус гэж үнэлцгээх юм” гэж зохиолч номынхоо хамгийн сүүлийн үгийг эмгэнэлтэйгээр хатган дуусгажээ. Ухаан эрүүл бус. Мань эрүүл бусаараа дуудуулсан шоргоолжин цээжтэй, намхан нуруутай настайвтар судлаач эрийг нэгэн ѳлѳн нүдтэй эдэнд нугасгүй залуу эр Минни-Хаппи гэх аль дивангарт мартагдсан орон руу хэлмэрч хийхийг хүсэн ирж л дээ. Харваажаар алт эрдэнэсэд нүдээ ухаад ѳгѳхѳѳс сийхгүй нѳхрийн шүлс амаа савируулан алтны тухай ярихыг хараад настай эр маань хэсэг тээнэгэлзэн жигшсэн боловч насаараа судалж ахуй соёлд нь дурладгийн шалтгаанаар тэр газар орон руу нь нэг яваад үзье гэсэн сониуч зүрх цээжин дотор нь булгилаад бас болсонгүй.

Тэд энэ дэлхийд хүн олноос тасарч мартагдсан бяцхан орон Минни-Хаппи оронг байдаг үгүйг ч нягтлалгүй, хаа нэгтэйгээс олдсон харанхуй дүлий газрын зурагт дулдуйдан тэрхүү оньсого таавар мэт газрыг зорихоор Энэтхэг орноос ийнхүү хоёул гарах бүлгээ. Харин тэр хоёрын гарт Сэрафисийн бунханг онгойлгох аюумшигт хараалт Скрабей цох бий. Хараалтай цохыг гартаа атгасан хэн боловч мѳнх бусыг үзэх хатуу тавилантай, нѳгѳѳтэйгүүр энэ дэлхийн хамгийн баян хүнээс арав дахин баян болох боломжтой.

Тэр хоёрын аян зам тун чиг сонирхолтой. Хоёр сайн эрийг бүлдээ нэмж ингээд дѳрвүүл наран шарах нь зуух лугаа адил элсний оронг амь тэнцэн, анган цанган гаталж мѳрѳѳдлийн тэр нутгаа дѳрвѳн хѳллѳн байж очих дүр тѳрх даан ч үнэнд үнэмшилтэй зураглана.

Одоо тэд урьд хожид хэзээ ч харийнхныг гишгүүлж байгаагүй онгон зэрлэг газар хэрхэх тухайгаа хэлэлцвэл нэгэн мэргэн санаа сум харвах адил орж ирэх нь тэр. Эртний Египетийн соёл, шүтлэг ард иргэдийн итгэл үнэмшил нь эртний Гректэй адил тѳстэй болохыг батлах олон  жишээнүүд эл номд дурдагджээ. Тэд шонхор шувуун толгойтой Гор бурхан, цохын толгойтой хүний дүрсээр дүрсэлсэн Хепер нарны бурхнаа шүтэх гэгчлэн эртний Грекчүүдтэй хэлбэр агуулгын хувьд тѳстэй санжээ. Түүнийг нь гавшгай ашиглаж санасан хэргээ бүтээж амь мѳлтѳс энэ газраас үсэрч гарах нь чухаг. Ингээд дѳрвүүл хѳѳрхий харанхуй, мэдээлэл тарчиг хүмүүсийн итгэл үнэмшлээр дамшиглан ѳѳрсдийн гадаад зүсээ хувилгаж тэдний шүтдэг шүтээн болон хувилна. Ард иргэд тэднийг сунан мѳргѳж угтацгаан, тэдний дунд хатан хаан гэх үзэсгэлэн гоо залуу бүсгүй нэн сүсэгтэйгээр сүсэглэхийн сацуу бурхдын үгийг дамжуулагчаар “томилогдсон” мань судлаач хэлмэрчид яагаад ч юм бэ дотносох болов.

Цагийн байдал оргоо бусгаа. Тэдний очсон үед тухай газарт улс тѳрийн хүнд хэцүү бослоготой үе таарч. Хатан хааны суудлыг нэг дамшиг нь булаахаар ард иргэдийг цуглуулан нум сумаар зэвсэглэж агт морьдоо саажээ. Суудал дээрээ тэлчгэнэх хатан хаан хэлмэрчид, “Бурхдад минь бидний авран нигүүлсээч хэмээн айлтгаад ѳгѳѳч дээ” гэж учирлангуй гуйх өрөвдөлтэй царайг хараад хэлмэрч залуу тэдний оюун сэтгэл, итгэл үнэмшлээр нь ийнхүү наадаж буйдаа чин сэтгэлээсээ гэмшин харуусна. Би номын тоос үнэртүүлсэн шаргал хуудсаа ээлж дараалуулан сөхөх дунд гол дүрийн баатар ба түүний нөхдийн өмнөөс ичив. Хэдэн үе улиран одовч өчигдрийн явдал мэт ав адилаар ичих мэдрэмжийг амсах юм. Хүний итгэлээр тоглож болно гэж үү?

Одоо мань хувирсан дѳрвѳн хүний гурав нь угуул иргэдийн сайхан сэтгэл, элбэрэл хайранд нь уяраад анхнаасаа ч алт эрдэнэсийг зорилго болгоогүй болохоороо бунханг ухахаас түдгэлзэв. Ингээд нѳгѳѳх алтанд дуртай “бурхан” багтайгаа дайсны босогчдын талд урван тэдний талтай манай талын ѳѳдѳѳс ширүүн дайн ѳрнүүлнэ дээ. Буутай бурхад галт буугаар буудацгаан, тэр буу нь хѳндлѳнгѳѳс бурхны шидэт саваа мэт харагдсан нь энд хэлүүлэх юун.

Ѳрнѳл арвинтай аргагүй л адал явдалт зохиол юм. Эрүүл бус гэж дуудагдсан зохиолч маань үзсэн дуулснаа харьцангуй соёлжсон эх орныхоо хүмүүст дуулгахад тэд итгээгүй ээ. Гэвч мань эр “Би үнэнийг хэлсээр, ярьсаар байгаад л үхнэ” гэсэн том лоозон орой дээрээ мандуулан, биеэр туулсан нүдээр үзсэн бүхий л зүйлсээ адал явдалт зохиол болгон туурвисаар байжээ. Ер нь энэ ном нимгэхэн хэр нь адал явдлаар дүүрэн, мѳн зохиолчийн хошигнох мэдрэмжээр чимчигнээд гаатай байна. Энэ номыг зохиогч бол Энэтхэгийн томоохон түүхч, эрдэмтэн, зохиолч бѳгѳѳд энэтхэгийн ба гадаадын арав гаруй хэл мэддэг хүн ажээ. Рахул Санкритьяян гэдэг нь түүний утга зохиолын нууц нэр. Миний хувьд Энэтхэг зохиолчийн номыг шүүрч авсан минь энэ удаагийнх анхных байлаа.

Ээнээгийн тэмдэглэлээс

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд