No menu items!
HomeОнцлохЦ.Оюунгэрэл: ТББ-ыг хянах үүрэгтэй 9 хүний зөвлөлийг Ерөнхий сайд удирдаж ажиллуулах юм...

Ц.Оюунгэрэл: ТББ-ыг хянах үүрэгтэй 9 хүний зөвлөлийг Ерөнхий сайд удирдаж ажиллуулах юм гэнэ

-

УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл /ИОН/ намыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та иргэд, нийгмийн идэвхтнүүдтэй хамтраад ИОН буюу Иргэний оролцооны нэгдэл хэмээх намыг байгуулаад байна. Улс төрийн замналаа шинэ намтай үргэлжлүүлэх нь. Ямар учраас ийм нам байгуулах болов, ИОН намын талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Иргэдийн оролцооны нэгдэл /ИОН/ нам байгуулах болсон гол шалтгаан бол залуучууд, эмэгтэйчүүдэд улс төрийн идэвхитэй орон зай гаргах, улс төрийн өртгийг хямдруулсан шинэ дүрэм журам хэрэгжүүлэх явдал. ИОН нам нь цахим, нээлттэй, бага мөнгөөр ажилладаг баруун төвийн нам байна гэж үзэж байгаа. Дүрмээ ч ийм байдлаар бэлтгэсэн. Удахгүй гуравдугаар сарын 3-нд болох үүсгэн байгуулагчдын хурлаараа дүрмээ дахин батлаад Дээд шүүхэд хүргүүлнэ.

-Манай улс төрийн намуудын хөгжил төлөвшил ямархуу шатандаа явж байна гэж та бодож байна. Уг нь олон намын тогтолцоотой улс гэж Үндсэн хуулиндаа зааж өгсөн боловч сүүлийн хоёр сонгууль дараалаад нэр төдий болж хувирч байна уу даа.

-Манай улс төрийн намууд бүгдээрээ намыг мөнгөтэй хүн байгуулах ёстой, нам ажиллуулахад их мөнгө ордог, сонгууль болон улс төр бол мөнгөтэй хүний ажил юм гэсэн буруу хандлагатай яваад байгаа.

Хэдийгээр эвлэлдэн нэгдэх эрхийг анх хэрэгжүүлж байхдаа ийм үзэлтэй байгаагүй ч, намууд өрсөлдөөний явцад мөнгөний төлөө болцгоосон нь Монголын ардчилалд ихээхэн саад тотгор болж байна. Намууд мөнгө хөөдгөөс болоос авилга Монголд гүн бат шингэж байна.

Нийгмээ авилгаас салгая гэвэл намуудаасаа эхлэх ёстой. Ийм ч учраас ИОН нам анхнаасаа бага зардлаар ажилладаг, гишүүдээсээ хэт их мөнгө нэхэж дарамталдаггүй нам болж ажиллаад шинэ соёл тогтооно гэж зорьж байгаа.

-Дээд шүүх дээр танай намыг бүртгэж авах процесс ямар шатанд явж байна. Саяхан таны Дээд шүүхтэй холбоотой хийсэн мэдэгдэл олны анхаарлыг их татлаа?

-Нэг талаасаа би Дээд шүүх захиргааны хэргийг хэтэрхий хаалттай байлгаж байгаад эгдүүцэж мэдээлэл хийсэн. Нөгөө талаасаа Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 37-р тогтоолд дурдагдсан “хуульд харшилсан” гэж үзсэн бүх зөрчлийг намынхаа дүрмэнд бид зассан байгаа, удахгүй болох хурлаараа хэлэлцэж батална.

– Засгийн газраас Их хуралд өргөн мэдүүлсэн “Холбооны эрх зүйн байдлын тухай”, “Сангийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслүүдэд та ихээхэн буруушаасан хандлагатай байна. Социализмын үеийн иргэнээ хянадаг механизмыг сэргээх нь, иргэний нийгмийг төлөөлдөг төрийн бус байгууллагуудыг дарах нь гэсэн хурц шүүмжлэлийг та нэг тайлбарлаад өгөөч? Иргэд тодорхой мэдээлэл муутай байх шиг байна.

-Холбооны болон сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 төсөл нь батлагдсанаар Төрийн бус байгууллагын тухай хууль хүчингүй болох юм билээ.

Монгол улсад мөрдөгдөж буй бүх хуулиас “төрийн бус байгууллага” гэдэг үгийг авч хаяхаар оруулж ирсэн байна. Төрийн бус байгууллагын тухай хуульд байдаг иргэдийн хамгийн үнэ цэнтэй эрх, эрх чөлөө нь шинээр орж ирж буй хоёр хуульд бүрэн тусгагдах боломжгүй байгаад л хэргийн учир байгаа юм.

ТББ бол маш олон янз байдаг. Тэдгээрийн дотор ЗГ-т хяналт тавих, “хоточ нохойн” үүрэг бүхий “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд”-д орон зай үлдээхгүйгээр хуулиа бичсэн байна лээ. Бас иргэд өөрсдийнхөө болон нийтийн эрх ашгийн төлөө тэмцэх орон зай хумигдсан байна лээ.

Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэе гэвэл зөвхөн мэргэжлийн холбоод нь зөвхөн тухайн салбарынхаа олонхийн саналыг нэгтгэж байж л тэмцэх эрхтэй болох жишээтэй. Энэ бол ЗГ яаж ч нийтийн эрх ашгийг зөрчиж байсан иргэд тэдний эсрэг дуугарах эрхгүй болно гэсэн үг.

Хамгийн инээдэмтэй нь бүх ТББ-ыг хянах үүрэгтэй 9 хүний зөвлөлийг Ерөнхий сайд удирдаж ажиллуулах юм гэнэ. Иргэдээ хянаж шалгасан дүнгээ яамдууд руу явуулах юм гэнэ. Тэгснээ аль ТББ-д нь төрийн дэмжлэг өгөхийг тэр 9 хүн нь шийдэх юм гэнэ.  За энэ бол нэг талаасаа хошин шог, нөгөө талаасаа соц үеийн ардын хянан шалгах хороо дахиж байгуулагдаж байна аа л гэсэн үг. Иргэдийн эрх чөлөөг ингэж улс төрийн албан тушаалтны мэдэл дор оруулж өгч байгаагаараа Холбооны эрх зүйн байдлын хууль, Сангийн эрх зүйн байдлын хууль хоёр хүний эрхийн талаасаа маш том ухралт авчрах, бүр коммунизм ханхлуулсан хууль юм. Ийм учраас энэ хоёр хуулийг өргөн барьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, төслийг бэлтгэсэн Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хуулиа буцаан татах ёстой гэдэг дээр иргэний нийгмийнхэн санал нэгтэй байгаа.

– Та сүүлийн үед Туул голын үерийн даланг нурааж буй үйлдэлтэй тэмцэж байгаа. Энэ тэмцэл ямархуу нөхцөл байдалтай өрнөж байгаа вэ? Ер нь сүүлийн жилүүдэд гол усны үерийн аюул нийслэл хотод ямар түвшинд байгаа талаар судалгаа байдаг болов уу?

-Нийслэл маань сүүлийн үеийн дарга нарын харалган газар олголтоос болоод тал талаасаа үерийн аюулд ороход яг бэлэн болчихсон байна. Хойт талаас орж ирэх үерийн хамгаалах ёстой Сэлбэ голын далан дээр өндөр барилга баригдчихсан, зүүн талаас орж ирэх үерээс хамгаалах Туул голын даланг маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл нураачихсан, одоо бүр илүү их нураахаар төлөвлөчихсөн байна. Бас хоёр талаас орж ирж үерээс хотын төвийг хамгаалж байдаг Дунд голын далан дотор хичнээн ч олон газар барилга бариад байгаа юм бүү мэд бөөн хашлага хийгээд хаа сайгүй усны урсацыг хааж боож байна.

Нэг л өдөр ширүүн бороо ороход хотоороо үерт автах бүх зүйлийг авилга хулгайн аргаар хийчихсэн байна. Одоо зүгээр бүх гол далангийн дагуу дрон нисгээд л үзээрэй. Нүгэлтэй юм их хийж байна, энэ хотын удирдлага. 

Нутгийн шийдэл ТББ маань Туул голын даланг нурааж зам барих шийдвэр гаргасан хотын даргын захирамжийг цуцлуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаад явж байна. Одоогоор шүүхээс хэрэг үүсгэсэн тухай захирамж нь ирээгүй байна.

– Улс төр нийгэм, цаг үеийн холбогдолтой сэдвээ ингээд хойш тавья. “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” ямар бүтээлээр үргэлжилж байна вэ? Энэ их ажлынхаа хажуугаар бодит амьдралаас сэдэвлэдэг зохиол бүтээлийн ажилдаа цаг гаргаж амжиж байна уу?

-Одоогоор номоо бичих завгүй байгаа. Үргэлжлэлийг бичнэ дээ гээд судалгаа хийсээр л байгаа.

– “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номуудын үргэлжлэл бичигдвэл 50-иад оны сүүлч, 60-аад оны эхэн цаг үед өрнөх үү?

-1956 юм уу, 1957 оноос үргэлжилнэ. Яг цаг аль мөчөөс эхлүүлэх талаараа толгойд олон янзын бодол эргэлдэж байгаа. Бичихээр суухдаа л эцэслэн шийднэ.

– Номынхоо нооргоо та англи хэл дээр бичдэг гэсэн үү?

-Тэгдэг. Анхны хувилбараа англиар бичдэг. Анхнаасаа номоо дэлхийн зах зээл дээр гаргана гэж бодож бичдэг болохоор монгол руугаа орчуулахад амрыг нь бодоод англиар эхлээд биччихдэг юм. Монголоор бичсэнийгээ англи руу орчуулна гэвэл миний орчуулгын хурд дор хаяж хоёр дахин удах юм шиг санагдаад байдаг.

-Та Хавайд кино зохиолын сургалтад суусан байх аа. Ц.Оюунгэрэл гэсэн автортой кино хэзээ дэлгэцнээ гарах бол? С.Баярсайхан найруулагч кино хийж байгаа гэж сонссон.

-Кино хэзээ гарахыг ёстой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эхлээд захиалсан кино зохиолоо аваад үзье, орчуулаад үзье. Дэлхийн дэлгэцэнд хүрэх эсэхийг цаг хугацаа, ажлын чанар л мэднэ дээ.

-Таны хүү авьяастай, та өөрөө бичиж туурвих авьяастай, ер нь таны өвөг дээдсийн удамд авьяастнууд байсан л байх даа?

-Ээж маань ховорхон төрсөн уран илтгэгч, бичгийн хүн байсан. Бичиг, зураг, мужаан урын талын соёл бол хэдэн үеэрээ ээж, аавын аль аль талд байсан. Аман соёл бол бас л тасраагүй, үе үеийн удам сударт маань байсан.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд