No menu items!
HomeНийгэмНийгмийн даатгалын багц хуульд тусгагдсан өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын багц хуульд тусгагдсан өөрчлөлтүүд

-

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрөгч оны аравдугаар сард Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барьсан.

Энэхүү хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай гэсэн таван төслөөс бүрдэж байгаа юм.

Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд буй. Энэхүү таван хуулийн төслийг УИХ удахгүй завсарлах намрын чуулганд багтаан батлахаар төлөвлөөд буй аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр хуулийн төслийн талаар дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр, “Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 7 жил буюу 84 сар гэсэн хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулагчид шударга, ижил тэгш байдлаар тэтгэвэр бодож олгох ёстой гэсэн гол концепцыг баримталсан.

Сайн дураар даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд л өндөр хэмжээгээр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг зогсоохоор дээрх шаардлагыг оруулж байгаа юм. ОУВС ч ийм шаардлага тавьж байсан. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог болохоор аав ээжийгээ асрах, ах дүүгээ халамжлах зэргээр тодорхой хэмжээгээр буюу 5-6 сараар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан байхад тэрхүү тасалдал тэтгэвэр тогтоолгох хугацаанд нөлөөлөхгүй байхаар тусгасан байгаа.

Мөн 1979 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгож эхэлнэ. 13 жилийн дараа эдгээр хүмүүс нийтээрээ нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгоно. 1960-1979 оны хооронд төрсөн иргэд цалингаасаа бодуулах уу, нэрийн дасны аргаар бодуулах уу гэдгийг өөрсдөө сонгож байгаа.

Тэтгэврийн зөрүүг арилгах тооцоо хийхэд 2022 онд 600 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг 2015 оноос хойш шинэчлээгүй явж байгаа учир тэтгэврийн зөрүү үүсч байгаа. Шинэ хуулийн төсөлд цаашид тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд жил бүр тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилж батлах тухай заалт оруулсан.

Түүнчлэн тэтгэврийн бодолтод өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд оруулсан байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж байхад монгол хүний дундаж наслалт 63 байсан. Харин өнөөдөр 70 болж нэмэгдээд байгаа. Хуулиар тэтгэвэрт гарах насыг жил тутам гурван сараар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ өөрөө хүсвэл эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь хэвээрээ байгаа” гэх мэдээллийг өгч байлаа.

Энэхүү хуулийн төслүүдэд ямар ямар өөрчлөлтийг тусгасан талаар мэдээлэл хүргэе.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Мөн тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулан илүү олон жил шимтгэл төлснийг урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тооцдог болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн эрх хэвээр хадгалагдаж, эрх ашиг нь зөрчигдөхгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөгийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгална.

Харин ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг 20 хоногоор нэмэгдүүлэх,  ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэх, даатгуулагчийг ажлын байранд нь тогтвортой ажиллуулсан ажил олгогчид тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар 3 жилд тутамд 1 удаа хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс (одоогийн хуулиар 66 хоног) хэтрэхгүй байхаар хоногийг нэмэгдүүлжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг тухайн сангийн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас багагүй байхаар тусгажээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчид протез, ортопедийн жишиг үнийг баримтлан 5 жилд 1 удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг 3 жил тутамд 100 хувь хариуцахаар зохицуулсан байна. 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид 3 жилд 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 15 хувь болгож нэмжээ.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд