No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #43: Ичгүүр бол харилцааны алдаанаас гарч буй үр дагавар

Зүрхээ Сонс #43: Ичгүүр бол харилцааны алдаанаас гарч буй үр дагавар

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад ичгүүрийн тухай ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

Ичгүүрийн тухай…

Хүүхэд байх үедээ гэр бүлийн орчинд ичгүүрийг мэдэрснээр насанд хүрээд гэр бүлийнхээ хайртай хүнийг халамжлах, хайрлах эрч хүч, сэтгэлгүй болчихдог. Ерөнхийдөө ичгүүр нь амьдралын чанарт нөлөөлөхүйц сөрөг үр дагавартай зүйл юм. Хүн болгонд үндсэн хэрэгцээ бий. Хэрэгцээ дутагдах үед ичгүүрийг мэдэрч болно. Жишээлбэл, хоол их идэх дуртай хүн байдаг. Идэх хүсэлтэй байхад хүмүүс “чи ямар их иддэг юм, ховдог” гэх мэтээр хэлээд байхаар идэх хэрэгцээнээсээ ичээд эхэлдэг. Улмаар илүү их идэх хүсэл төрж, хоол боловсруулах эрхтэнд ирж байгаа дохио нэмэгддэг.

Ичгүүр нь хүний дотоод сэтгэлд нөлөөлж байдаг. Бага насандаа өссөн орчноосоо ичгүүрийг байнга мэдэрч байсан хүн өөртөө итгэх итгэлгүй болж төлөвшдөг. Хүүхдийг олон нийт, гэр бүлийнх нь өмнө ичээх явдал нь том болоод ямар хүн байх вэ гэдэгт нөлөөлж байдаг. Насанд хүрэгчид аливаа үйлдлийг хийхдээ цаад хүндээ ямар санагдах вэ гэдгийг бодож байх хэрэгтэй.

Зарим хүмүүс ичээчих юм бол тухайн хүн зан үйлээ өөрчилнө гэж боддог. Гэвч энэ нь эсрэгээрээ тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Жишээ хэлье.  Манай нэг үйлчлүүлэгч 5-р ангид байхдаа охинд захиа өгсөн байгаа юм. Гэтэл багш нь үзээд нийтийн дунд ярьж л дээ. Гэтэл нөгөө хүүхэд ичээд, тэр мэдрэмж нь сэтгэл зүйлд нь нөлөөлж, зөвлөгөөнд ирэх хүртлээ захиа бичиж чадахгүй болсон байсан. Тэгэхээр ичгүүр бол харилцааны алдаанаас гарч буй үр дагавар байх нь. Өөрөөр хэлбэл, “чи алдаа гаргасан юм чинь хэн ч биш” гээд тухайн хүний үнэт зүйлрүү халдаад байгаа юм. Ичгүүрийг дагаад сэтгэл гутрал, түгшүүр, өөртөө итгэлгүй байдал гэх мэт зүйлс гарна. Урт хугацаандаа ичгүүр нь өөрийгөө харах өнцгийг өөрчилдөг.

Шалтгаан

Ичгүүр үүсгэж буй шалтгааныг олбол түүнийг зохицуулах боломж гарна. Гэр бүлийн харилцаанд дарамт, шахалт байснаар хүүхэд томроод өөрийн хил хязгаарыг алдах, аливаа зүйлд донтох хандлагатай болгодог.

Бодисын ч бай, зан үйлийн ч бай ямар нэг донтолтод автаж байгаа хүмүүсийн сэтгэлд маш их дааж давшгүй ичгүүр байдаг. Эсвэл хүмүүс огцом ууртай болдог. Одоо байгаа нөхцөлөөс болоод байна уу эсвэл зүрхэнд байгаа ямар нэг зүйлээс болоод уурлаад байна уу гэдгийг бодох хэрэгтэй.

Мөн ичгүүрт нөлөөлж байдаг бас нэг шалтгаан нь соёлын хэв маяг. Монголчуудын хувьд “тамхилах” байна. Хүүхдийг хүсээгүй байхад нь эмзэг газар нь хүрэх нь сэтгэл зүйн хувьд ичгүүрийг бий болгодог.

Ичгүүрийг даван туулах тухайд

Ичгүүртэй байдалд орсон хүмүүс тэр мэдрэмжээс гарахын тулд ямар нэгэн зүйлд донтох хандлагатай байдаг. Ичгүүрийг даван туулж байгаа энэ арга нь зохицуулалт биш юм. Одоо хийгээд байгаа тэр үйлдэл чинь амьдралыг тань нэг талдаа сүйтгэж байгаа гэдгийг ойлгоод нүүр тулах хэрэгтэй. Зугтаагаад, нуугаад шийдэгдэхгүй. Энэ нь таны бие махбод, оюун санааны аль нэг хэсэгт хадгалагдсаар байгаа.

Нүүр тулахын тулд өөрийн сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Жишээ нь архины хамааралтай бол архинд донтсон байна гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Мөн уураа эрүүлээр зохицуулж, түүнийгээ аван туулахын тулд мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Мэдээж ярьж байгаатай адил хялбар байхгүй. Гэхдээ бидний оршиж байгаа цаг хугацаа дуусашгүй зүйл биш юм. Нэгэнт л хорвоо ертөнцөд мэндэлсэн юм чинь хором мөч бүрийг таатай сайхан байлгах хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд хямарсан, ичгүүрийг мэдэрсэн бол түүнийг дуусгаад ирээдүйг яаж мэдрэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд