No menu items!
HomeЭмч зөвлөж байнаП.Оюун-Эрдэнэ: Ковидын дараах хам шинж дор хаяж 1-3 сар үргэлжилж байна

П.Оюун-Эрдэнэ: Ковидын дараах хам шинж дор хаяж 1-3 сар үргэлжилж байна

-

Төрийн Тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын I тасгийн их эмч П.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

– “Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүст уушги, амьсгалын замд ямар өөрчлөлт гарч байна вэ. Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд өөрчлөлт анзаарагдаж байна уу?

– Коронавируст халдварын дараах үлдэц шинж тэмдэг болон хүндрэл нь тухайн хүний бие махбодын онцлог, суурь өвчин бусад хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байна. Таргалалттай, зүрх судасны хүнд өвчинтэй, чихрийн шижинтэй хүмүүст ковидын халдвар хүндрэх магадлал өндөр буюу амьсгалын эрхтэн тогтолцооны талаас уушгины хатгалгаа, уушгины артерийн судас бүлэнгээр бөглөрөх, уушгины завсрын эдийн хатуурал, сорвижилт, амьсгалын дутагдал зэрэг хүндрэлүүд ихээр тохиолдож байна. 

Коронавируст халдварын дараах үлдэц шинж тэмдгийн талаар тайлбарлахгүй юу?

– Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд удаан хугацаанд хий ханиалгах шинж голлон тохиолдож байгаа. Хэрвээ ханиалга 14 ба түүнээс дээш хоног үргэлжилсэн бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай.  Хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд цээжээр өвдөх, амьсгаадах зовиурууд түгээмэл илэрч байна. Хэрэв өвчтөн энгийн ачаалал авч чадахгүй /хувцсаа өмсөх, 50м хүртэл алхах/ болон бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй амьсгаадаж байвал нэн даруй нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Учир нь энэ нь амьсгалын дутагдлын шинжийг илтгэж байгаа юм.

– Шинж тэмдэг илэрсэн үед яах вэ, ямар арга хэмжээ авах вэ?

-Ковидын дараах хам шинж дор хаяж 1-3 сар үргэлжилж байна. Эдгээр шинж нь дан ганц уушги гэлтгүй зүрх судас, мэдрэл, элэг, цөс, нойр булчирхай зэрэг бүхий л эрхтэн тогтолцоог хамарсан эмгэгийг үүсгэж болно. Иймд Ковидын халдвараар өвдсөн бол аль болох эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх шаардлагатай. Тухайлбал  уураг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, даарч хөрөхөөс сэргийлэх, хорт зуршлаас татгалзах, эрт унтаж амрах, ажил амьдралын дэглэмийг зохицуулах, 7 хоногт 3-5 удаа дор хаяж 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Мөн архаг өвчтэй хүмүүс харьяа хяналтын эмчдээ үзүүлэн хяналт эмчилгээг сайн хийлгэнэ.

-Халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Ковидоор өвдсөн хүн бүр нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах заалтгүй. Ковидын дараах үлдэц бол хам шинжээс  хамааран шаардлагатай тохиолдолд хийж байгаа.  Манай эмнэлгийн хувьд хөнгөн, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн өвчтөнүүдэд уламжлалт, сэргээн засах тасагтаа өдрөөр эмчилгээ хийж байна. Мөн хэвтүүлэн эмчлэх тасагтаа хүнд, нэн хүнд өвчтөнүүдэд эмчилгээ хийж байгаа. Түүнчлэн  уушгины тасагт ковидын дараах хүндрэлийн эсрэг эмчилгээг хийдэг.

– Сүүлийн үед нийслэлийн агаарын бохирдол ихэссэн гэх мэдээлэл гарах болсон. Агаарын бохирдол, утаа нь хүний уушгинд ямар гэмтэл учруулдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Утааны найрлагад маш жижиг хэмжээний тоос тоосонцор болон хорт хийнүүд агуулагддаг. Эдгээр нь хүний уушгины гүнд нэвтэрч, уушгины хамгаалах чадварыг бууруулснаар амьсгалын замын эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд болон гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний архаг дутагдал гэх мэт архаг суурь өвчтэй хүмүүс утааны нөлөөнд илүү мэдрэг байдаг. Мөн суурь өвчин сэдрэх, шинээр амьсгалын замын үрэвсэлт өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн уушгины хөгжил сул байдаг учир утааны найрлага дахь тоосонцорт маш мэдрэг байдаг.

– Энэ үед хүмүүс юуг анхаарвал зохистой вэ?

– N99, N95 маркийн утааны шүүлтүүртэй амны хаалт зүүх хэрэгтэй.  Мөн бага насны хүүхдүүдээ тэвэрч, өргөж явах нь зүй. Учир нь хүүхдийг өөрөөр нь алхуулахад хүүхдийн амьсгалах түвшинд хорт хийн агууламж илүү өндөр байдаг. Мөн гэртээ агаар шүүгч тавьж болно. Ногоон ургамлууд тариалж ч болно, бидний хамгийн түгээмэл мэдэх нь зуун наст байна. Өөрөөр хэлбэл гэрийн дотоод агаарын бохирдлоос ч мөн давхар сэргийлэх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд