“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүдийн талаар уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Энхболдыг онцолж байна.
Товч намтар

Н.Энхболд 2000 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй парламентад сонгогдон, зургаа дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг Инженер- эдийн засагч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн реакцид эдийн засагчаас эхлүүлжээ.
Ингээд 1993 он хүртэл Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга, Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 1993 оноос улс төрчийн гараагаа Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр эхлүүлжээ.
1993-1995 онд Монгол Улсын Шадар сайд /асан/ Л.Энэбишийн зөвлөхөөр ажиллаж, 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргаар томилогдсон байна. Үүний дараа 2000 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентад сонгогджээ. Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан удаатай.
Хөрөнгө орлого

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас цахимд нээлттэй байршуулдаг билээ. УИХ-ын гишүүн Н.Энхболдын 2020 оны хөрөнгө орлогын хураангуйг хүргэе.
Түүний жилийн орлого 41 сая 737 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 227 сая 018 мянган төгрөгний орлоготой. Тэрбээр 906 саяын хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. Мөн 149 саяын нэг автомашинтай аж.
Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 507 сая 281 мянган төгрөг бөгөөд Эрдэнэс таван толгой ХК-ийн ногдол ашгаас өөр хувьцаа эзэмшдэггүй хэмээн ХОМ-дээ дурджээ.
Түүний хөрөнгө, орлогын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Хэвлэлийн хуудаснаа

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татаж байсан түүний талаарх мэдээллийг энд хүргэе.
“Н.Энхболдын хүү нь БНХАУ-д консул, хүргэн нь БНСУ-д элчин сайдын зөвлөх хийж байна”
Түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед хүү Э.Одмөнх нь Бээжингийн элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар, хүргэн н.Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогджээ.
Энэ томилгоог хэвлэлийнхэн онцолж, Н.Энхболд сайдаас тодруулахад “Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн бий. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан. Миний хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад томилогдож болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Би томилгоонд нөлөөлсөн зүйл байхгүй” хэмээсэн нь хэвлэлийн хуудаснаа бий. Түүнчлэн худ А.Цогцэцэгээ Эрүүл мэндийн сайд болгосон гэх мэдээ ч гарч байжээ.
ЖДҮ-д нэр холбогдов
ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зээл олгохыг дэмжиж хүсэлт гаргасан гишүүдийн нэрс тодорсон.
Тэдгээр гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгажээ. УИХ-ын гишүүн Н.Энхболдын “Өлзий дэн” хэмээх компани тус жагсаалтад мөн багтсан байдаг.