No menu items!
HomeХэн юу хэлэвХэн юу хэлэв: Цус ойртолт ба аюулын харанга

Хэн юу хэлэв: Цус ойртолт ба аюулын харанга

-

Сүүлийн 30 гаруй жилд төрөөс хүн ам зүйн асуудлаар бодлого чиглэл гараагүй. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын Хүн ам зүйн баримтлах чиглэл гэх баримт бичиг Ерөнхийлөгчийн зарлигаар гарч байжээ. Харин 30 жилийн дараа энэ асуудал төрийн бодлогын түвшинд яригдахаар болж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн өргөн барьсан.

Эндээс ургаад Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал хамгаалагдаж байгаа эсэх асуудал хөндөгдөж байгаа юм. Удмын сангийн аюулгүй байдлын асуудал, тэр дундаа цус ойртолтын асуудал олон жил яригдсан.

Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурь аль гурван жилийн өмнө “цус ойртолтын үзэгдэл илрээгүй сум гэж байхгүй” хэмээх ярилцлага өгч байлаа. Саяхан Хүн ам удмын сангийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, Анагаах ухааны доктор Э.Энхмаа мөн л “цус ойртолт илрээгүй аймаг үлдээгүй” гэдэг мэдээллийг өгсөн.

Монгол Улсын хүн амд өөрөөс дээш 3-4 дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг цус ойртолт бий болж, энэ нь бүх аймаг, сум, багийн хүн амд нийтлэг үзэгдэл болсныг хүн судлаач эрдэмтдийн олон жилийн генетикийн судалгааны үр дүнгүүд нотолдог. Энэ бол яах аргагүй хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд ярихгүй бол болохгүй гэдгийг анхааруулж буй асуудал мөн. Тэгвэл цус ойртолтын өнөөгийн нөхцөл байдал, түүний хор уршигийн талаар хэн, юу хэлсэнийг эмхэтгэн хүргэе.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, стратеги судалгааны хүрээлэнгээс Хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин дараах ноцтой үр дагавар учруулж байна хэмээн мэдээлжээ. Үүнд:

  • Өвчний олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөж, эндэхэд цус ойртолт бодитой нөлөөлж байна.
  • Монгол Улсын хүн амд бүртгэгдсэн “Оюуны хомсдол”-ын нийт тохиолдлын тавин хувь нь цус ойртолтын шалтгаантай байна.
  • Төрөлхийн хөгжлийн согог, гажигтай хүүхэд аймаг бүрт мэндэлж, жил ирэх тусам тооны хувьд эрс өсөж, мэс заслаар ч шийдэх боломжгүй хүнд хэлбэрийн гажгууд илэрч байгаа нь цус ойртолттой шууд бөгөөд хүчтэй хамааралтай байна.

Л.Эрдэнэ: Бүх аймагт төрөлхийн согогтой хүүхэд төрөх болж

Монголын ураг удам уламжлалын холбооны гишүүн Л.Эрдэнэ: Өнөөдөр бүх аймагт төрөлхийн согогтой хүүхэд төрөх болж. Дөнгөж мэндэлж буй нярай төрөлхийн ямар нэгэн согогтой байгаа нь цус ойртолтын шинж юм. Хөдөө орон нутагт цус ойртолтын түвшин хотынхоос илүү өндөр байна.  Үүнийг тоохгүй орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай. Тиймээс  ойрын хугацаанд эрх зүйн зохицуулалт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болгох шаардлагатай.

gogo.mn

“Цус ойртохын хэрээр хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг”

Цус ойртолтын хор уршигийн талаар Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурь ийн өгүүлж байжээ.

Тэрбээр, “Цус ойртсон аав, ээж, гэрлэлтээс төрсөн хүүхэд аливаа өвчин эсэргүүцэх, үхэл даах чадвар сул байдаг. Хүн ам дахь цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын дунд дахь өвчлөл нэмэгдэж, өвчин эсэргүүцэх чадвар суларна. Нөгөө талаас юуны хөгжлийн чадавх доройтдог. Энэ хоёр хүчин зүйл бол цус ойртолтын хамгийн ноцтой үр дагавар.  Хорт хавдраар өвчлөх нь ч элбэгшинэ. Нэг ёсондоо бие мах бодийн дархлаа сул, дасан зохицох чадвар сул байдаг. Энэ бол судалгаа, баримттай зүйл.  

Гаднаас нь харахад цовоо сэргэлэн, эрүүл саруул мөртлөө оюуны чадавхи сул хүүхдүүд байдаг. Энэ нь цус ойртолтын шинж тэмдэг байж болно. Сумын дунд сургуулийн багш нар судалгааны үеэр бидэнд энэ тухай ярьж байсан. Ер нь нэг ангид дор хаяж 8-10 хүүхэд ойлгох, тогтоох, бичих чадвар сул байдаг байна. Гаднаас нь харахад сэргэлэн цовоо, эрүүл саруул мөртлөө энгийн наад захын зүйлийн логик учир холбогдлыг тайлбарлаад ойлгохгүй, сурахгүй хүүхэд олон байдаг гэнэ.  Ийм зүйл эрс нэмэгдэж байгаа талаар багш нар ярьж байсан. Цус ойртохын хэрээр хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг” гэжээ.

Itiom.mn, 2019.03.12

Г.Тэмүүлэн: Монголчууд баг хороон дотроо гэрлэж байгаа үзэгдэл 85 хувьтай байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төрийн зүгээс удмын сангийн аюулгүй байдлын асуудлыг анхаарахгүй бол цус ойртох эрсдэл үүсээд байна. Монголын бүх аймаг, сумдад хийсэн судалгаагаар монголчууд баг хороон дотроо гэрлэж байгаа үзэгдэл 85 хувьтай бол аймаг дотроо гэрлэх тохиолдол 74 хувьтай байна. Үүнээс харахад цаашид төрийн зүгээс удмын сангийн асуудлыг анхааралдаа авах хэрэгцээ шаардлага бий болсон.

Ж.Бат-Эрдэнэ: Удмын сантай, удамшилтай холбоотой өвчлөл нэмэгдэж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Удмын сантай, удамшилтай холбоотой өвчлөл нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлд 2017 онд тооллого хийсэн байдаг юм. Тэгэхэд удамшлын өвчлөлтэй 1000 гаруй хүүхэд бий болсон байна гэсэн дүн гарсан. Үүнд тодорхой хэмжээний арга хэмжээ авах хэрэгтэй. Сургалт явуулаад үүнийг засах боломжгүй. Ургийн бичгээ хөтөлдөг байх нь чухал. Гэтэл зарим санаачилгатай хүмүүс нь ургийн бичгээ хөтлөөд зарим нь хөтлөхгүй байгаа. Юун ургийн бичиг хөтлөх, өнөө маргаашийн хоолныхоо төлөө зүтгэж байгаа олон айл байгаа учраас үүнийг нь төрөөс хийхгүй бол болохгүй байна.

Д.Сарангэрэл: Сүүлийн жилүүдэд Аутизмтай хүүхэд төрөх боллоо

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Одоо бид хүний тухай ярих цаг болсон. Монгол хүний эрүүл саруул байх тухай асуудал маш чухал. Сүүлийн үед дэлхий дахины анагаах ухаанд АDHD эмгэгийн талаар их ярих боллоо. Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж нэрлэгдэх энэхүү эмгэгийн тохиолдол сүүлийн үед олширсон. Энэ нь цус ойртолттой шууд холбогдоно гэж бодож байна. Энэ эмгэг яагаад олшров. Яагаад энэ талаар манай анагаах ухаанд яригдахгүй байна вэ? Мөн Дауны синдром, аутизмын асуудал ихээр яригдаж байна. Олон улсын судалгааны материалуудад аутизмын шалтгааныг үр тогтох үеийн насжилттай холбоотой гэдгээс өөр мэдээлэл би олж хараагүй. Манай улсад сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүд төрөх боллоо.

Э.Энхмаа: Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна

Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Хүн ам дахь цус ойртолтын түвшин 25 жилийн үечлэлээр зузаарсаар оргил үедээ хүрэхэд үр дагавар нь төрөл бүрийн байдлаар илэрдэг. Энэ нь манай хүн амд бодитой илэрч байна. Давжаараад байна гэж бас ярьж байгаа. Дэлхий даяар 6,000 гаруй удамшлын өвчин байна гэж бүртгэсэн. Үүнээс хамгийн түгээмэл нь 2,000 гаруй байна. 

Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна. Гэтэл тухайн өвчин ямар хэмжээний ачаалалтай байгаа, ямар төрлийн эмгэг аль аймагт ямар давтамжтай илэрч байгааг бид судалж чадахгүй байна. Тийм лабораторийн боломж бүрдээгүй байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог сайжруулах шаардлагатай” гэв.

“1300 гаруй сурагчид шинжилгээ хийж, сорьцыг нь Япон улс руу явуулахад зургаан хувь нь удамшлын өвчтэй байсан”

Хуульч Ц.Амарсанаа: Манай улс хамгийн багадаа таван сая хүн амтай болж байж цус ойртолт гэх аюулаас алсарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1000 хүн тутамд хамгийн ихдээ 10 хүн оюуны хомсдолтой байхыг хэвийн гэж үздэг. Гэтэл манай зарим аймагт үүнээс дөрөв дахин их байгаа нь эрсдэл ямар өндөр байгааг харуулж байна. 1300 гаруй сурагчид шинжилгээ хийж, сорьцыг нь Япон улс руу явуулахад зургаан хувь нь удамшлын өвчтэй гэсэн хариу ирсэн. Цус ойртсон гэхээр хүмүүс тэнэг, мангар, нус, шүлс нь гоожсон хүмүүс гэж ойлгоод байдаг. Гэтэл цус ойртолттой хүмүүс оюуны чадамж нь өндөр ч бие бялдар, дархлаа сул байх нь элбэг.

“Цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийвэл жилд 16 тэрбумын зардал гарна”

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Манай улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүсийн асаргаанд улсын төсвөөс жилд 15,2 тэрбум төгрөг зарцуулж буй судалгаа бий. Хэрвээ бид генетик оношилгооны лаборатори байгуулж цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийж эхэлбэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Бид халамжид зарцуулах төсвөө эрүүл монгол хүнийг бүтээхэд зарцуулж болох бүрэн боломж байгааг үүгээр харуулж байна.

Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж шаардлагатай генетикийн судалгааг хийх, генийн банк байгуулах, хадгалах, генетик оношилгооны лаборатори байгуулах асуудлыг шийдсэнээр аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж тогтоох, тухайн шинж чанарт чиглэгдсэн оношилгоо, эмчилгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, монгол хүний биемахбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбарын эхлэл тавигдаж, генетикийн шинжлэх ухааны хөгжлийн суурь тавигдах онцгой ач холбогдолтой юм.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд